СурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хоногт 400-600 хүүхэд ирж, ачаалал хоёр дахин хэтэрчээ

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, улмаар дэгдэлт өндөр байгаа юм. Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг 14 хоногоор урагшлуулах саналыг Боловсролын яаманд хүргүүлээд буй. Тэгвэл тус өвчний тархалт ямар байгаа болон эмнэлгийн ачаалал хэр зэрэг ихэссэнийг Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төвөөс сурвалжиллаа. Биднийг очиход өдрийн 15:00 цаг болж байсан бөгөөд оочир дараалал харьцангуй бага байсан юм. Харин түүнээс нэг цагийн дараа хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг зорих иргэдийн тоо ихсэлээ.

Сүүлийн өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн яаралтай тасгийн ачаалал хоёр дахин ихэссэн байна. Тус тасаг хэвийн үед өдөрт 200-300 хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо хоногт 400-600 хүүхэд хүлээн аван эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй аж. Тэдгээрийн хүүхдийн 100 орчим нь яаралтай тусламжаар хүргэгдэн ирдэг байна. Энэ нь амьсгалын замын цочмог халдвар ихсэж буйтай шууд холбоотой юм.

Яаралтайгаар ирэх хүүхдүүдийн 50-60 хувь нь амьсгалын замын цочмог халдвараар өвдсөн байна

ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт ирж буй хүүхдүүдийн өвчлөл болон тэдгээрийн шинж тэмдгийн талаар тус тасгийн эмч Ц.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногоос эхлэн танай эмнэлгийн ачаалал хоёр дахин ихэссэн байна. Мэдээж энэ амьсгалын замын цочмог халдвар ихсэж буйтай холбоотой байх?

-Манай тасаг ачаалал бага, хэвийн үед 200-300 хүүхдэд үйлчилдэг байсан. Одоогоор ачаалал хоёр дахин нэмэгдсэн нөхцөл байдалтай байна. Сүүлийн долоо хоногт манайхыг зорих хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Энэ нь томуугийн дэгдэлт ихсэж буйтай холбоотой. Яаралтайгаар ирж байгаа хүүхдүүдийн 50-60 хувь нь амьсгалын замын цочмог халдварын өвчний шинж тэмдэгтэй ирдэг. Өндөр халуурсан, бөөлжсөн, доошоо суулгах буюу гүйлгэсэн шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж байна.

-Тус өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн хүндрэх эрсдэл ямар байгаа вэ, танайхаас ямар эмчилгээ хийж байна?

-0-5 насны хүүхдүүд илүү их өндөр халуурах, хордлогод орох, хатгаа болж хүндрэх нь түгээмэл байна. Бид яаралтай горимоор хүүхдүүдээ үзээд, тохирсон эмчилгээг нь бичиж өгнө. Вирусийн халдвар бактерийн халдвар хавсарч өндөр халуурч байгаа учир антибиотикийн эмчилгээ үзүүлнэ.

-Ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэж байна. Хэвтэн эмчлэх орны хүрэлцээ хэр байгаа вэ?

-Томуугийн улирал эхлэхээс өмнө бид бэлтгэл ажил болох орны тоогоо нэмэгдүүлсэн. Мөн нэмэлтээр ор дэлгэсэн. Одоогоор 80 ор дэлгэсэн, цаашдаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Халдвар авсан үед илрэх түгээмэл шинж тэмдгийн тухайд, өнгөрсөн жилийн энэ үед өвчлөл ямар байсан бэ?

-Түгээмэл шинж тэмдэг гэвэл өндөр халуурах, түүнчлэн халуун буухгүй байх, халууны хоорондын зайн ойртох зэрэг шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байна. Мөн нэгээс хоёр хоногийн өмнөөс халуурч эхлээд хатгаа авах, хүндрэх тохиолдол цөөнгүй байгаа. Энэ ханиад нь өндөр халуурах шинж тэмдгээр эхэлдэг гэж ойлгож болно. Өнгөрсөн жилийн өдийд ачаалал их байсан. Гэхдээ одоогоос арай бага. Энэ жил өвчлөл өмнөх жилээс бага зэргээр их байгаа гэж ойлгож болно.

-Асран хамгаалагчид дур мэдэн хүүхдэдээ зориулалтын бус эм өгөх асуудал гардаг шүү дээ, Тийм тохиолдол хэр их гарч байна?

-Цөөн тийм тохилдол гарч байна. Эцэг эхчүүд маань эмчийн зөвшөөрөлгүй эм өгөх нь буруу. Заавал эмч үзэж байж, хүүхдэд ямар шинж тэмдэг илэрсэн зэргээс нь шалтгаалж тохирох эмчилгээг нь бичнэ. Тиймээс эцэг эхчүүд эхний ээлжинд хүүхдийнхээ халууныг хэрхэн буулгах талаар мэдлэгтэй болох шаардлагатай байна. Эмнэлэгт ирэхээс урьдаж анхан шатны арга хэмжээ буюу халуун бууруулах эм өгөх болон бусад арга хэмжээг авахыг зөвлөе. Хоёр гурван цагийн зайтай халуун бууруулах эм өгсөн хэдий ч халуун буурахгүй байгаа бол яаралтай эмнэлэгт хандана.

