"Мазаалай баавгайн 2-5 минутын дүрсийг авахын тулд жил гаруй хугацаа зарцуулсан"
Цор ганц Монголын говьд цөөн тоогоор амьдардаг үндэсний бахархалт амьтан болох Мазаалай баавгайн тухай гарах "Их говийн манаач" баримтат кино өчигдөр нээлтээ хийсэн. Тус киног хэвлэл мэдээллийн "Eguur News" агентлаг ерөнхий продюсероор ажиллан бүтээсэн бол найруулагчаар Э.Ган-Очир ажиллажээ. "Их говийн манаач" баримтат кино нь зөвхөн Мазаалайн тухай өгүүлэх бус говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаанд ажилладаг байгаль хамгаалагчдын амьдрал, нэн эмзэг говийн экосистемийг хадгалж хамгаалахын тулд хичээх цаг наргүй хөдөлмөр зэргийг харуулахыг зорьжээ. Тэгвэл тус киноны уран бүтээлчдийн багийн гишүүдийн сэтгэгдэлийг хүргэж байна.
Мазаалайн өдөр хэвтэж, орой цагаар идэвхтэй хөдөлгөөн хийдэг учраас хүн харах нь тун бэрх

"Их говийн манаач" баримтат киноны гол дүрийг бүтээсэн, биологич Д.Дэлгэрчимэг "Кино маань миний төсөөлснөөс хавь илүү бүтээл болсон байна. Энэ төсөлд орж, баримтат кинонд тоглосноор өөрийнхөө ажил, амьдралыг өөр өнцгөөр, өөр дурангаар харсан нь сонирхолтой байлаа. Сэтгэл их хөдөллөө, учир нь ийм сайн бүтээл болно гэж төсөөлөөгүй. Хүмүүс манай киног үзээд энэ байгаль, дэлхий дээр зөвхөн хүн ганцаараа оршин тогтнох бус биологийн олон янзын төрөл зүйлийн ан амьтад байдаг гэдгийг ойлгоод гараасай гэж хүсэх байна. Мөн тэдгээрийг хүмүүс бид бүхэн авч үлдэх учиртай. Тэр тусмаа "дархан цаазат газрын байгаль хамгаалагчид түүний төлөө хэрхэн ажиллаж байгаа, түүнтэй зэрэгцэн эрдэмтэн судлаачид ямар үүрэгтэй оролцдог вэ?" гэдэг асуултад хариулт өгөхийг зорьсон. Тиймээс иргэд маань зөвхөн Мазаалай гэх биш "хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалаасай, хамгаалмаар байна" гэх сэтгэгдлийг аваасай гэж хүсэж байна" гэлээ.

Мөн тус киноны гол дүрийг байгаль хамгаалагчаар 15 дахь жилдээ ажиллаж буй Ч.Давааням бүтээжээ. Тэрбээр "Мазаалай баавгай нь холимог идэштэн, өдрийн цагаар хэвтээд орой цагаар идэвхтэй хөдөлгөөн хийдэг учир бодитоор олж харна гэдэг тун бэрх. Том газар нутагт, цөөн тоогоор нутагладаг учраас түүний дүрсийг авна гэдэг нь мөн хүндрэлтэй, том сорилт байсан. Энэ киногоороо дамжуулан дархан цаазат их говийн экосистемийг онгон зэрлэгээр нь хадгалан хамгаалж үлдэж, оршин буй амьтадыг амар тайван байлгахыг л хүсэж байна" хэмээсэн юм.
Хүн амьдардаггүй дархан цаазат газрыг 10 гаруй удаа зорьж, Мазаалайн дүрсийг авсан

