НИЙГЭМНийгэм ярилцлага

Э.Одхүү: Хүүхдийнхээ үүдэл эсийг хадгалах нь мөнгө өвлүүлснээс ч илүү үнэ цэнтэй

Төрсөн нярай хүүхдийн хүйнээс үүдэл эсийг ялган авч улмаар олон төрлийн өвчнийг эдгээх боломжтой байдаг байна. Олон улсад үүдэл эсийг ашиглаж хүнийг эрүүл, залуу урт наслуулж байгаа юм. Үүний зэрэгцээ үүдэл эсийг хадгалах шаардлага үүсжээ. Хамгийн анх үүдэл эсийг 1988 онд амжилттай хадгалж чадсан бөгөөд эсийн банкийг анх 1992 онд АНУ-ын "NewYork" хотод байгуулсан байдаг.

Улмаар дэлхийн бүх оронд тус системийг нэвтрүүлж, эмчилгээнд ашиглаж байгаа юм. Тэгвэл манай улс ч мөн ижил үүдэл эсийг хадгалж, түүнийг эмчилгээнд ашиглаж эхэлжээ. Энэ талаар үүдэл эсийн банкийг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн АШУИС-ийн багш, "CellClinic" эмнэлгийн гүйцэтгэх захирал Э.Одхүүтэй ярилцлаа.

Төрсөн нярайн хүйнээс хоёр төрлийн үүдэл эсийг авах боломжтой

-1992 онд АНУ анх үүдэл эсийн банкийг нээсэн байдаг. Манай улсад энэ жилээс танай эмнэлэг нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм байна. Одоогоор үүдэл эсийн ямар ямар үйлчилгээ үзүүлж байна?

-2025 онд "CellClinic" эмнэлгээ үүсгэн байгуулсан. Манай эмнэлэг нь үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг бөгөөд эсийн банкийг анх Монголд нэвтрүүлээд байна. Эсийн банк гэдэг нь төрсөн нярай хүүхдийн үүдэл эсийг хадгалахыг хэлдэг. Үүдэл эсийг дөнгөж төрж буй хүүхдийн хүйнээс ялган авах боломжтой. Хүүхэд эхийнхээ хэвлийд байхдаа ихсээр дамжуулан хоол тэжээл, ашигтай амин дэмээ авч ээжтэйгээ холбогдож байдаг. Тэр ихэс хүүхэд хоёрыг холбосон хүй гэж бий. Түүн дотор хоёр төрлийн үүдэл эс байгаа. Эхнийх нь хүйн голд судас байрладаг түүний голоор урсаж буй цуснаас үйлдэл эсийг ялган авах боломжтой. Үүнийг цусны үүдэл эс гэж нэрлэдэг. Харин хоёрдох нь цусыг авсны дараагаар эд үлддэг. Үлдсэн эднээс мезенхимийн үүдэл эсийг авах боломжтой. Энэ хоёр үүдэл эсийг ангаахын шинжлэх ухаан маш олон төрлийн өвчний эмчилгээнд үр дүнтэйгээр ашиглаж байгаа. Үүдэл эсийн эмчилгээ гэх тусдаа шинэ салбар бий болсон.

-Үүдэл эсийг ямар үед нь авах боломжтой байдаг юм бэ?

-Үүдэл эсийг зөвхөн төрөх үед л авах боломжтой байдаг амьдаар нь байлгаж хадгалах шаардлага үүснэ. Олон улсад эсийг хөлдөөж хадгалдаг "эсийн банк"-ны технологи гэж бий. Мөн үүдэл эсийг гэр бүлийн зориулалттай хадгалдаг. Ирээдүйд гэр бүлд нь хэрэг болсон үед нь стандартын дагуу амьдаар нь хадгалсан үүдэл эсийг эмчилгээнд ашиглах боломжтой. Манай эмнэлэг үүдэл эсийг хадгалдаг банкны системийг анхлан Монголд оруулж ирсэн гэсэн үг.

