НИЙГЭМ

ХЭРЭГ: Нэг өдөр, нэг газарт хоёр айлын хүүхэд усанд осолджээ

Ойрын өдрүүдэд цаг агаарын хэт халж буйтай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол ихсэж байна. Тэр тусмаа бага насны хүүхдүүд голд унаж осолдох тохиолдлууд нэмэгдсээр байна. Тухайлбал өнгөрөгч гурав хоногийн байдлаар хоёр ч бага насны хүүхэд усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа юм. Энэ сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Сант сумын Хонгорын ар гэх газар Орхон голын эрэг дээр тоглож байсан 2 нас 9 сартай хүүхэд алга болжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар алга болсон хүүхдийн талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад оройн 21 цагийн орчимд ирүүлсэн байна. Тухайн үед голын эрэг дээр хүүгийн аав, бэр эгч, ах болон бага насны дөрвөн хүүхэд хамт байжээ. Алга болсон хүү нь Улаанбаатар хотын харьяат бөгөөд тус суманд амрахаар ирээд байсан аж.

Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн 2 нас 9 сартай Х-г алга болсноос хойш 20 цагийн дараа буюу энэ сарын 21-ний 17 цагийн орчимд алга болсон газраас нь 50 км-ын зайд байрлах газраас цогцсыг нь олжээ.

Мөн тухайн өдөр, тухайн газарт гурван настай охин осолдсон хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сант сумын Хонгорын-Ар гэдэг газар тус сумын харьяат иргэн Г-гийн охин гурван настай Х нь Орхон голын эрэг дээр тоглож байгаад живсэн тухай дуудлага энэ сарын 20-ны өдрийн 15.20 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн 35 хүн Орхон голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар энэ сарын 21-ний өдрийн 17:50 цагт осолдсон газраас зүүн зүгт 20 км, тус багийн Дулааны-Өвөр гэдэг газрын уснаас охины цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Ийн нэг өдөр, нэг цагт, нэг газар хоёр ч бага насны хүүхэд эцэг эхийн хараа хяналт муугаас усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Иймд:

Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button