Гадаад мэдээДЭЛХИЙ

Хиймэл оюун ухаан орлох магадлал хамгийн бага мэргэжлүүд

2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд “OpenAI” компани ChatGPT-г анх үйлчилгээнд гарсан. ChatGPT хамгийн хурдан хугацаанд 100 сая хэрэглэгчтэй аппликейшн болсон билээ. 

“OpenAI”-тай өрсөлдөхөөр өөр хэд хэдэн томоохон компани өөрсдийн хиймэл оюун ухаант чатботоо танилцуулсан. Одоо хиймэл оюун ухааны салбар олон зуун тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон байгаа.

Сүүлийн үед хиймэл оюун ухааны талаарх яриа хэлэлцүүлэг ихэвчлэн ирээдүйд хөдөлмөрийн салбарт ямар өөрчлөлт авчрах талаар явагдах болсон. Хиймэл оюун ухааны улмаас ихэнх салбарт ажилгүйдэл үүсэх нь гарцаагүй. Дэлхийн компаниуд ажлын орон тоогоо олон зуугаар нь цомхотгож хиймэл оюун ухааныг нэвтрүүлж эхэлсэн.

Тодруулбал “Google” 2024 онд хоёр удаагийн цомтохгол явуулна гэдгээ мэдэгдсэн. Цар тахлын үеэр технологийн аваргууд их хэмжээний ажилтан шинээр авч, одоо ковидийн үеийн эдийн засгийн нөхцөл байдал дууссан нь ийнхүү цомхотгол явуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй. Сонирхолтой нь “Google” зар сурталчилгааны хэлтэс дэх ажлын тоогоо цөөлсөн. Үүнтэй зэрэгцэн тус компани хэрэглэгчид үйлчлэх болон сурталчилгааны хэлтэстээ хиймэл оюун ухааны хэрэглэж эхэлсэн юм.

Цахим худалдааны аварга “Amazon” аравдугаар сард мэдэгдэл хийхдээ хиймэл оюун ухааны боломжийг ашиглахын тулд 14 мянган ажилтнаа цомхотгоно хэмээсэн. Компаниуд санхүүгийн хүнд цаг үед зардлаа хэмнэхийн тулд цомхотгол явуулдаг. Гол зүйл нь тус компани санхүүгийн хувьд хэцүүхэн нөхцөл байдалд ороогүй явдал юм. Тодруулбал долоодугаар сард тус компанийн хагас жилийн борлуулалт өмнөх оны мөн хугацаатай харьцуулахад 13 хувиар өссөн байна. Энэ нь “Wall Street”-ийн шинжээчдийн таамаглалыг давсан үзүүлэлт болсон. 

Зургийн эх сурвалж: Tech crunch

Олон улсад ийм дүр зураг ажиглагдаж байна. Компаниуд санхүүгийн хүндхэн нөхцөл байдалд ороогүй ч хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, зардлаа илүү танахын төлөө цомхотгол явуулах боллоо. “Google”, “Amazon"-оос гадна “UPS", “Microsoft”, “Ikea”, “Duolingo” зэрэг компаниуд ижил алхам хийсэн.

Ийм учраас хиймэл оюун ухаан ирээдүйд хөдөлмөрийн салбарт хэрхэн нөлөөлөх талаар яриа хэлэлцээ өрнөх нь ойлгомжтой явдал. Тэгвэл ямар мэргэжил хиймэл оюун ухаанаар орлогдох магадлал хамгийн бага вэ? 

"Ubie Health" байгууллага хийсэн шинэ судалгаагаараа янз бүрийн салбарын мэргэжлүүд хиймэл оюун ухаанаар орлогдох хэр магадлалтай байгааг үнэлжээ. Судалгаанд тухайн ажлын онцлог, хүмүүстэй харилцах хувь хэмжээ болон автоматжуулалтад өртөх эрсдэлийг шинжилсэн юм. Хүмүүстэй харилцах шаардлага өндөр байх тусам хиймэл оюун ухаанаар солигдох магадлал багатай хандлага байгааг тус судалгаа харуулжээ. Тус судалгаа мэргэжлүүдийн хиймэл оюун ухаанаар орлуулахыг тэсвэрлэх чанарыг 100 хүртэлх оноогоор дүгнэсэн байна.

