НИЙГЭМ

Иргэд: Тусгаар тогтнолын тулгуурыг бүтээхийн тулд ямар цаг үед, юуг туулснаа мэддэг байх хэрэгтэй

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж улс төрийн шинэ тогтолцоонд орсон. Энэ нь Монголын түүхэн дэх томоохон үйл явдлуудын нэг учир бид энэ өдөр бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тэгвэл энэхүү тэмдэглэлт өдөрт иргэд олон нийт, хүүхэд залуус хэрхэн ач холбогдол өгдөг талаар тэднээс тодрууллаа.

-Бид нар өөрсдөө түүхээ сонирхохгүй судлахгүй уншихгүй, чухалчилж бодохгүй бол бидний түүх хэнд ч юу ч биш болно-

-Улс тунхагласны баярын өдөрт хэр их ач холбогдол өгдөг вэ?

-Бага байхдаа ийм өдрүүдэд төдийлөн сайн ач холбогдол өгдөггүй байсан. Зүгээр л нэг амардаг өдөр гэх ойлголттой. Харин нас ахих тусам ямар чухал вэ гэдгийг ойлгодог болсон. Яагаад гэвэл монгол үндэстэн, монгол хүмүүсийн ондоошил, ялгаатай байдлууд дэлхий дахинд яаж, хэрхэн таниулж болох гээд бидний өөрсдийн үндэстний онцлог зүйл нь амьдралын бүх процесст асар чухал юм байна гэдгийг ойлгосон. Тиймдээ ч өнөөдөр бол бидний хувьд нэлээн чухал өдөр.

Гэхдээ бид амрах гэхээсээ илүү энэ өдөрт зориулсан тусгай арга хэмжээ, үйл ажиллагаанууд зохиож, түүндээ оролцох ёстой болов уу. Зүгээр л бүх нийтийн амралтын өдөр болгочхоор уг түүхийг нь мэдэхгүй, энгийн нэг амрах ёстой өдөр шиг ойлгогдоод байна. Уг нь бид амарсан цаг өдрөө ашиглаад илүү үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлээрээ монгол наадгайгаар тоглож, музей үзэж, түүх соёлоороо бахдаж, бахархаж өнгөрүүлэх ёстой болов уу. Харин бид нар хэлбэр талд нь ач холбогдол өгөөд байгаа учраас агуулгад нь анхаарахгүй л байх шиг байна.

-Залуу хүний хувьд үеийнхэндээ болон дүү нартаа хандаж үг хэлбэл?

-Сая "Чингис хаан"-ы музейгээ үзлээ. Бид нар өөрсдөө түүхээ сонирхохгүй судлахгүй уншихгүй, чухалчилж бодохгүй бол бидний түүх хэнд ч юу ч биш болно. Тиймээс залуу гэлтгүй бид өөрсдөө түүхээ чухалчилдаг, түүнийгээ тээж, авч үлдэх ёстой гэж бодож байна.

Бас би сүүлийн үед нэг зүйлээс их айгаад байгаа. Удахгүй ээж болох байх ээж болчхоод өөрөө түүх соёлоо мэдэхгүй бол үр хүүхдэдээ өвлүүлж, үлдээж чадахгүй юм шиг санагддаг. Цайны дээжээ өргөхөөс эхлээд манай улсад маш их соёл байдаг шүү дээ. Тэр бүхнээсээ алсраад байгаа юм шиг санагддаг. Тиймээс ийм жижигхэн өв уламжлалаа ч марталгүй илүү ойрхон байж, суралцахыг хичээж байгаа. Ээж болно гэх мэдрэмжийг мэдрэх тусам үр хүүхдэдээ өв уламжлал, түүх соёлоо үлдээх эрдэм мэдлэгтэйгээр төлөвших ёстой гэж бодогдож байна.


-Өнөөдөр бид амарч байна. Энэ өдрийн талаар юу гэж боддог вэ?

