Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленскийн ойрын хүн нэр холбогдсон авлигын дуулиант хэргийн улмаас хоёр сайд огцров

ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд эрчимтэй цохилт өгч байгаа. Өвөл ойртож байгаа энэ үед улс орон даяар цахилгаан эрчим хүч тасалдах асуудлууд гарч буй. Ийм нөхцөл байдалд төрийн өмчит цөмийн эрчим хүчний компанитай холбоотой 100 сая ам.долларын авлигын хэрэг илэрсэн юм. Энэ хэрэгт өндөр албан тушаалтнууд холбогдож, олон нийтийн анхаарлыг татжээ.

Эрчим хүчний салбарын авлигын хэрэг дайн эхлэлээс хойш Украинд тохиосон хамгийн том улс төрийн хямралуудын нэг болж байна. Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ойр хүн тус хэрэгт холбогдсон гэж хэвлэлүүд мэдээлсэн нь хямралыг дордуулсан.

Украины Үндэсний авлигын эсрэг байгууллага (NABU) 15 сарын турш мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсны эцэст тус хэргийг олон нийтэд мэдээлсэн юм. Энэ зун Зеленский Украины авлигын эсрэг хоёр байгууллагын эрх мэдлийг хязгаарлах гэсэн хуулийн төсөл баталсан нь томоохон эсэргүүцлийн жагсаалд хүргэсэн. Мөн Европын холбооны түншүүд нь тус хуулиа тайлбарлахыг шаардсан тул Зеленский хуулийн хүчингүй болгосон билээ.

“NABU” чагнах төхөөрөмжөөр олон зуун цагийн яриа бичиж авч бусад байдлаар хэргийг шалгасны эцэст таван хүнийг баривчилжээ.

ОХУ эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч Украин Европоос санхүүжилт авахын төлөө ажиллаж байгаа. Өвөл ойртон эрчим хүчний хомсдол даамжрахын зэрэгцээ Украины хүчин фронт дээр бага багаар урах болсон. Дайн дөрөв дэх жилдээ орж Украины хувьд нөхцөл байдал илүү хүндэрлээ. Өөрөөр хэлбэл энэ авлигын хэрэг нөхцөл байдал их хүнд үед гарч ирж байгаа юм.

Украин тусгаар тогтнолоо зарласан цагаасаа хойш авлигын том асуудалтай байж ирсэн. Зеленский авлигатай тэмцэх амлалтаар сонгогдсон. 2023 онд Батлан хамгаалах салбарын худалдан авалтын дуулиан гарч, Батлан хамгаалахын сайд Олексий Резников огцорсон.

Зеленскийн намын гишүүн Олександр Мережко “Энэ хэргийг нийгмийн эв нэгдэл, тогтвортой байдлыг сулруулахад ашиглана. Гаднаас бол дайснууд Украинд үзүүлж буй тусламжийг зогсоох шалтаг гэх болно. ОХУ манай эрчим хүчний сүлжээг сүйтгэж байна. Өндөр албан тушаалтай хүн дайны үеэр мөнгө завшсан нь Европ, Америкийн түншүүдийн нүдэнд маш муухай харагдаж байгаа” гэж хэлжээ

Гол сайд нар огцров

Дуулиант хэрэг олон нийтэд ил болсны дараа Зеленский Хууль зүйн сайд Герман Галущенко, Эрчим хүчний сайд Светлана Гринчукийг огцруулахыг шаардсан.

Украины Ерөнхий сайд Юлия Свириденко тэднийг өргөдлөө өгсөн гэж мэдээлжээ. Свириденко мөн Зеленскийн ойрын хүн болох Тимур Миндич, бизнес эрхлэг Александр Цукерманд хориг тавих санал дэвшүүлжээ.

Зеленски шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ “Бусад зүйлсээс илүүтэйгээр энэ одоо итгэлцлийн асуудал болсон” гэсэн байна

Зүүн: Хууль зүйн сайд Герман Галущенко, баруун: Эрчим хүчний сайд Светлана Гринчук

Тэр ингэж хэлсэн нь хамгийн өндөр түвшний албан тушаалтнууд хэргийн талаар мэдэж байсан уу гэсэн асуултыг гарган ирэв. Дайны улмаас ерөнхийлөгчийн албанд төрийн эрх мэдэл төвлөрсөн байгаа.

