Судалгаа: Бяслаг Альцхаймерийн өвчний эрсдлийг бууруулдаг байж магадгүй
Шведэд явагдсан нэгэн томоохон судалгаа нь өөх тос ихтэй бяслаг болон цөцгий их хэрэглэдэг дунд болон ахмад настнууд дунд тэнэгрэх өвчний эрсдэл буурсныг харуулжээ.
Тэрхүү судалгааг 27,670 хүнийг 25 жилийн турш ажиглаж явуулсан юм. Энэ хугацаанд 3,208 хүн тэнэгрэх өвчинтэй болжээ. Альцхаймерийн өвчний удамшлын эрсдэлгүй хүмүүс өдөрт тослог бяслагийг 50 граммаас их хэмжээгээр идэх нь өвчлөх эрсдэлийг 13-17 хувиар бууруулжээ. Харин уг өвчний удамшлын эрсдэлтэй хүмүүсийн хувьд ийм үр дүн гараагүй байна.
Харин өдөрт тослог цөцгийг 20 граммаас их хэмжээгээр хэрэглэх нь тэнэгрэх өвчний эрсдэлийг 16-24 хувиар бууруулсан аж. Харин тослог багатай сүү, тослог ихтэй сүү, исгэсэн эсвэл исгээгүй сүү, мөн тослог багатай цөцгий ийм нөлөө үзүүлээгүй юм. Өөрөөр хэлбэл тослог цөцгий болон бяслаг нь Альцхаймерийн өвчний эрсдэлийг бууруулдаг байх магадлалтай.
Олон жилийн турш эрүүл мэндийн байгууллагууд зүрх судасны өвчнөөс сэргийлэхийн тулд тослог багатай сүүн бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж ирсэн. Тиймээс энэхүү судалгааны үр дүн ихээхэн анхаарал татаж байгаа юм. Зүрхний өвчин болон тэнэгрэх өвчин нь цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт зэрэг ижил төстэй эрсдэлт хүчин зүйлстэй байдаг.
Ийм ижил эрсдэлт хүчин зүйлтэй хэр нь нэг өвчнөөс сэргийлэхийн тулд тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг байтал зөнөгрөх өвчний үед өөр үр дүн үзүүлэв.
Өмнө нь явагдаж байсан судалгаанууд бяслаг хэрэглэх нь зүрхний өвчний эрсдэлийг бууруулдаг байж магадгүйг харуулсан. Мөн тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн нь зүрх судасны өвчний эрсдэлийг заавал нэмэгдүүлдэггүй гэх үр дүн бүхий судалгаанууд нийтлэгджээ.
Өөр хэд хэдэн судалгаанууд тархины эрүүл мэндэд тослог сүүн бүтээгдэхүүн эерэг нөлөө үзүүлдэг эсэхийг судалсан боловч үр дүн нь харилцан адилгүй гарсан аж.Ерөнхийдөө Азийн орнуудад явуулсан судалгаанууд сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь тархины үйл ажиллагаанд тустай гэж гардаг. Харин Европт явуулсан олон судалгаанууд ийм үр дүн үзүүлээгүй юм.
Үүний нэг шалтгаан нь Азийн орнуудад сүүн бүтээгдэхүүний дундаж хэрэглээ харьцангуй бага байдагтай холбоотой байж магадгүй. Тиймээс бага хэмжээгээр хэрэглэх нь их хэрэглэхээс өөр нөлөө үзүүлдэг байх талтай аж.
Жишээлбэл Японд явуулсан нэгэн судалгаагаар бяслаг идэх нь тэнэгрэх өвчний эрсдэлийг бууруулдаг гэсэн үр дүн гарчээ. Гэхдээ тус улсад амьдардаг хүмүүсийн бяслаг хэрэглээ маш бага байсан юм. Мөн тус судалгааг бяслаг үйлдвэрлэгч компани ивээн тэтгэсэн байв. Харин Засгийн газрын санхүүжилтээр хийсэн Японы өөр нэг судалгаагаар бяслаг ямар нэгэн хамгаалах нөлөө үзүүлээгүй байна.
Европын зарим урт хугацаанд явуулсан судалгаанууд мөн эерэг үр дүн гаргасан байдаг. Финландын нэгэн судалгаагаар 2,497 ширхэг дунд насны эрэгтэйг 22 жил ажиглахад бяслагийн хэрэглээ нь тэнэгрэх эрсдэлийг 28 хувиар бууруулсан юм. Бяслаг ийм нөлөө үзүүлсэн цорын ганц хүнс байжээ.
Эх сурвалж: Science Alert












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Альцхаймерийн гол өвчлүүлэгч нь буйлны үрэвсэл гэж нотолсон шүү! Буйлны үрэвсэл чимээгүй мөртлөө маш аюултай гэнэ лээ!
бид шар тос өрмөө идэх ёстой