НИЙГЭМНийгэм мэдээ

Ховдод арван жил сүү зарж буй Ч.Дуламсүрэн: Би зарахаа больчихвол үйлчлүүлэгчид маань хэцүүднэ

Ховд аймгийн Ховд хотод өглөө бүр байрныхаа гадаа шинэ сүү тарагтай сууж байдаг түүнийг Ч.Дуламсүрэн гэдэг. Тэрбээр сүүлийн 10 жил охиныхоо ажиллуулдаг дэлгүүрийн гадаа сууж, тараг сүү зардаг ажлаа хийж байна. Ч.Дуламсүрэн зургаан хүүхэдтэй, насаараа мал дагасан нэгэн. Түүнийг нас өндөр гарсан учир хүүхдүүд нь хот суурин газар бараадуулж дэргэдээ авчээ. Насаараа малын зах дагасан хоёр хөгшин суурин газар зүгээр сууж чадалгүй сүү, тараг зарах болжээ.

-Таныг жилийн дөрвөн улирал сүү таргаа зардаг гэж сонссон. Хэдэн жил энэ ажлаа хийж байна вэ?

-Сүүлийн 10 жилийн турш энэ ажлаа хийж байна. Өвгөн бид хоёр насаараа мал дагасан. Хүүхдүүд "нас дээр гарлаа" гээд суурин газар бараадуулж, дэргэдээ авсан юм. Хөдөө байсан хүмүүс чинь ямар зүгээр сууж чадах биш, сүү тараг зардаг ажилтай болсон. Заримдаа гэрээрээ зарна. Ихэвчлэн охиныхоо дэлгүүрийн үүдэнд сууж зардаг юм. Өвөл зун гэхгүй л дөрвөн улирал сууна. 10 жил энэ ажлаа хийсэн учир даарах зэргийг бол тоохоо больсон.

-Сүүгээ хаанаас авч байна. Юуны сүү вэ, сүүнээс өөр тараг зардаг гэсэн?

-Сүүгээ хөдөөгийн айлуудаас авдаг. Тогтмол авдаг, гэрээ хийсэн хэдэн айл бий. Тэднээс түүхий сүү ирэхээр нь хөөрүүлээд тараг болгодог юм. Түүхий сүү, хөөрүүлсэн сүү, тараг гэсэн гурван төрлийн цагаан идээ зарж байна. Зун бол ямааны сүү их ирнэ. Өвлийн улирал ямаа саадаггүй учир үхрийн сүүгээ зарна.

-10 жил энэ ажлаа хийсэн учир байнгын худалдан авагч ихтэй болсон байх. Өдөрт дунджаар хэдэн литр сүү зарж байна?

-Байнга үйлчлүүлж сүү авдаг хүмүүс зөндөө бий. Ойр хавийн хүмүүстэй хэзээний танилууд болсон. Өдөрт дунджаар гэвэл 48 орчим литр сүү зардаг байх. Гэхдээ тухайн өдрөөс шалтгаалж өөр өөр байдаг. Ихэвчлэн өвлийн улиралд хүмүүс сүү тараг авах нь элбэг. Арай хомсдоод ирдэг болохоор тэгдэг байх л даа.

-Хүүхдүүд тань биеэ бод, энэ ажлаа боль гэж хориглодог уу?

-Заримдаа "хүйтэн өдрүүдэд гадаа сууж яах гэсэн юм бэ?" гэх мэтээр зэмлэнэ. Намайг энэ ажилдаа дуртай гэдгийг мэддэг болохоор шууд хориглоод байдаггүй. Би сүүгээ зарахаа болчихвол байнгын үйлчлүүлэгчид маань хэцүүдэх байх. Тиймээс энэ ажлаа чадах хүртлээ л хийнэ гэж боддог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөдөлмөрч хүн сайхан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button