УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг гараараа авлигатай тэмцэхээ сурталдаж, нөгөө гараараа авлигын хэрэгт шалгуулагчдыг дэргэдээ татав

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар авлигатай тэмцэнэ гэдэг уриатай. Ерөнхий сайд өөрөө "Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй. Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна" хэмээн ярьдаг нэгэн.

Гэвч нэг гараараа авлигатай тэмцэхээ сурталдаж, нөгөө гараараа авлигын хэрэгт шалгуулагчдыг дэргэдээ татах боллоо. Олон нийтийн нүдэн дээр илхэн өрнөж байна.

Нэг, Д.Мөнхсайханыг Баянхонгор аймгийн Засаг даргын албаас нь сугалж, ажлын албандаа ажиллуулахаар татсан. Гэхдээ ямар алба хаших гэж байгаа нь одоогоор тодорхой бус байгаа юм.

Түүний хувьд, Баянхонгор аймгийн хэд хэдэн удирдлагуудын хамт 320 сая төгрөгийн авлигын хэргээр, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан намтартай хүн. Тэднийг бичил уул уурхай эрхлэгчээс авлига авсан гэх хэргээр 2022 онд шалгалтын ажиллагаа явуулсан байдаг. Шалгуулагсад хэргээ хүлээж, Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан гэгдэж байв. Өөрөөр хэлбэл хэргээ хүлээсэн. Түүнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй намжсан билээ.

Хоёр, УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд энэ сарын эхээр Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр томилогдсон.

Түүний хувьд, 2020 оны үеэс УИХ-ын гишүүн байхдаа оймсондоо авлигынхаа мөнгийг нуусан МХЕГ-ын хэлтсийн дарга нартай нэр холбогдон шалгагдаж байлаа. “Оймсчин” Н.Баярсайхан, Э.Аззаяа нарыг шүүж байх үеэр Ш.Раднаасэд ОЧСОНООР улстөрчийн рейтинг нь унах үндэс тавигдсан. Эл дуулианы дараа зүсээ хувиргаад оргон зайлахдаа БНХАУ-д саатуулагдсан Д.Наранхүүтэй мөн л нэр холбогдож бичигдсэн билээ. Тухайн үед "ямар ч холбоо хамааралгүй" гэж мэдэгдэж байсан юм.

Зарим улстөрчид "Авлигатай тэмцэнэ гэдэг ардын намтай тэмцэнэ гэсэн үг" гэж зарим нь ёжилдог билээ. Авлигатай тэмцэнэ гэдэг угтаа намтайгаа тэмцэнэ гэсэн үг бололтой.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс төр хамгийн бохир байсан он жилүүдэд дунд нь байсан Занданшатараас юу хүлээхэв дээ. Архинд ороод хийморь сүлд ч муутай амьтан харагдах болж

Жаамаа
Жаамаа

Ийм бузар зүйлтэй хамтарсан ерөнхий сайд одоо оюу толгойн гэрээг өөрчлөх талд монголын ард түмний төлөө яс шударга тэмцэх нь эргэлзээтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button