-Өв соёлоо эрхэмлэх өдөр гэж боддог. Би өөрөө үндэсний бичигт дуртай болохоор удахгүй болох тэмцээндээ оролцох гээд бэлдэж байна. Ер нь манай аав түүхийн талаар өөрийн мэддэг бүхнээ бид нарт ярих их дуртай. Байнга л эртний түүхийн талаар ярьж байдаг. Монгол бахархалын болон улс тунхагласны баярын өдрөөр амрах үедээ илүү их түүх хуучилдаг. Хуучны түүхийг сонсохоор бид энэ улсын газар нутгаа их дайнаас авч үлдсэн хүмүүс шүү дээ. Тиймдээ ч түүгээрээ их бахархаж, бахдах ёстой болов уу.

-Өнөөдөр маш гоё дээл өмссөн харагдаж байна.

-Тийм ээ. Эмээгийнхээ дээлийг өмссөн. Уг нь байнга дээл өмсмөөр санагддаг ч гэсэн хүмүүс өдөр тутамдаа төдийлөн сайн өмсдөггүй болохоор ичээд байдаг юм. Бүгд л өдөр тутамдаа дээл өмсвөл гоё байхдаа гэж их боддог.


Өнөөдөр бид яагаад бүх нийтээр амарч байна вэ?

-Анхдугаар үндсэн хуулиа баталсан өдөр. Би арван жилд байхаасаа л түүхийн хичээлдээ дуртай байсан тиймдээ ч үеийнхнийгээ болон дүү нар маань түүхээ илүү их судлаасай гэж хүсэж байна.

-Энэ өдөрт хэр зэрэг ач холбогдол өгдөг вэ?

-Амарна. Найз нөхдөөрөө уулзаад яагаад амарснаа ярина. Учир нь монгол бахархлын өдөртэй улс тунхагласны баярын өдөр нь андуурагдаад байдаг. Тиймээс л учиргүй түүх яриад суудаггүй юмаа гэхэд цухасхан яриад л өнгөрдөг.


-Монгол хүн гэдгээрээ бахархахын тулд бид нар ямар үеийг давж туулснаа эргэн санах хэрэгтэй-

-Жил бүрийн арваннэгэн сарын 26-нд улс орон даяар бүх нийтээр амардаг. Таны хувьд энэ өдөрт хэр их ач холбогдол өгдөг вэ. Мөн үеийнхээ залуучуудыг хэр зэрэг анхаардаг гэж боддог вэ?

-Миний бодлоор залуучууд энэ өдөрт нэг их ач холбогдол өгдөггүй байх аа. Харин миний хувьд монгол хүн болж төрсөндөө их бахархдаг. Тиймдээ ч аль болох гэртээ амраад, гэр бүлээрээ монгол хоол хийж иддэг ч юм уу тэгж өнгөрүүлэхийг хичээдэг.

-Доод үеийн дүү нартаа энэ өдрийн тухай тайлбарлавал?

-Залуу үеийнхэн маань түүхийн мэдлэг дутуу байдаг болов уу гэж бодож байна. Монгол хүн гэдгээрээ бахархахын тулд бид нар ямар үеийг давж туулсан талаараа эргэцүүлж, тусгаар тогтнолоо баталсан нь яагаад чухал вэ гэдгийг мэдэхгүй байгаа нь эрт үеийн түүхээ мэдэхгүй байгаатай л холбоотой. Тиймээс томчууд маань залуу үе хүүхдүүддээ түүхэнд дурлуулах, түүүхийн мэдлэг олгоход нь илүү анхаарч, сургалтын хөтөлбөрт нь гүн суулгаж өгөх хэрэгтэй болов уу.


-Өнөөдөр бүх нийтээр амарч байна. Та энэ өдөрт хэр зэрэг ач холбогдол өгдөг вэ?

-Өгөлгүй яах вэ. Бидэнд чинь бахархах олон түүх бий. Түүхээ бүдгэрүүлэлгүй баярлан тэмдэглэж, байгааг нь ихэд сайшаадаг.

-Та залуус, хүүхдүүддээ хандаж үг хэлбэл?