“Их говийн манаач” кинонд Мазаалайн хэд хэдэн цоо шинэ дүрс авагдсан нь үндэсний хэмжээний ач холбогдолтой болжээ. Мазаалай баавгайн бодит дүрсийг авахын тулд дөрвөн улирлын зураг авалтыг тууштай хийж, BBC агентлагийн ашигласан автомат камерыг суурилуулж ажилласан аж. Тус төсөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Эрдэнэ монгол” компани бодлогын бөгөөд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Энэ тухай төслийн продюсер Ж.Мядагбадам "Их говийн манаач" баримтад киног бүтээхэд Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яам болон "Эрдэнэ Монгол" ХХК гол туслалцаа үзүүлж хамтран бүтээлээ. Манай кино Монгол Улсын засгийн газрыг төлөөлөх бүтээл болно гэсэн үг. Тиймээс жил гаруй хугацаанд камераа үүрээд Мазаалай баавгайг олохгүй байгаа багийн бэрхшээлийг харуулах биш Монголын говь, эко системийн цэвэр ариун, эмзэг, үнэн төрхийг харуулахыг хичээсэн. Мазаалай нь 1400 километр зайд, 51 бодгаль таран суурьшдаг учир олдох боломж нь хязгаарлагдмал. Бидний төсөл жил гаруй хугацаанд үргэлжилж, огт хүн амьдардаггүй дархан цаазат газар луу томилолтын багаа 10 гаруй удаа илгээсний үр дүнд 2-5 минутын Мазаалайн дүрсийг авч чадсан. Мазаалай баавгайн 2-5 минутын дүрсийг бичихэд бид жил гаруй хугацаанд нөр их хөдөлмөрлөсөн. Тиймээс "Мазаалай гэх амьтныг тийм нандинаараа дэлхий нийтэд ойлгогдох ёстой бодгаль юм" гэдгийг бид төслийн хугацаанд ойлгосон.
-Мазаалайн тухай кино хийхийг зорьсон шалтгаан тань юу вэ?
- Би өөрөө говийн хүүхэд учраас "Мазаалайн тухай кино бүтээнэ" гэсэн багийн бодол байсан. Энэ бодлоо тээж явсаар өдийг хүрч, олон хүмүүсийн тус дэмээр өнөөдөр бүтээл болж дэлгэцнээ гарлаа.
-Мазаалайн дүрсийг авахад BBC агентлагийн ашигласан автомат камерыг суурилуулсан гэсэн?
-Мазаалай баавгайн дүрсийг авахын тулд отол хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй. Тиймээс байгаль хамгаалагчдын ашигладаг камерын дүрсийг аль болох ашиглахгүй, өөрсдийн сайн чанартай техник хэрэгслээр авсан дүрсээ ашиглахыг зорьсон. Энэ хүрээнд "BBC"-ын хэрэглэдэг аргачлалын дагуу мэдрэгчтэй камерыг тодорхой цэгүүдэд 7-10 удаагийн давтамжтай байршуулж зураг авалтаа хийсэн.
Урьд өмнө мазаалай баавгайн талаарх кино, нэвтрүүлгүүд нь ихэвчлэн танин мэдэхүйн шинж чанартай хийгдэж байв. Тэгвэл энэ удаа мазаалайн талаар мэдээлэл өгөхөөс гадна түүний амьдардаг орчныг гойд дүрслэн үзүүлж, байгаль хамгаалагч, эрдэмтдийн нөр их хөдөлмөрийг анх удаа дэлгэн харуулснаараа онцлог ажээ. Тус киноны найруулагчаар “Дасгалжуулагч”, “Дурсаж яваарай” зэрэг уран сайхны бөгөөд баримтат киногоороо үзэгчдийн талархлыг хүртээд буй Э.Ган-Очир ажилласан байна.
Монголчууд Мазаалайн шинэ дүрстэй болсон нь бидний киноны үнэ цэнэ

Тэрбээр "Монголын кино уран бүтээлчдийн сайн таних "Ардын элч кино"-ны ерөнхий зураглаач О.Уртнасан гэж хүн анх Мазаалайн дүрсийг авахаар тэмээн дээр техник хэрэгслээ ачин явсан байдаг. Улмаар 15 минут орчмын кино бүтээсэн байдаг. Түүний дараагаар н.Маш гэх оператор Мазаалайн тухай кино хийсэн. Мөн BBC, APPLE TV, CCTV зэрэг дэлхийн томоохон телевизүүд Мазаалайн тухай баримтат кино хийхээр манай улсыг зорьдог. Тиймээс бид өөрсдөө үндэсний бахархалт амьтан болсон Мазаалай баавгайн тухай "Их говийн манаач" киногоо нээж байгаа нь өөрөө гайхалтай үйл явдал. Бидний зорьсон Алтайн өвөр говьд ямарч хүн, амьтан үгүй. Зөвхөн зэрлэг амьтад л аж төрдөг онгон байгаль биднийг угтсан. Бидэнгүйгээр Алтайн өвөр говьд онгон зэрлэг байгаль, ан амьтан үнэхээр үзэсгэлэнтэй аж төрж буйг хараад "хүн гэдэг амьтан байгальд ямар их хор хөнөөл учруулдаг вэ?" гэдгийг гүн гүнзгий мэдэрсэн.