“NABU”-гийн бичиж авсан яриа дээр гарч буй “Карлсон” хочтой хүн нь Миндич гэж албаныхан сэжиглэж буй. Тэрбээр Зеленскийн “Квартал 95” студийн хамтран эзэмшдэг. Мөн Зеленский захиргаа дор Миндич олон салбарт нөлөөтэй болсон. Түүний нөлөө бүхий салбаруудын нэг нь дроны үйлдвэрлэл юм.

“Fire Point” гэх дрон үйлдвэрлэгч компанитай Миндич холбоотой эсэхийг “NABU” шалгажээ. Тус компани төрийн тендер олон удаа ялж, зэвсгийнхээ үнийг засгийн газарт буруу мэдээлсэн байж болзошгүй байна.

Мережко “Зеленский Миндичээс аль эрт зайгаа барьсан бололтой. Дуулиан дэгдсэн ч түүнийг хамгаалаагүй. Гэхдээ Зеленскийн ойрын хүн ашиг орлого буруу замаар олох явдалд уруу татагдсан байхыг үгүйсгэхгүй” гэжээ.

Украины эрэн сурвалжлах сэтгүүлч Юрий Николов “Гол асуудал нь Миндичтэй холбоотой гэж үздэг компани өрсөлдөлгүйгээр төрийн тендер авч буй явдал. Миндич Украины захиргаанд хувийн харилцаатай холбоотой” гэсэн байна.

Галущенко хууль зүйн яамны сайдаасаа буусны дараа сошиал хуудас дээрээ мэдэгдэл хийхдээ шүүх дээр өөрийгөө хамгаална гэжээ. Тэр “Хэргийг шалгаж байх дуусах хугацаанд ажлаа хүлээлгэн өгөх нь зөв алхам гэж бодож байна. Би хууль ёсны хүрээнд өөрийгөө хамгаална” хэмээсэн юм.

Тэрбээр 2021 он хүртэл эрчим хүчний сайдаар ажиллаж тэр жилийн долоодугаар сард хууль зүйн сайд сайд болсон. Одоогоор түүний эсрэг хэрэг үүсгээгүй байнаа. Мережко “Энэ дуулианы эерэг талыг харвал бид бие даасан, үр дүнтэй ажилладаг авлигын эсрэг байгууллагатай болсныг харууллаа. Хэн ч хуулиас дээгүүр биш” гэж хэлжээ.

Шинжээч Олег Саакян хэлснээр энэ авлигын схем сая, олон сая ам.доллароор хэмжигдэх мөнгөний урсгалтай байсан аж. Гэхдээ бүрэн цар хүрээ нь одоо болтол тодорхойгүй. Энэ нь Украины түүхэн дэх хамгийн том авлигын хэрэг биш. Гэхдээ дайны үед болж, засгийн газрын гол албан тушаалтнууд оролцсон гэдгээрээ хүнд хэрэг юм.

Европ ямар хариу үйлдэл үзүүлэв

Барууны түншүүд нь Украины эрчим хүчний салбарт их хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Тиймээс Европын орнууд энэхүү дуулиант хэрэгт ихээхэн санаа зовж байгаа юм.

Герман канцлер Фридрих Мерцийн хэвлэлийн төлөөлөгч Штефан Корнелиус энэ хэрэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Учир нь Украины эрчим хүчний салбар Германаас их дэмжлэг авдаг.

Корнелиус Европын Комиссын өнгөрсөн долоо хоногийн тайланг дурдаж, Украин авлигатай тэмцэх ажлаа үргэлжлүүлэх ёстой гэсэн юм. Тэрбээр “Бид энэ хэргийг анхааралтай ажиглана. Хэрэв шаардлагатай бол дараагийн арга хэмжээ авна. Украин засгийн газар энэ хэргийг шийднэ гэдэгт бид итгэлтэй байна. Мөн авлигын эсрэг байгууллага үнэнийг ил тод болгоно гэж итгэж байна” хэмээжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene z##lj songuulia hiih boljee

Зочин
Зочин

ДОТРООСОО ӨТӨЖ ЭХЭЛЛЭЭ ЖҮЖИГЧИН БАЛАРЛАА ОДОО ДАЙНАА ДУУСГААД ОРОСЫН НЭГ МУЖ БОЛООД ӨГӨӨЧЭЭ ЯАСАН ЗОВЛОНТОЙ ХҮҮР ВЭ ЧИ ЕВРОПЫН УЛСУУД АНУ ЧАМД САЛААВЧ ӨГЧИХЛӨӨ

Змапочин
Змапочин

Naby манайхаар атг тэнгэр газар шиг ялгаатай атг д хулгайчийн тавиулууд ажилладаг

Холбоотой мэдээ

Back to top button