-Сүүлийн 70,80 жил бид дайн байлдаангүй энх тайван байлаа. Тиймээс хүмүүс бэрхшээлтэй хүнд цаг үеийг мэдэхгүй байна. Тусгаар тогтнолын тулгуурыг бүтээхийн тулд ямар цаг үед, юуг туулснаа үргэлж бодож байх хэрэгтэй шүү. Өнгөрсөн үеийн түүхийг ухамсарлаж, өнөөдрийн энэ амьдралдаа хайртай хүн болж төлөвшиж, бурууд хурц, зөвд ухамсартай ханддаг байгаарай гэж залуучууддаа захимаар байна. Ер нь бол анхдугаар үндсэн хуулиа баталсан энэ өдрийг илүү сурталчилж, залуучууддаа эх оронч үзэл суулгаасай.


-Залуу хүний хувьд улс тунхагласны баярт хэр зэрэг ач холбогдол өгдөг вэ?

-Хүмүүс олон амралтын өдөр байна гэж бухимддаг. Гэхдээ эдгээр өдрүүдэд амарснаар эцэг эхчүүд нь үр хүүхэлтэйгээ цагийг өнгөрөөж, өнгөрсөн түүхийг ярилцаж, түүхээ мэдэлцэх боломжийг өгч байна гэж ойлгодог. Тиймдээ ч амарч байгааг бол зөв гэж боддог. Тэгэхээр энэ өдөр гэр бүлээрээ амрахдаа түүхийнхээ талаар ярилцаж, илүү чанартай цагийг хамтдаа өнгөрүүлээсэй.

-Ер нь энэ өдөр амрахдаа хэрхэн юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Гэр бүлээрээ битүү шөл хийж иднэ дээ. Өнгөрсөн жил журам батлаад байсан. Гэхдээ ханиад томууны үе эхэлчихсэн болохоор журамтай журамгүй битүү шөл хийж иддэг.


-Өнөөдөр яагаад бид бүгдээрээ амарч байна вэ?

-Би 11-р ангид сурдаг. Одоо яг түүхийн хичээл дээрээ “Монгол улс тусгаар тогтносон” талаар үзэж байгаа. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан нь манай улсын түүхэнд тод үйл явдал болон хадгалагдсан. Тиймээс өнөөдөрт асар их ач холбогдол өгч байна. Харин үеийнхэндээ хандаж, түүхээ уншиж, судалдаг байгаарай гэж уриалмаар байна.


-Улс тунхагласны баярын өдөрт хэр их ач холбогдол өгдөг вэ?

-Би бол нэлээн ач холбогдол өгдөг. Аль болох чадлаараа төрийн сүлд далбаандаа хүндэтгэлтэй ханддаг. Төв талбайгаараа ордог, төрийн ордны урд хэсэгт хэд хэдэн далбаа мандуулсан байгааг харах дуртай. Харин дүү нартаа л гэж хэлэхэд, та нар эх хэлээр нь ярьж л байгаа бол энэ улсынхаа түүх, соёл, уламжлалыг хадгалж явах соёлын биет өв хүмүүс шүү. Тиймээс түүхийн хичээлээ сайн үзээрэй, судлаарай. Энэ өдрүүд бол их ач холбогдолтой өдрүүд байдаг шүү.


-Жил бүрийн арваннэгэн сарын 26-нд улс орон даяар бүх нийтээр амардаг. Таны хувьд энэ өдөрт хэр их ач холбогдол өгдөг вэ?

Улс тунхагласны баярын өдөр гэдэг шүү дээ. Манай улс өөрийн гэсэн газар нутагтай түнийгээ тунхаглаж, тусгаар болсон өдөр гэж боддог. Тиймээс энэ өдөр амарч байгаа нь зөв.


Түүхийн хичээлийн бие даалтаа “Улс тунхагласны баяр”-ын өдрөөр сонгосон. Одоо түүхээ сайн судалж, бие даалтаа хийнэ дээ. Ингэж илүү судалж, гүнзгий ухаж байж л түүхийн талаар сайн мэдлэгтэй болно гэж боддог.

-Улс тунхагласны баярын өдрийн тухай түүхээс дурдвал-

Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг Монголд бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

ЭНэ чинь улс тунхагласан баярын өдөр мөн үү. Биш шүү дээ. ЗҮгээр л бүгд найрамдах улс гэж нэрлэсэн өдөр

Холбоотой мэдээ

Back to top button