Хиймэл оюун ухаанаар орлогдох магадлал хамгийн бага мэргэжлээр хуульч тодорсон байна. Хуульчид хүмүүстэй харилцах шаардлагатай 100 хувь байдаг. Ийм учир хиймэл оюун ухаанаар орлогдоход тэсвэртэй байдлын оноо нь 100 гарчээ. Хууль тайлбарлах, шийдвэр гаргахад хүний сэтгэн бодох чадвар маш чухал учраас энэ мэргэжил автоматжуулалтад өртөх эрсдэл 26 хувь байна гэж тус судалгаа дүгнэжээ.

Жагсаалтын хоёрт эрүүл мэндийн үйлчилгээний мэргэжилтнүүд орсон байна. Уг салбарын мэргэжлүүдийг автоматжуулах эрсдэл 29 хувьтай байна гэж судалгаа дүгнэжээ. Хиймэл оюун ухаан оношилгоо болон эмчилгээнд тусалж болох ч хүний үйлчилгээг хэзээ ч орлож чадахгүй. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хувьд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хүмүүстэй харилцах нь ажлын хамгийн чухал хэсэг болж өгдөг.

Зургийн эх сурвалж: Axios

Хүний нөөцийн менежерүүд гуравдугаар байранд жагсжээ. Энэ салбарын мэргэжил хиймэл оюун ухаанаар орлуулахыг тэсвэрлэх оноо нь 87 байгаа юм. Хүний нөөцийн менежерүүд автоматжуулалтад өртөх магадлал 26 хувьтай байна. Уг мэргэжил нь хүний сэтгэл хөдлөлийг ойлгох, бусдыг ойлгох чадвар шаарддаг. Гэхдээ компаниуд хүний нөөцийн салбартаа хиймэл оюун ухааг ашиглан CV-нүүдийг автоматаар шүүдэг болсон билээ. CV-нүүдийг шалгах явцыг автоматжуулж болох ч ажлын ярилцлагыг хүн заавал хийх шаардлагатай.

Үйл ажиллагааны ерөнхий менежерүүд 75 оноотойгоор жагсаалтын дөрөвт оржээ. Уг мэргэжлийг автоматжуулах эрсдэл 36 хувь байна гэж “Ubie Health” тооцоолсон юм. Уг салбарт хүний шууд оролцоо чухал хэвээр байна. Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийн ихэнх нь хүмүүстэй нүүр тулж харилцдаг.

Хянагч болон захиргааны дэмжлэг үзүүлэх ахлах ажилтнууд тавдугаар байранд бичигджээ. Тэд 64 оноо авсан нь энэ салбарын мэргэжилтнүүд өгөгдөл шинжлэхээс гадна хүмүүстэй харилцах, манлайлах чадвар чухал байдагтай холбоотой гэж “Ubie Health” дүгнэсэн байна.

Сургалт, хөгжлийн мэргэжилтнүүд зургаадугаар байранд жагсжээ. Хиймэл оюун ухаан сургалтын материал бэлдэж чадах ч хүний оролцоо, амьд харилцаа нь боловсролын салбарт нэн чухал байр суурийг эзэлсээр байна. Энэ ажил бүрэн автоматжих магадлал 29 хувьтай гэж тус судалгаа явуулсан мэргэжилтнүүд тооцоолжээ.

Долоодугаар байранд архитектур, инженерчлэлийн мэргэжлүүд жагссан байна. Энэ мэргэжил автоматжих магадал хамгийн бага буюу 25 хувийн эрсдэлтэй. Хүмүүстэй харилцах шаардлага нь 47.1 хувьтай гарсан аж.

Дүрэм журмын хэрэгжилтийн мэргэжилтнүүд буюу нийцлийг офицерууд наймдугаарт оржээ. Мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд хиймэл оюун ухааны хэрэглээ ихээхэн нэвтэрч байгаа. Ийм учраас уг мэргэжил автоматжих 50 хувийн эрсдэлтэй гэж “Ubie Health” үзжээ. Гэсэн хэдий ч тус мэргэжлийнхэн бусадтай харилцаж ажиллах шаардлагатай байдаг.

Үйлдвэрлэлийн менежерүүд есдүгээр байранд оржээ. Уг мэргэжлийн автоматжуулалтад өртөх магадлал 37 хувь байна. Асуудал шийдвэрлэх болон үйлчлүүлэгчтэй харилцах үйл явцыг хиймэл оюун ухаан бүрэн орлож чадахгүй.

Жагсаалтын аравдугаарт график дизайнерууд оржээ. Уг мэргэжил 48.5 оноо авсан аж. Үйлчлүүлэгчтэй ойлголцох, брэндийн мессежийг дүрслэн харуулахад дизайнерын ур чадвар, хүний мэдрэмж зайлшгүй шаардлагатай.

Эх сурвалж: Digital Journal, tech.co

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button