УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүүрсний хулгайтай тэмцэх ЗГ-ын тусгай ажлын хэсэг Д.Амарбаясгалангаас гадна "Эрдэнэс Монгол" ХХК ба түүний охин компаниуд руу чиглэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.10.29/ нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг гэгчийг байгуулж байгаагаа зарлалаа.

Тусгай ажлын хэсэгт: ТЕГ, АТГ, ЦЕГ, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар,  Татварын ерөнхий газар гэхчлэн байгууллагуудаас оруулжээ.

Эл өргөн бүрэлдэхүүнтэй баг бүх нүүрсний уурхайтай холбоотой асуудлыг шалгах аж. Тодруулбал, "Эрдэнэс Монгол" ХХК болон түүний харьяа төрийн өмчит уул уурхайн компаниудыг шалгах юм байна.

Өмнө нь Г.Занданшатарын Засгийн газрыг нүүрсний хулгайтай тэмцэнэ, стартегийн орд буюу баялаг эзэмшигчидтэй тохироо хийж улсад 34-50 хувиа авч ирнэ гэдэгт төдийлөн итгэл төрөхгүй байв. Учир нь, түүний танхимд нүүрсний магнат Ч.Чинбатын охин Ч.Ундрам, үүсмэл гурван ордын нэгнийх нь эзний ах Э.Бат-Амгалан нараас эхлээд багтчихсан.

Тэгвэл өдгөө шинээр байгуулсан тусгай ажлын албаны шалгалтад ХЭН, ХЭН өртөх вэ. Нүүрстэй нэр холбогдогчид ХЭН билээ гэдгээс эхлээд эрээд үзье л дээ.


Эхнийх нь, мэдээж УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан. Түүнийг ухаж, мухарлах гэж Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар тавив. Нүүрсний хулгайн сонсгол удирдаж байсан хүн гэдэг том пайз түүнд зүүлттэй.

Д.Амарбаясгалан Тавантолгойн бүлэг орд дахь Бортээгийн уурхайтай нэр холбогдоод чамгүй хугацаа өнгөрч байна. Тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарласан. Улмаар Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу эрхийг “Админерал” компанид хууль бусаар олгосон. Энэ тухай баримт 2023 оны 12-р сард нүүрсний сонсголын үеэр ил болсон. Гэхчлэн бичигдсэн. Хуулийнхан хуруугаа ч хөдөлгөөгүй. Дараа нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны IV сард "Эрдэнэс Тавантолгой" ХХК "Админерал" зэрэг компаниудтай 2021 онд байгуулсан хөрс хуулалт болон өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт баяжуулалтын гэрээг хүчингүй болгосноо зарлаж байв. Өдгөө Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн хамт Бортээгийг олборлох тогтоол оруулж ирсэн нь анхаарал татах өнцөг.

Хоёр дахь нь, "Бодь" групптэй хийсэн Х.Баттулга нарын оффтейк гэрээнүүдийг Л.Оюун-Эрдэнэ ил болгосон. Г.Занданшатар саяхан бүтнээр нь нээлттэй болголоо гэж зарласан. Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээ хамгийн их анхаарал татаж, өч төчнөөн нүүрсний бартер энд яригддаг.

Мөн БНХАУ-ын компаниудтай хийсэн оффтейк гэрээнүүд бий.

Гуравт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харьяа уул уурхайн компаниудыг шалгах аж.

Тус нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Үндэсний Баялгийн сан”-г мөнгөжүүлж буй. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед 14 мега төслийн долоог нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байв. 2025 онд жишээ нь нэг тэрбум ам.доллар босгох зорилт тавьсан байдаг. Энэ хэсэг рүү өнгийх үү гэх асуулт үүсэв.

Тус нэгдэл нь дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудтай хамтарч ажилладаг. “Рио Тинто”, Францын “Арева”, Хятадын цахилгаан дамжуулах томоохон шугамуудыг эзэмшдэг төрийн өмчийн хамгийн том “Стэйт Грийд” компани, ОХУ-ын “Газпром” гэхчлэн. Дан ганц нүүрс гэлтгүй алт, зэс, мөнгө, төмөр хүдэр, газрын ховор элемент, байгалийн хий, метан гэх мэт эрдсийн төрөлжилт. Оролцогчид нь мөн л дэлхийн компаниуд. Гэхдээ манайд өнөөдрийн байдлаар алт цэвэршүүлэх, нефть боловсруулах, зэс хайлуулах, ган үйлдвэрлэх, нүүрс шингэрүүлэх, уран, мөнгө олборлох гэхчлэн олон төсөл царцсан хэвээр.

Статегийн болон стратегийн бус нүүрсний ордуудад манай улс төрчид холбогддог. Х.Баттулга “Төгрөг нуурын орд, Нарийнсухайтын орд Н.Номтойбаярын гэр бүл, нэмээд Ч.Ундрамын аав Ч.Чинбат, “Адуунчулуун”-ы орд Шинэбаяр агсны хүү УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн гэхчлэн хөвөрнө. Эдгээр лүү бас орох уу.

Ерөнхий сайд Г.Занданшатарын Тусгай ажлын хэсэг гэгч нь сайн шалгаж чадвал энд MCS-ийн эзэмшлийн "Ухаа худаг" ч энд бас багтана. Тавантолгойн бүлэг ордын ердөө дөрөвхөн хувь нь гэх боловч хамгийн их өрөмтэй нь гэгддэг.

Өмнө нь ХЗДХ-ийн сайд болохдоо “Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хулгайч нартай тэмцэх тэмцлийн илд нь болно” гэж мэдэгдэж байсан Б.Энхбаяр энэ удаад "Г.Занданшатарын Засгийн газрын нүүрсний хулгайч нарын ангууч" болж чадах уу. Харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажнай, Тавантолгой трансруу хандахгүй юү ?!

Зочин
Зочин

ХУДЛАА КИНО ШҮҮ ИНГЭЖ СҮРЖИГНЭЭД АРД ТҮМНИЙХЭЭ ШИЗОГ ХӨДӨЛГӨӨД ЯМАР ХЭРЭГ БАЙНА ҮС НЬ ЗУЛГАРСАН АЛНУУДАА

Үхэрчүүдээ
Үхэрчүүдээ

Шоол худлаа баахан жүжиглэх нь ээ, хохь нь дээ та нар..

Холбоотой мэдээ

Back to top button