“Их говийн манаач” баримтат киноны зохиолыг М.Тэнгис бичжээ. Кино зохиолын тухай тэрбээр "Баримтат киноны зохиол урьд өмнө бичиж байгаагүй учир шинэ туршлага боллоо. Дүрстэй холбоотой текст, бичвэртэй ажиллах нь сонирхолтой санагдсан. Хамгийн гол нь дүрснүүд хүчтэй, зураглаачид маань сайн ажилласан учир тухайн дүрсийг үзэгчдэд сайн ойлгуулах нь миний үүрэг байсан. Мазаалайг үнэхээр ховор амьтан гэдгийг дөрвөн улирлын турш говь нутгаар дүрсийг нь авахын тулд явж байхдаа мэдэрсэн. Энэ Мазаалайн дүрсийг камертаа буулгаж хараахан чадаагүй. Тэгсэн ч ерөнхий продюсер Ж.Мядагбадам "энэ төслийг заавал амжилттай дуусгах хэрэгтэй" гээд "BBC"-ын хэрэглэдэг камерын арга техникийг судалж үзээд мөнгө санхүү зэргийг нь шийдэж өгсөн. Түүний үр дүнд бид Мазаалай баавгайн дүрсийг авч чадсан. Хиймэл оюун ухаан, гадаадын том агентлагийн дүрсийг зээлж аваагүй Монголчууд өөрсдөө мазаалайн шинэ дүрстэй болж буй нь бидний киноны үнэ цэнийг улам бүр нэмлээ.
-Өмнө Мазаалайн тухай баримтат кинонууд хийгдэж байсан. Танай кино тэдгээрээс юугаараа ялгарах вэ?
-Мазаалайн тухай өмнө хийгдсэн хэд хэдэн кино байдаг. Тэдгээр бүтээлүүд ерөнхийдөө танин мэдэхүй талдаа. Мазаалайн идэш тэжээл, хийгдэж байсан судалгаа зэргийг нь танилцуулаад өнгөрдөг. Манай багийн тухайд говийн дархан цаазат газрын үзэсгэлэн, түүнийг хайрлан хамгаалдаг байгаль хамгаалагчдын аж амьдрал зэргийг харуулах нь чухал байсан. Тэгэхээр манай баримтат кино зөвхөн Мазаалай баавгайн тухай биш гэдгээрээ бусад бүтээлүүдээс ялгарах байх.

"Их говийн манаач" киноны гол баатар болох Мазаалай баавгайн дүрсийг BBC агентлагийн ашигладаг мэдрэгчтэй камер суурилуулсаны үр дүнд авч чаджээ. Энэ тухай киноны зураглаач Х.Өлзийбаяр "Кино бол багийн уран бүтээл байдаг. Бид олон удаа говийг зорьж энэхүү уран бүтээлээ хийсэн. Техник хэрэгслийн тухайд BBC агентлагийн ашигладаг тоног төхөөрөмжийг ашиглаж киногоо амжилттай болгосон. Бид олон удаагийн говийг зорьсон аялалдаа Мазаалай баавгайн дүрсийг авч чадаагүй ч суурилуулсан камерт маань дүрээ үлдээсэн. Киноны маань гол дүрүүд хөдөлгөөнтэй дүрснүүдтэй учир ихэнхдээ камераа гар дээрээсээ бичсэн. Энэ нь баримтат киноны үндсэн хэв шинжтэйгээ нийцэж илүү амьтай болсон" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.