ОХУ, АНУ хоёр Украины асуудлаар таван цаг хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрсэнгүй
АНУ-ын тусгай элч Стив Виткофф, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний элч Юрий Ушаковтой Украины дайны асуудлаар мягмар гарагт /2025.12.02/ таван цаг хэлэлцсэн байна. Энэ талаар Ушаков мэдэгдэл хийхдээ зөвшилцөлд хүрч чадаагүй, хийх ажил их байна гэжээ. АНУ-аас дэвшүүлсэн зарим саналуудыг Путин сөргөөр хүлээн авсан гэж тэр хэлсэн байна.
Хоёр тал газар нутгийн асуудлыг хэлэлцжээ. ОХУ Украины Донбасс бүсийг бүхэлд нь өөрсдийн газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байгаа. Одоогийн байдлаар Украин Донбасс бүсийн 5 мянга орчим хавтгай дөрвөлжин км газар нутгийг хянадаг. Ушаков “АНУ-ын танилцуулсан нөхцөлүүд хүлээн зөвшөөрч болохуйц харагдаж байгаа ч хэлэлцэх шаардлагатай. Зарим нөхцөлийг томьёолж, боловсруулсан байдал бидний хувьд зохимжтой бус санагдсан. Өөрөөр хэлбэл хэлэлцээний ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
Сүүлийн үед Украины дайныг дуусгах гэсэн дипломат ажиллагаа эрч авах болсон. Өнгөрсөн сард АНУ, ОХУ-ын хэлэлцэж үүсгэсэн 28 зүйл бүхий энхийн төлөвлөгөө задарсан. Уг төлөвлөгөө Москвагийн ашиг сонирхолд хэт ээлтэй байна хэмээн Европын орнууд өөр энхийн төлөвлөгөө танилцуулсан. Дараа нь АНУ, Украин хоёр 28 зүйл бүхий төлөвлөгөөг хэлэлцэж шинэчилсэн юм. Тэр шинэчилсэн төлөвлөгөөний талаар АНУ, ОХУ хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадсангүй.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.