-Энэ ажлыг анхлан санаачилж, зорьж нутаглуулах амаргүй байсан байх. Судалгаа хэр их хийсэн бэ, мэдээж олон улсын стандарт гэж байгаа байх?

-Мэдээж анх удаа энэ ажлыг эхлүүлэхэд амар байгаагүй. 2018 оноос хойш судалгааны ажлаа эхлүүлсэн. Түүнээс хойш долоон жилийн дараа буюу 2025 онд эмнэлгээ нээсэн. Яг энэ технологийг Монголд нэвтрүүлж, нутагшуулахад мэдээж цаг хугацаа орсон. Манай багт өмнө үүдэл эсийн талаар олон улсын их сургуулиудад суралцаж мэдлэг хуримтлуулсан хүмүүс их. Миний тухайд 2015 оноос эхлэн үр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Энэ маань сайн туршлага болсон. Хамгийн төвөгтэй зүйл нь олон улсын стандартад нийцсэн байгууламжийг бид нар бий болгох ёстой. Одоогоор хүй цусны банк, хүй үүдэл эсийн банкийг бий болгоод байна. Олон улсын стандартыг дагуу бий болгосон.

Бид үүдэл эсийг 100 жил ч хадгалж чадна

-Танай эмнэлэг зөвхөн үүдэл эсээр дагнасан уу, эсвэл өөр төрлийн эмчилгээ хийдэг үү?

-Манай эмнэлэг генетик шинжилгээ хийдэг. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийг эхний гурван сарын хугацаатай байх үед нь цуснаас нь шинжилгээ аваад, хэвлийд байгаа ургийн хромосомын ямар нэгэн өвчин байгаа эсэхийг нь мэддэг. Түүнчлэн 11 төрлийн эрхтэн тогтолцооны хавдар үүсэх эрсдэлийг илрүүлдэг. Тухайн эрхтэн тогтолцооны эрсдэл бүхий 57 гений мутацийг шалгадаг гэсэн үг. Хэрэв мутаци илэрвэл, тухайн эрхтний хавдраар өвчлөх эрсдэлтэй. Мөн ямар нэгэн шалтгаан тодорхойгүй удамшлын өвчинтэй байж болзошгүй хүнд шинжилгээ хийдэг.

-Танайх үүдэл эсийг хэдэн төрлийн өвчний эмчилгээнд ашиглаж байна вэ?

-Үүдэл эсийн эмчилгээ гэдэг нь банканд хадгалсан тухайн эсээ эмчилгээний зориулалтай эс болгон хөгжүүлж ашиглана. Одоогоор манай эмнэлэг тухайн хүний үүдэл эс баялаг хэсгээс нь аваад, лабораторид олон болгосны дараагаар эмчилгээнд хэрэглэнэ. Ихэвчлэн гоо сайхны, үений, системийн болон нөхөн сэргээх эмчилгээнд ашигладаг. Мөн бөөрний дутагдалд орсон хүнийг эмчлэх боломжтой.

-Үүдэл эсээ хадгалуулсан хүний ойрын төрөл садан нь хэрэглэж болдог гэж уншсан?

-Цуснаас авдаг үүдэл эс нь дархлааны уургуудыг өөрийн гадаргуу дээрээ илчилдэг. Тиймээс дархлаа нь таарах ойрын хамаатан садан нь эмчилгээнд хэрэглэж болдог. Энэ тохиолдолд цуснаас авсан үүдэл эсийг нэг л удаа эмчилгээнд ашиглана. Харин эдээс гарсан мезенхимийн үүдэл эс нь гэр бүлийн хүн бүхэнд таарах боломжтой. Тухайн үүдэл эсийг 4900 гаруй төрлийн клиник судалгаагаар судалж байгаа. Маш олон төрлийн өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Хамгийн түгээмэл нь гэвэл үений эмчилгээнд хэрэглэдэг. Үе шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийг үүдэл эсээр эмчилснээр нөхөн төлжүүлж эдгэрлийг нь түргэн болгож өгдөг бас гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд ашигладаг. Жижиг үеүдийг хамарсан системийн өвчнийг эмчлэхэд хамгийн үр дүнтэй. Судсаар дархлаа зохицуулах байдлаар хэрэглэдэг. Мөн тархинд цус харвасан болон зүрхний өвчнөөс шалтгаалж эс гэмтсэн үед сэргээх зорилгоор үүдэл эсийн эмчилгээг түгээмэл хэрэглэдэг. Түүнчлэн чихрийн шижин, бүдүүн гэдэсний эмгэгүүд, арьсны төрөл бүрийн өвчний үед хэрэглэж болно.

