"Хэсгийн ахлагч 31 төрлийн нийгмийн суурь судалгаа гаргаж, сар тутам тайлан илгээдэг"

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэсгийн ахлагч нарыг төрд хэрэггүй гэх агуулгыг хөндсөн. Ардчилсан намын бүлэг хуулийн төсөл санаачилна гэдгээ ч мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1900 гаруй хэсгийн ахлагч ажиллаж байна. Орон сууцны хороолол, гэр хорооллоос хамаарч дунджаар 200-500 өрхийг нэг хэсгийн ахлагч хариуцдаг аж. Тэдэнд жил бүр 48 тэрбум төгрөгийг төсөвлөдөг гэх албан бус мэдээлэл ч ил болов.
Уг асуудлаар тодруулахад, ХУД-ийн 21 дүгээр хорооны хэсгийн ахлагч Н.Наранзул,
“Хэсгийн ахлагч анхан шатанд тухайн айлын талаарх бүх төрлийн судалгааг гаргаж, улирал тутам болон сар тутам тайлагнадаг. Жишээлбэл, өрхийн хүн амын судалгааг нас насаар нь гаргах, цэргийн зарлан мэдээлэхийг эзэнд нь хүлээлгэн өгч, гарын үсгээр баталгаажуулдаг. Хог цэвэрлэгээ, тохижилт, яг өдийд бол галлагааны чиглэлээр ч анхан шатанд иргэдэд хүрч, ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг холбох гүүр нь болдог” гэв.
Харин Нийслэл,
"Хэсгийн ахлагчид хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай судалгааг айл өрхүүдээр явж авахаас гадна ганц бие ахмад настнуудад эм тариаг нь хүргэж, эргэж тойрох ажлыг хийдэг. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, тохижилтын ажлын бүрэн бүтэн байдлыг мэдээлдэг. Нохой, муур устгал, хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахад оролцдог, мэдээлэл хүргэдэг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар ажил хийх санал асуулгыг иргэдээс авдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажилладаг. Хүүхэд хамгаалал, халдварт өвчний тандалт мэдээллийг гаргадаг гээд өргөн хүрээний ажлыг зохион байгуулж ажилладаг. Ингэхдээ 31 төрлийн нийгмийн суурь судалгаа, нийслэл, дүүргээс ирүүлсэн цаг үеийн судалгааг гарган, улирал, сар тутамд ажлын тайлангаа илгээдэг" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн тэр тэр АН-г ярьдаг, тэр тэр манай гишүүнийг хараасан, тэр тэр ядуурч манай намд орж хоолны талон гуйсан гэж мэдээлдэг.
хорооныхон наад ажлыг чинь хиих байхаа хэсгиинахлагч нар бол сонгуулиин л ажилтнууд шдээ