НийгмийнНИЙГЭМНийгэм ярилцлага

Х.Гомбобаатар: Буга агнаж явсан нүглээ наманчлахаар 10 буга нутагшуулсан

Хэнтий аймгийн Норовлин сумын IV багийн нутаг, Дэлгэрхан уулын ар. 1990-ээд оноос өмнөхөн энэ газар бугын урамдах дуу намрын уулнаа тод сонсогддог байж. Гэтэл 1991 онд Улсын тусгай зөвшөөрлөөр буга агнах отог байгуулагдаж, гадаад дотоодоос олон анчин иржээ. Тухайн үед газар сайн мэдэх хүнээр анчид зам заалгах шаардлага үүсэж Х.Гомбобаатар гуай энэ ажилд томилогдсон байна.

Тэбээр энэ тухайгаа "Тэр жил 51 буга агнасан. Дэлгэрхан уул, тэрнээс цааш буга ихтэй байсан газруудаар явсан. Хожим буга агнаж нүгэл хийж байсандаа их харамсдаг" хэмээн ярив. Одоо Х.Гомбобаатар гуай Дэлгэрхан уулнаа 10 буга, согоо нутагшуулж түүнийгээ өсгөн үржүүлэхэд анхаарч байгаа аж. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Буга тэжээдэг гэдгийг таны цахим хуудаснаа оруулсан бичлэгүүдээс харж мэдлээ. Бугатай хэрхэн холбогдсон талаар ярилцлага эхэлье гэж бодлоо?

-Манай нутагт Дамдингомбын Батмөнх гэдэг өвгөн байсан юм. Тэдний өвөг дээдэс Дэлгэрхан уулыг тахиж шүтдэг байсан. Дэлгэрхан уул буга ихтэй. 1990-ээд оны эхээр бугын эвэр, арьс түүхий эдийг ихээр авдаг байсан болохоор буга их ховордсон. Тиймээс Д.Батмөнх агсны хүүхдүүд болох Б.Батхуяг, Б.Батзориг, Б.Батбаяр нар Хустайн нуруунаас 10 бугын илийг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч нутагшуулсан. Тэгээд намайг маллаад өсгөөд өгөөч гэсэн. Би ч дуртай зөвшөөрсөн.

-Таныг залуу насандаа буга агнах ажилд оролцож явсан гэж сонссон?

-Тэр үнэн. 1991 онд манай аймгийн таван суманд буга агнах отог байгуулагдаж, гадаадаас олон анчид ирж, буга агнаж байсан. Тэр үед газарчингаар "нутаг усаа сайн мэдэх учир чи тийшээ яв" гэж сумын захиргаанаас даалгавар өгсөн юм. Тэгээд тэр жил 51 буга агнасан. Дэлгэрхан уул, түүнээс цаашлаад буга ихтэй газруудаар явж агнаж байсан. Тэр үед би төр засгийн даалгавраар отгийн багтай хамт явж буга агнаж нүгэл хийж байсандаа их харамсдаг. Тэгээд хүүхдүүдийн нутагшуулах гэж байсан бугыг угжин тэжээж эхэлсэн. Буга агнаж явсан нүглээ наманчлах боломж олдсон болохоор тэр шүү дээ.

-Ямар сүүгээр хэрхэн тэжээдэг байв?

-Эхлээд 500 грамм үхрийн сүү уудаг байсан. Дараа нь 10 гаруй хоноод нэг литр, түүний дараагаар нэг литр 500 грамм гэх мэтээр өглөө оройд уудаг болсон. Сүүлдээ дасаад бэлчээрт явахгүй өвс ногоо идэхгүй болохоор нь би өөрөө дагуулаад хээрээр идээшүүлдэг байсан. Уул хадаар чоно нохой элбэг учир дагаж их явна. Тэгж явсаар томорч гэртээ ирэхгүй болж цөөрсөөр байгаад одоо хоёр л үлдсэн байна. Явсан буганууд маань их номхон л байдаг юм шиг байна лээ. Хүүхдүүд ууланд бугатай таарсан номхон байна гэж ярьцгаадаг. Одоо эр, охин хоёр л үлдсэн. Согоо нь ирэхгүй л байна. Эр нь гүйгээд ирчихсэн.

-Таны тэжээж байсан бугууд хэзээнээс ууланд гарч явсан бэ?

-2022 онд над дээр ирж байсан санагдаж байна. Жилийн дараагаар л уулнаас ирэх нь цөөрөөд эхэлсэн. Зэрлэг амьтад учир байгальдаа жамаараа явсан нь зөв биз.

-Энэ тэнд тааралдвал та бугуудаа таних уу, Дууддаг нэр бий юу?

-Одоо танихгүй болсон. Хооронд нь ялгахын аргагүй учир "Бээмбий" гэж бүгдийг нь дууддаг байсан. Энэ нэрээр нь дуудвал ирэх л байх.


-Согоогоо хажуудаа байлгаж байгаад төллүүлэх бодолтой байна-

-Анх тань дээр 10 буга ирж байж, хэдэн нь эр хэд нь эм байв?