-Үүдэл эсээ хадгалж байгаагийн хамгийн том давуу тал нь юу вэ. Мэргэжлийн хүний хувьд хэлбэл?

-Хадгалж байгаагийн хамгийн том давуу тал нь тухайн хүүхдийн өөрийн эс. Түүнийг бид нар 100 жил ч хадгалж чадна. Тухайн эс нь олон төрлийн өвчнийг эдгээх боломжтой учраас ирээдүйд хамгийн том эрүүл мэндийн даатгал болно. Тухайн хүүхэд өвчин тусахгүй байж болно. Энэ үед үүдэл эсийг нь өөрт нь эргээд цэнэглэх боломжтой. Цуснаас авсан цусны үүдэл эсийг тухайн хүнд хийхэд тэг насны эс нь ажиллаад эхэлдэг. Ингэснээр тухайн хүн бие тэг насандаа очоод сэргэлт хурдан авдаг болж, залуужиж эхэлнэ. Үндсэндээ өвдөхгүйгээр эрүүл урт насална гэсэн үг. Харин эдийн гаралтай үүдэл эсийг чөмөгт ясанд нь хийж өгнө. Ингэснээр чөмгөнд байгаа үүдэл эсийн тоо хэмжээ нэмэгдэж эрүүл, залуу урт наслах боломж бүрдэнэ. Хүний үүдэл эс нь хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг. Тиймээс хүүхдийнхээ үүдэл эсийг хадгалах нь мөнгө үлдээснээс илүү үнэтэй хадгаламж болно. Эрүүл мэнд бол мөнгөнөөс чухал зүйл шүү дээ. Хүн амьдралдаа яаж ч бэртэж болно. Муугаар яривал нуруу нугасны гэмтэл аваад суугаа байдалд орлоо гэхэд үүдэл эсийн тусламжтайгаар эмчлэх боломжтой. Эмчлэх боломжгүй зүйлийг үүдэл эсээр эмчилдэг учраас давуу тал ихтэй.

Удамшлын алдаатай гентэй хүн хавдраар өвчлөх тохиолдол цөөнгүй

-Монголчууд эрт үеэс хүүхдийнхээ үүдэл эсийг хадгалж ирсэн нь үүнтэй холбоотой болов уу?

-Эрт үеэс манай Монголчууд хүүхдийнхээ цөглөсөн хүйг хадгалж ирсэн. Өвчин туссан үед нь жижиглэж нунтаглаад хүүхдэдээ өгдөг байсан. Мэдээж хүйнд нь үүдэл эс байгаа. Харин хадгалж байгаа арга нь хуурай, хатаах байдлаар учраас биологийн идэвхтэй бодисууд нь хуурай шижинд орж хадгалагдана гэсэн үг. Үүнийг хэрэглэж байгаа учраас хүний биед тодорхой хэмжээний сэргэлт өгнө. Түүнийг манайх өвөг дээдэс эрт үеэс мэддэг байсан байж таарах нь. Тиймээс хүүхдийнхээ цөглөсөн хүйг хадгалдаг байсан. Үүнийг одоо үед бид нар амьдаар нь илүү чанартай, хэд дахин өндөр ач холбогдолтой эсийг хадгалж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Танай эмнэлэгт хүүхдийнхээ үүдэл эсийг хадгалуулахыг тулд хэчнээн төгрөг төлөх хэрэгтэй вэ. Үнийн тухайд?

