Гадаад мэдээДЭЛХИЙ

Гаднын орнууд түүхэн удирдагчдаа хэрхэн бахархаж, тэмдэглэдэг вэ

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 ой буюу “Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан зарлигаар Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэх болсон. Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морь жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн гэж Монголын Шинжлэх ухааны Академи тогтоосон байдаг. Тэрхүү өдөр нь энэ жил өнөөдөр /2025.11.21/ тохиож буй.

Гаднын орнууд ч мөн адил түүхэн ач холбогдолтой удирдагчаа санан дурсаж тэмдэглэдэг өдрүүдтэй байдаг. Тэдгээр орнуудыг харцгаая.

Унгар Гэгээн Иштваны өдөр

Унгар улс жил бүрийн наймдугаар сарын 20-нд Гэгээн Иштванны өдрийг тэмдэглэж бүх нийтээрээ амардаг. Энэ өдрийг Үндэсний өдөр, Үндсэн хуулийн өдөр гэж ч нэрлэдэг байна. Мөн тус баярыг Шинэ талхны өдөр гэж нэрлэх нь бий. Учир нь ургац хураах үе эхэлснийг бэлгэдэж энэ өдөр шинэ талх барьдаг уламжлалтай.

Гэгээн Иштван бол Унгарын анхны хаан. Тэрбээр Унгар үндэстнийг Христийн шашинд оруулж, төр улсаа үндэслэсэн хүн юм. 955 онд болсон томоохон байлдаанд Унгарын овог аймгууд ялагдал хүлээсний дараа удирдагчид нь нүүдэлчин амьдралын хэв маягаа орхихоор шийдсэн. Тухайн үед угсаа залгамжилсан ханүү байсан Иштван Унгарын төрт улсыг бэхжүүлэх гол арга нь христийн шашин гэж үзсэн юм.

Гэгээн Иштваны хөшөө, зургийн эх сурвалж: Hungary Today

Иштваныг Ромын Пап лам II Сильвестр 1000 оны Зул сарын өдөр Унгарын анхны хаанаар өргөмжилжээ. Тэрбээр 1038 оны наймдугаар сарын 15-нд таалал төгсөх хүртлээ улс орноо захирсан байна.

Түүнийг 1083 оны наймдугаар сарын 20-нд гэгээнтнээр нэхэн өргөмжилсөн юм. Гэгээнтнээр өргөмжлөх ёслолын үеэр түүний шарилыг ухан гаргаж ирэхэд баруун гар нь огт муудаагүй байсан гэдэг. Ийм учир түүний баруун гарыг занданшуулж Будапештийн Гэгээн Иштванны базиликт хадгалсан юм.

Баярын албан ёсны арга хэмжээг парламентын ордон байрладаг Кошутын талбайд төрийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулснаар эхэлдэг юм. Түүнчлэн “Унгарын бялуу”-г зүсэх ёслол, нэр хүндтэй иргэдэд төрийн одон медаль гардуулах үйл ажиллагаа болдог.

Мөн Гэгээн Иштванны занданшуулж хадгалсан баруун гарт зориулж хүндэтгэлийн жагсаал зохион байгуулагддаг. Мөн нар жаргасны дараа сүрлэг галт наадам зохион байгуулдаг аж. 1927 оноос хойш хийж ирсэн галт наадмыг Дунай мөрний эрэг дээр олон мянган хүн цугларч үздэг байна.

Вьетнам Хунгийн хаадын сүмийн баяр

“Хунгийн хаадын сүмийн баяр” нь жил бүр билгийн тооллын гуравдугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд тохиодог. Энэхүү баяраар Вьетнамын Хон Бан гүрэн улсын үед засаглаж байсан Хун хаад болон тэдний улсдаа оруулсан хувь нэмрийг хүндэтгэн тэмдэглэдэг байна. 2007 оноос эхлэн Вьетнам “Хунгийн хаадын сүмийн баяр” үндэсний амралтын өдөр болгосон.