-7 эм үлдсэн, гурав нь эр байсан. Нөгөө буга согоо хоёроо ирэхээр нь би гэдэг хүн бөөн хөөр баяр болно шүү дээ. Ирж байгааг нь хараад нулимс унагана. Хэсэгтээ ирэхгүй удахаар нь санаа зовоод, үгүйлээд байдаг юм. Хотонд ирэхээр нь хужир долооц өгнө. Түүнийгээ тугалтай зэрэгцэж хэвтээд долоож гарна шүү дээ.

-Ер нь л танай хотонд өссөн байх. Хэдий зэрлэг амьтан ч өссөн газар эзнээ санаад ирдэг биз?

-Тэгэлгүй яах вэ. Манай гэрээс чанх хойд зүгт нарийхан гол урсдаг юм. Түүн дээр л тоглож, өсөж өндийсөн амьтад. Хойд ууландаа хад чулуутай. Хад чулуугаар дэвхцээд л явдаг байсан.

-Зуншлага тааруу, өвөл хүнд болсон үед өмнө нь яадаг байв. Өвөл хүнд жил ууланд сүрэгтэй нийлсэн бугадаа  мэдээж санаа зовдог байх?

-Ер нь манай нутагт өвс тааруу жил байдаггүй. Зун сайхан болсон жилийн өвөл бол хэвтэж байгаа үхэр харагддаггүй нутаг. Бугууд маань над дээр ирсэн анхны жилээ хадлан тэжээлтэйгээ ирсэн. Хивэг тэжээлийг нь жаахан давс хужиртай зуураад өгвөл дуртай иднэ. Өмнө жил хойд ууланд өвс асгаж өгссөн. Зэрлэг амьтад учир хашаанд тогтохгүй. Тийм болохоор хашиж байгаад өвс өгөх боломжгүй учир ууланд өвс хаяж дөхүүлж байгаа царайтай юм.

-Бугын үржлийн үе намрын улирал байдаг. Тэр үедээ урамддаг гэж сонссон?

-Согоо маань тэр үеэрээ л явсан. Одоо болтол ирээгүй л байна. Буга маань өдөр ирчхээд шөнө яваад өгнө. Гадаа хотон дотор бол хонохгүй. Дараа өдөр нь л уулнаас хүрээд ирнэ. Миний охин /согоогоо хэлж буй/ удахгүй ирэх байх. Ирэхээр нь явуулахгүй байх арга хэмжээ авна гэж бодоод байгаа. Хажуудаа байлгаж байгаад хавар төллүүлэх бодолтой байна. Хашаанд хийгээд нэмэргүй, үсрээд л гараад явчихна. Тиймээс хужир тэжээлээр л аргалах санаатай /инээв/.


-Хүүхдүүдээс минь ялгаагүй амьтад учир ирэхээр нь хоолой зангирдаг-

-Буга зэрлэг амьтан учир адгуулж маллахад таван хошуу малаас илүү хүндрэлтэй байна байх?

-Багадаа бол ялгаагүй, таван хошуу малтай адил. Томорсон хойно бол тийм санаа бий. Тавьж өгсөн өвс идчихээд л яваад өгнө. Ихэвчлэн уулын оройгоор л байх дуртай амьтан. Малын бууц хэвтэр их халуун байдаг юм шиг. Гадаа ирэхээрээ гэрийн арын цас, хүйтэн салхитай газраар хэвтэнэ. Нөмөр нөөлөг бараадаад байдаггүй.

-Танай нутгаар 1990 онтой харьцуулахад бугын тоо эрс өссөн байх. Та өглөө оройдоо дуран тавьж байна уу?

- 1990-ээд оныг бодвол бугын урамдах дуу сонсогддог болсон. Энэ тэнд таарах нь элбэг. Яг тэд бий гэж тоо хэлэх боломжгүй байна. Байгалийн жамаараа үхэж үрэгдээд, өсөөд л явж байгаа.

-1990 оныг бодвол агнах асуудал байхгүй болсон байх?

-Агнах асуудал бол байхгүй болсон. Гэхдээ хууль бусаар нууцаар агнаж байгаа эсэхийг сайн мэдэхгүй юм. “Миний хэдэн борыг битгий оролдоорой, номхон амьтад шүү” гэж энэ хавиар явдаг хүмүүст их захиж хэлдэг.

-Үр хүүхдээс тань ялгаагүй болж дээ янз нь?

-Хэдэн бор хүүхдээс минь ялгаагүй л амьтад. Ямар сайндаа ирэхээр нь баярлаад л хоолой зангирч байхав.

-Ахмад хүний хувьд хойч үедээ захиж үг хэлбэл?

-Ер нь бид эртнээс ан амьтан агнаж ирсэн түүхтэй улс. Гэхдээ өвөг дээдэс маань агнаж болохгүй ан амьтан байдаг гэдгийг сануулж ирсэн. Залуу насандаа төр засгийн даалгавраар буруу алдаатай үйл хийсэн. Тэр муу үйлээ засахын тулд энэ хэдэн амьтныг тэжээж сэтгэлээ дэвтээж явна. Тиймээс миний алдааг бүү давтаарай. Хойч үе маань ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлаарай гэж хэлмээр байна.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БУЯН НЬ ДЭЛГЭРЭГЭЭ БУГА САЙХАН ӨСӨӨСЭЙ

Зөвөө
Зөвөө

Агнасан ангийнхаа тоогоор нутагшуулах хэрэгтэй. Бас чононууд???

Холбоотой мэдээ

Back to top button