Энэ ханиадны эхний шинж тэмдэг нь өндөр халуурах

-Өглөө болон өдрийн цагаар ачаалал бага, оройн цагаар их байдаг байх нь?

-Өглөө болон өдрийн цагаар ачаалал бага. Харин орой цагаар буюу ажлын бус цагаар яаралтай тасагт ирэх хүүхдийн тоо нэмэгддэг. Ажлын бус цагаар хувийн эмнэлэг, амбулатори ажилладаггүй учраас манайхыг зорьдог. Тиймээс бид хүний нөөц дээрээ онцгойлон анхаарч ажиллаж байгаа.

-Энэ амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Өндөр халуурдаг энэ ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд эхний ээлжид маск зүүх хэрэгтэй. Дараагаар нь гараа угааж, хувийн ариун цэврээ сайтар сахих нь чухал байна. Мөн олон нийтийн газар болон олон хүмүүс цугласан газраар баг насны хүүхдээ шаардлагагүй бол авч явахыг зайлс хийх хэрэгтэй. Хэрэв өвчилсөн тохиолдолд асаргаа хамгийн чухал. Өндөр халуурсан бол халуунаа яаралтай буулгах, шингэн бүлээн уух зүйлсийг ердийнхөөс хоёр дахин их уулгах ёстой. Халуурах нь зогсохгүй хүүхэд унтуурах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах зүйтэй.

ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт ажил тарах цагаар буюу 17:00 цагаас хойш ачаалал эрс нэмэгддэг байна. Харин өглөөний цагаар харьцангуй бага боловч нэг цаг орчим хүлээх шаардлага гардаг аж. Харин 16:00 цаг орчимд ирсэн иргэн дөрвөн цаг гаруй оочирлох тохиолдол гарч байгаа юм. Энэ нь эмчийн хүрэлцээ дутмагаас оочир дараалал үүсэн гэж иргэд хэлж байна.

Иргэд хүүхдээ үзүүлэх гэж нэгээс дөрвөн цаг оочирлож байна

Энэ талаар иргэд ярихдаа "Өглөө 11 цагийн үед ирэхэд хүн багатай байсан. 11 цагаас хойш оочир нэлээн нэмэгдсэн. Урьд нь үзүүлсэн хүүхдийн эмчилгээ нь хийгдэж дуусахгүй байгаа учраас дараагийн хүүхэд хүлээгдээд байна л даа. Эмч нарын хүрэлцээ бага байгаа болохоор дараалал үүсэж байгаа байх. Хүүхэд үзэж байгаа нэг эмч байх шиг байна. Мөн дараагийн шат руу шилжүүлж байгаа бас нэг эмч, ерөнхийдөө хоёроос гурван эмч л ажиллаж байна. Ажлын цаг тарах тусам хүмүүс нэмэгдэж ирж байна. Өглөө эрт, хүн бага байхад ирээд нэг цаг орчим оочирлож байж үзүүлсэн. Цайны цагаар болон түүнээс хойш ирээд дөрвөн цаг гаруй оочирлож байгаа хүмүүс байх шиг байна" гэлээ.

Мөн хүүхдийн яаралтай тасгийг зорьсон хүүхдүүд ямар шинж тэмдэг илэрч буй талаах эцэг эхээс тодруулахад "Манай хүүхэд суулгах буюу гүйлгэж эхэлсэн. Хоёр гурван өдөр дараалан усан гүйлгэсэн. Түүний дараагаар шингэн дутагдаж халуурах шинж тэмдэг илэрсэн. Халуурахыг зэрэгцээ бөөлжин, суулгана. Сүүлдээ бөөлжих давтамж нь ихсээд идсэн зүйл нь ходоод дотроо тогтохоо больсон" гэсэн юм.

Иргэд анхан шатны буюу өрхийн эмнэлэгтээ эхэлж ханддаг байна. Харин өрхийн эмнэлгийн зүгээс дүүргийн эмнэлэг явах санал тавьдаг бөгөөд дүүргийн эмнэлэг хүүхдийн яаралтай тасаг руу яв гэдэг аж. Ингэж шат шатны эмнэлгийн үүд сахиж, хаалга тогшиж, явж хугацаа алдсанаар тухайн хүүхдийн ханиад хүндрэх эрсдэлд ордог аж.

Энэ тухай иргэн "Эхний ээлжид өрхийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь "дүүргийн эмнэлэг рүү яв" гэсэн. Дүүргийн эмнэлэг дээр оочирлон байж үзүүлтэл, "хүүхдийн яаралтай тусламжийн тасаг руу оч" гэсэн хариу хэлсэн. Ирсэн бас л оочиртой. Эмнэлгээс эмнэлгийн хооронд явсаар хүүхэд улам хүндрэх эрсдэлд орж байна. Эмч, эмнэлэг нь хүрэлцээтэй байдаг сан бол цаг зав, мөнгө санхүүгээрээ арай бага хохирох байсан байх" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бинзений оочер. Түлшний оочер. Эмнэлгийн оочер. Амьдралч гое бна даа

Холбоотой мэдээ

Back to top button