Баярын албан ёсны нэр нь “Хун хаадын нас барсны ой” юм. Гэхдээ энэ өдөр нь тодорхой нэг Хун хааны нас барсан өдрийг биш. Харин Вьетнам улсын үүсгэн байгуулагчид, анхны эзэн хаад болсон Хун хаадын гавьяаг дурсдаг байна.

Зургийн эх сурвалж: Vietnam Tourism

Анхны Хун хаан болох Кин Дуон Вуон нь МЭӨ 2879 онд засгийн эрхэнд гарсан. Тэрбээр одоогийн Вьетнамын хойд бүс болон БНХАУ-ын өмнөд нутгийн зарим хэсгийг хамарсан гүрнийг удирдаж байсан юм. Энэ нутгийг тухайн үед Ван Лан хэмээн нэрлэдэг байжээ. Ван Ланыг вьетнамчуудын анхны төрт улс гэж үздэг. Дуон Вуон Хон Бан байгуулж, түүний удам угсаа МЭӨ 258 он хүртэл Вьетнамыг захирчээ.

18 үе дамжин засагласан Хун хаад нутгийн иргэдэд будаа тариалах аргыг дэлгэрүүлж өгсөн байна. Вьетнамд Хун хаадын 1,400 гаруй сүм байдаг. Баярын өдөр тэдгээр сүмүүдэд нэгэн зэрэг шашны зан зүйл үйлддэг байна. Ёслолын гол арга хэмжээ нь Фу То мужийн Нгиа Лин уулан дээрх ХУн сүмд болдог юм.

Жилдээ таван сая гаруй хүн баярыг үзэхээр Фу То мужийг зорьдог байна. Ёслолын жагсаал нь Нгиа Лин уулын бэлээс эхэлж, оргил дээр дуусдаг.

Литва - Хаан Миндаугасыг төрийн тэргүүнд өргөмжилсөн өдөр

Зургийн эх сурвалж: Go Vilnius

Литвачуудын хувь хаан Миндаугасыг төрийн тэргүүнд өргөмжилсөн өдөр болох долоодугаар сарын 6-ныг жил болгон тэмдэглэдэг. Тус баярыг Улс тунхагласан өдөр гэж өөрөөр нэрлэдэг байна. Миндаугас нь Литвийн анхны хаанаас гадна тус улсын овог аймгуудыг нэгтгэсэн гүрнийг удирдсан цор ганц хаан гэгддэг.

1980-аад оны сүүлчээр түүхч Эдвардас Гудавичюс Миндаугасыг хаан ширээнд залгамжилсан өдрийг 1253 оны 7-р сарын 6-ныг гэж тооцоолсон судалгаагаа нийтэлсэн байдаг. Энэ он сар зөв эсэх дээр нь эрдэмтэд маргадаг ч 1991 оноос хойш Литвийн үндэсний баярын өдөр болгон албан ёсоор тэмдэглэж ирсэн юм.

Миндаугас 1240 онд Литвийн анхны бие даасан улсыг байгуулсан. Литвийг гаднын дайралтаас хамгаалахын тулд тэрээр Зүүн өмнөд Балтын бүс нутагт амьдардаг байсан Тевтоны хүлэгт баатруудаас тусламж эрж байсан аж. Миндаугас тэдний дэмжлэг талархаж 1251 онд Католик шашинтай болжээ.

Түүнийг хаан сэнтийд залсан баяраар литвачууд орон нутгийн цагаар 21:00 минутад төрийн дууллаа дуулдаг юм.2003 онд литвачууд түүний хаан ширээнд өргөмжилсөн 750 жилийн ойг тэмдэглэн, дуурь, ардын хөгжмийн тоглолт, бүжгийн наадам, парад, баяр ёслол зэрэг өргөн хүрээний соёлын үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Office Holidays

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yag chingis gej baisan uu

Холбоотой мэдээ

Back to top button