Пак Чан Вукийн "No Other Choice" Испанийн Sitges наадмын "Шилдэг найруулагч"-ийн шагналыг хүртжээ

Солонгосын нэрт найруулагч Пак Чан Вукийн найруулсан “No Other Choice” кино нь Испанийн Sitges кино наадмаас “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн талаар тус киноны дотоодын дистрибьютер компаниас мэдээлжээ.
Энэхүү Sitges наадам 1968 оноос хойш уламжлал болгон зохиогдож ирсэн бөгөөд энэ жил 58 дахь удаагаа болсон юм. Пак Чан Вук өмнө нь уг наадамд хэд хэдэн удаа нэрээ гаргаж байсан бөгөөд 2004 онд “Oldboy” киногоороо “Шилдэг кино” шагнал, 2017 онд “The Handmaiden” киногоор “Үзэгчдийн гран при” шагналыг хүртэж байсан билээ.
Америкийн зохиолч Дональд Э.Уэстлейкийн 1997 оны шог маягийн триллер романд тулгуурласан уг кино нь олон жил ажилласан ажлаасаа халагдсаны дараа гэр бүлээ авч үлдэхийн төлөө тэмцэж буй хоёр хүүхэдтэй эцэг Ман Сү-гийн түүхийг өгүүлдэг.
Sitges наадмаас авсан энэ шагнал нь “No Other Choice” киноны олон улсын амжилтын сүүлийнх нь болж байна. Уг бүтээл өнгөрсөн сард Торонто олон улсын кино наадамд “Олон нийтийн шилдэг бүтээл” шагнал хүртэж, мөн энэ жилийн Венецийн олон улсын кино наадамд “Алтан арслан” шагналд өрсөлдсөн. Түүнчлэн ирэх Академийн шагналд “Шилдэг гадаад хэл дээрх уран сайхны кино” номинацид БНСУ-ын албан ёсны нэр дэвшигчээр бүртгэгдсэн юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.