УЛС ТӨР

Г.Дамдинням шатахуун импортлогч эздүүдэд үйлчилснээр МАН-ын 2027,2028 оны сонгуулийн зардлыг босгох план хэрэгжих үү

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулганы товд ч багтаж орж ирээгүй, Засгийн газраас яаралтайгаар оруулж ирж байна гэх тодотголтой "Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл" гэсэн учир битүүлэг агуулгыг салбарын сайд Г.Дамдинням өргөн барив.

Товд байхгүй учраас УИХ дахь цөөнхийн бүлгүүд уг асуудлыг бүлгийн хурал дээрээ ч хэлэлцэж амжаагүй гэсэн үг. УИХ-ын дарга Н.Учрал хэлэлцэхээс нь өмнө яаралтайгаар оруулж ирж байгаа учраас хэлэлцээд өгөөрэй гэх мэтээр УИХ-ын даргын албан тушаалаараа уг төсөлд дэмжлэг хүсэж харагдсан.

Шатахууны үнийг зоргоор нэмж ирсэн компаниудад хариуцлага тооцох нь битгий хэл зээл олгоно

Сүүлийн хоёр сар Улаанбаатар болоод зарим аймгуудад шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө оройгүй дугаарлан урт цуваа үүсгэсэн. ШТС-ууд нэг дуугаар "өнөөдрийн нөөц дууссан" гэх үгийг тоть шиг давтаад байсныг нь хэрсүүгээр эргэн харвал ерөөс шатахууны нөөц өдөртөө дуусаад байгаа нь шатахуун нөөцлөх савгүй гэдэг мессежийг л шидээд байж. Монголчуудын жирийн ард иргэдийн зовлон бол үнэндээ МАН-ынханд зүгээр л олз төдий болчихжээ. ОХУ-аас шатахууны хомсдолын үед импортоо нэмэгдүүлсэн хэмээн Г.Дамдинням мэдэгдэж байсан. Нөөцийн савгүй гэсэн мөртлөө яаж өмнөх импортын хэмжээнээсээ нэмэгдүүлэх вэ, боломжгүй зүйл.

Угтаа намаржин өрнөсөн шатахууны хомсдол нь шатахуун импортлогч компаниудыг нөөцийн савтай болгохын тулд төв банкнаас санхүүжилт гаргахын тулд байсан уу гэж УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуудаг нь оргүй биш.

Ингэхдээ хуулийн төслийн нэрээ хүртэл "Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих" гээд их эвтэйхэн өнгөлөн далдалж аваад чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дундуур яаравчлуулан оруулж, хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлчихсэн.

Төв банк өнөөдөр арилжааны банк болон жижиг дунд үйлдвэрлэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд 2 жилээс багагүй хугацаагаар нэг этгээдэд 3 тэрбум орчим төгрөгийн, жилийн 10.5 дээр +3 хувийн буюу 13.5 хувийн хүүтэйгээр олгодог. Репо санхүүжилтийн зээл гэдэг нь түр зээл бөгөөд дараа нь үнэт цаасаа буцааж худалдаж авах хэлцэл юм. Аль нэг арилжааны банк төв банкинд үнэт цаас барьцаалж, буцаагаад төв банк мөнгө зээлдүүлнэ. Харин тухайн зээлээр арилжааны банкууд аж ахуй нэгжүүдэд хүү багатай зээл олгоод тодорхой хугацааны дараа тухайн арилжааны банк мөнгөө буцааж төлөөд үнэт цаасаа эргүүлэн авах зарчмаар ажилладаг.

Гэтэл төв банкийг шууд шатахуун импортлогч компаниуд руу чиглэсэн репо санхүүжилтийн зээл гарга гэдэг бол Монголбанкны түүхэнд байхгүй гажуудсан жишиг болно. Энэ бол цэвэр улс төрийн нөлөөлөл бөгөөд төв банкны улс төрөөс ангид, бие даасан байдалд шууд халдаж буй эрээ цээргүй явдал.

Түүнчлэн, шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд дээрх зээлийг өгсөнөөс 1-2 жилийн хугацаанд шатахуун нөөцлөх сав, агуулахаа барьж дуусна гэж байгаа. Нөгөө газрын тос боловсруулах үйлдвэр уг нь 2027 онд дуусаж, ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байхад импортын 200 орчим тонн шатахуун авч, нөөцлөх шаардлага нь юу билээ.

