Гадаад мэдээДЭЛХИЙ

Ханиадны үед авах арга хэмжээ: Юу үр дүнтэй вэ

Ханиадыг бүрэн эдгээх шидэт эмчилгээ гэж үгүй. Гэвч биеийн зовиурыг хурдан намдааж, дээрдүүлнэ гэх аргууд хэр үр дүнтэй вэ? Аль нь үнэхээр тустай, аль нь тусгүй болохыг эндээс мэдэж аваарай.

Зарим арга хэмжээ нь ханиадны шинж тэмдгийг хөнгөвчлөхөд тусалдаг. Ханиадны үед түгээмэл хэрэглэдэг аргууд болон тэдгээрийн талаарх мэдээллийг хүргэе.

Үр дүнтэй аргууд

Ханиад хүрсэн тохиолдолд 1-2 долоо хоног шинэ тэмдэгтэй явах магадлалтай. Энэ хугацаанд  дараах зүйлс зовиурыг намдаахад тусална.

Шингэн сайн уух: Ус, жимсний шүүс, шөл эсвэл зөгийн бал, нимбэгтэй ус уух нь цэр ховхлох, хамрын битүүрлийг арилгахад тусална. Мөн шингэний дутагдлаас сэргийлнэ. Согтууруулах ундаа, кофе, кафейнтай болон хийжүүлсэн ундаанаас татгалзаарай. Эдгээр уух зүйлс шингэний дутагдлыг улам даамжруулдаг.

Зургийн эх сурвалж: Healthline

Амрах: Хүний бие махбод эдгэрэхийн тулд амралт хэрэгтэй.

Бүлээн юм уух: Олон оронд ханиадны үед тахианы шөл, цай зэргийг хэрэглэдэг. Бүлээн шингэн юм нь салст ялгаралтыг нэмэгдүүлж, хамрын битүүрлийг онгойлгоход тус үзүүлж болно.

Зөгийн бал хэрэглэх: Зөгийн бал нь насанд хүрэгчид болон 1-ээс дээш насны хүүхдийн ханиалгыг намдаахад тустай. Бүлээн цай эсвэл нимбэгтэй усанд хийж ууна.

Агаарыг чийгшүүлэх, агаарын солилцоо явуулах: Гэрийнхээ агаарт чийгшил нэмэхийн тулд сэрүүн уурын чийгшүүлэгч ашиглаж болно. Чийглэг агаар нь хамар битүүрэхийг багасгадаг. Төхөөрөмжийн усыг өдөр бүр сольж, зааврын дагуу цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн агаарын бохирдол багатай үед цонхоо онгойлгож агаарын солилцоо хийх нь зөв.

Хоолойн өвдөлтийг намдаахад

Хэрэв хоолой тань өвдөж байвал давстай усаар зайлах нь хэсэг хугацаанд өвдөлтийг намдаана. 250 мл бүлээн усанд цайны халбаганы тал эсвэл 1/4-ээр  давс хийж уусгаад хоолойгоо зайлаарай. Зургаагаас доош насны хүүхдүүд хоолойгоо зайлж чаддаггүйг анхаарах хэрэгтэй.

Зургийн эх сурвалж: BR General

Мөн хоолойны цацлага, хүлхдэг эм хэрэглэж болно. Харин хүүхдэд хүлхдэг эм өгөхөд хахах эрсдэлтэй тул болгоомжтой байгаарай. Зургаагаас доош насны хүүхдэд хүлхдэг эм өгч болохгүй.

Насанд хүрэгчид парацетамол, ибупрофен эсвэл аспирин ууж болно. Харин хүүхэд, өсвөр насныханд аспирин өгч болохгүй. Аспирин нь томуу, салхин цэцэг туссан хүүхэд, өсвөр насныханд Рейн хам шинж хэмээх амь насанд аюултай ховор өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг. Халуурах, өвдөх үед хүүхдэд зориулсан жоргүй олгох эмүүдийг (Парацетамол эсвэл ибупрофен) сонгоорой. Эдгээр нь аспиринаас илүү аюулгүй сонголт.

Хамрын битүүрлийг намдаахад

Эмчийн жоргүй олгодог давсны уусмалтай дусаалга болон цацлага нь хамар битүүрэхийг багасгахад тустай.

Нялх хүүхдийн хамрын нэг нүхэнд хэдэн дусал давсны уусмал дусаагаад, зориулалтын соруулаар зөөлөн соруулж авахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ингэхдээ соруулаа эхлээд шахаж, үзүүрийг нь хамрын нүхэнд 6-12 мм орчим гүн хийгээд, шахсан хэсгээ аажмаар суллан соруулж авна. Том хүүхдүүдэд давсны уусмалтай цацлага хэрэглэж болно.

Ханиалгыг намдаахад

Насанд хүрэгчид болон таваас дээш насны хүүхдэд жоргүй олгодог хамрын битүүрэл арилгах, харшлын эсрэг эмүүд зарим шинж тэмдгийг багасгахад тус болно. Гэхдээ эдгээр нь ханиадаас урьдчилан сэргийлэхгүй, эдгэрэх хугацааг богиносгохгүй. Мөн ихэнх нь гаж нөлөөтэй байдаг.

Бага насны хүүхдэд эдгээр эмийг өгөхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тунг хэтрүүлэх эсвэл буруу хэрэглэх нь ноцтой гаж нөлөөнд хүргэж магадгүй. Хүүхдэд эм өгөхөөсөө өмнө заавал эмчид хандаарай.

Эмийг зөвхөн зааврын дагуу хэрэглэ. Зарим ханиадны эмүүд найрлагадаа хамар онгойлгогч болон өвчин намдаагчийг хамтад нь агуулсан байдаг. Хэрэв та дахиад тусад нь өвчин намдаах эм уувал тун ихдэх аюултай. Тиймээс ямар нэгэн эмийн тунг хэтрүүлэхгүйн тулд ханиадны эмийн зааврыг сайтар уншиж хэрэглээрэй.

Эх сурвалж: Mayo Clinic

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button