-Санхүүгийн хувьд нэлээдгүй өртөг өндөртэй ажил. Цуснаас үүдэл эсийг ялгах, хүйн эдээс үүдэл эсийг ургуулах, тухайн орчныг бүрдүүлэхэд санхүү мөнгө их ордог. Тиймээс өртөг өндөртэй. Зөвхөн цуснаас үүдэл эсийг ялган хадгалахад тав орчим сая төгрөг болно. Эдээсээ үүдэл эсийг ялгаж хадгалахад зургаа орчим сая төгрөг. Үүнд жилийн хугацаанд хадгалах үнэ ордог. Түүнээс цааш үүдэл эсээ сунгаж хадгалах шаардлага үүснэ. Үүдэл эсийг заавал шингэн азотын орчинд хадгалах шаардлагатай. Тэгэхээр жилд 500 мянган төгрөгөөр шингэн азот нэмнэ. Үүдэл эсийг ашиглах хүртлээ жил болгон 500 мянган төгрөгөөр төлөөд явна гэсэн үг.

-Генетикийн шинжилгээгээр хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Боломжтой зүйл. Генетик шинжилгээ нь хавдрын эрсдэлийг илрүүлдэг. Манай улс хавдрын өвчлөлөөрөө дээгүүр байранд ордог. Жишээ нь умайн хүзүүний хорт хавдраараа дэлхийн дунджаас гурав дахин их байна. Мөн элэгний өвчлөл өндөр. Сүүлийн үед хавдар залуужих хандлагатай ажиглагдаж эхэлсэн. Хавдрын хамгийн аюултай зүйл нь удамших эрсдэл. Хүний тодорхой эсэд ген гэж бий, энэ нь алдаатай эс гэсэн үг. Тус алдаатай эс нь удамшаад хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог. Генетик оношилгоогоор алдаатай эс бий эсэхийг илрүүлдэг.

-Тэгэхээр огт муу зуршилгүй хүн хүртэл хавдраар өвчлөх боломжтой байх нь?

-Огт архи тамхи хэрэглэдэггүй, эрүүл хэр нь хавдар тусах тохиолдол байдаг. Энэ нь алдаатай эс удамшиж хавдар үүсгэсэн гэсэн үг. Хавдрыг олон хүчин зүйлс нийлж бий болгодог. Тухайн хавдар үүсгэх хүчин зүйлсийн суурь нь удамшлын алдаатай ген. Манайх генетик оношилгоогоор 57 төрлийн алдаатай эсийг илрүүлж, 11 эрхтэн тогтолцооны хавдар тусах эрсдэл тэр хүнд байгаа эсэхийг оношилно. Үүнийг мэдсэнээр хавдар тусахаас сэргийлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр ирээдүйд өөрийгөө ямар төрлийн хавдраар өвчлөх эрсдэлтэй гэдгийг урьдчилан мэдэж, улмаар түүнээс урьдчилан сэргийлэх нь генетик шинжилгээний хамгийн

-Насанд хүрсэн хүнд үүдэл эс бий юу?

-Насанд хүрсэн хүнд ч үүдэл эс бий. Тухайн хүний биеийн үүдэл хэсэг их байдаг эрхтэн буюу чихний арын хэсэг зэргээс аваад арьс төлжүүлэх, арьсыг залуужуулах зэрэг эмчилгээ хийж байна. Үүдэл эсийг аваад тарилга байдлаар бэлдээд тодорхой хэсэгт нь тарина. Мөн дагзны арын хэсгээс үүдэл эсийг аваад үс ихээр унаж байгаа хэсэгт тарина гэсэн үг. Ингэснээр үсний ургалт сайжирна. Түүнчлэн хүний биеийн өөхөн хэсэгт үүдэл эс бий. Түүнийг үений гэмтэл болон гоо сайхны эмчилгээнд хэрэглэдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button