
Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байгаа аж. Яаралтайгаар ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ.
Түүнчлэн эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ. Тэрчлэн зургаан сар хүртэлх сартай нярай хүндрэх нь элбэг байна. Гүйлгэж, бөөлжсөн, амьсгалын дутагдалд орж хүндэрсэн тав хүртэлх насны 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм. Тэдний 11 нь ой хүрээгүй нярай хүүхэд байгаа аж.
Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус дэгдэж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 4 хувиар нэмэгдсэн төдийгүй нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчин Улаанбаатар хотод алаг цоог дэгдэлттэй, эмнэлгүүдэд ачаалал нэмэгджээ. Харин улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Хүүхдэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Мөн дур мэдэж эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг эмч нар онцгойлон анхаарууллаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.