Г.Дамдиннямын хэлснээр 2022 онд Монголд ашиглагдаж байсан туршлага хэмээн тайлбарлаж буй бөгөөд тухайн үед Орос Украины дайн эхэлж, геополитикийн сорилттой тулснаас гадна ковидынг жил байсан учраас гурван сарын нөөц үүсгэх шаардлагаар төв банк репо санхүүжилт гаргасан. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдалтай одоог эн тэнцүүлэн тайлбарлаж, энэ санхүүжилтийг хийхгүй л бол монголчууд дахиад л шатахуундаа дугаарлана гэх сэтгэгдэл төрүүлж, нийгмийн эмзэг сэдвээр буланд шахна лээ.

Энэ 500 тэрбумын санхүүжилтээр ердөө нэг сарын шатахууны нөөцийн сав л бэлдэх боломжтой бөгөөд 6 сарын нөөций сав бэлдэнэ гэвэл 3 их наяд төгрөг шаардлагатай гэв.

Хардах өнцөг: Г.Дамдинням шатахууны компаниудын лоббиг зүтгүүлж, 2027, 2028 оны сонгуулийн зардлаа босгож байна уу

МАН-д төдийгүй улс төрд хамгийн өндөр нөлөөллийг шатахууны компаниуд тогтоож ирсэн. Одоогийн томоохон шатахуун импортлогч компаниудын эзэд нь улс төрч асан, улс төрд танилын хүрээ өргөн, эрх баригч намд нөлөөтэй нэгнүүд бий.

УИХ-ын гишүүн асан О.Содбилэг өдгөө "Петровис" ХХК-ийн гүйцэтгэх захирал, МАН-аас жийгдсэн Ц.Анандбазар "Сод Монгол" группийн эзэн, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Б.Пунсалмаа "М Ойл" группийн гүйцэтгэх захирал, улс төрд танилын хүрээ өргөн "Шунхлай" группийн П.Батсайхан нар өнөөдөр шатахууны импортын зах зээлд эд монополь яваа.

Сүүлийн 10 гаруй жилд салбар яам болоод Ашигт малтмал, газрын тосны газар, Үнийн зөвлөлтэйгөө ч хэлэлцэхгүйгээр нэг шөнө л шатахууны үнийг нэмчихдэг монопольчид бол шатахуун импортлогч компаниуд өөрсдөө. Атал тэд төрөөс авч болох бүх боломжуудад үргэлж гар дүрж явдаг.

2012 онд нефть импортлогч тухайн үеийн 12 компанид 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг жилийн 4 хүрэхгүй хувийн хүүтэйгээр олгож байлаа. Энэ мэт боломж бүрийг тэд ч алдалгүй ашигласаар ирсэн.

Жил бүр импортын шатахууны хэмжээ дотоодын хэрэглээг дагаад өсөж байгаа гэж байгаа ч урьд энэ агуулгыг Г.Дамдиннямаас өөр сайдууд дуугарч, цухуйлгаж байгаагүй юм. Өнөөг хүртэл дотоодын хэдэн олигарх компаниуд шатахууны нөөцийн савгүйгээр импортоор авсныгаа шуудхан борлуулаад байсан гэхэд үнэмшилгүй.

Ингээд бодмогц, энэ зүтгүүлж буй хуулийн цаана шатахуун импортлогчдод болоод хуулийг зүтгүүлэгчдэд аль аль талдаа ашигтай хэлцэл хийгджээ гэмээр.

Учир нь жил ирэх бүр сонгуулийн зардлын хэмжээ нэмэгдэж, энэ хэрээр зардлаа босгох асуудал намд, намын гишүүд, сайд нарт бизнесийнхэн нөлөөлөх, тэдэнтэй хөшигний ард гар барилцах нөхцөл болчихдог тал бий. 2015 онд МАН-ын сонгуулийн зардал 15 орчим тэрбум төгрөг байсан бол 10 жилийн дараа буюу өнөөдөр энэ тоо хэд нугарсан байж болох вэ.

Яг өнөөдрийн энэ нөхцөлд төрийн мөнгөөр хувийн компаниудыг санхүүжүүлэх биш гаалийн татварын өөрчлөлт, бодлого болон нөөцийн сан зэргээр Сангийн яам, Засгийн газар нөөцийн савны асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Иймд ерөөсөө л шатахуун импортлогчдын лобби, түүний цаад шалтгаандаа бол 2027, 2028 оны улс төрийн сонгуулийн зардлаа энэ компаниудаас босгох гэж буй арга хэлбэр гэж хардаж болохоор.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button