О.Номинчимэг: АН 2026 оны төсвөөр улстөрийн наймаа хийсэн
УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй цаг үеийн улс төрийн талаар ярилцлаа.
-10 настай хүүхдээ тамхи зуугаад явж байгаасай гэж хэн ч бодохгүй, хүсэхгүй. Төр хийх ёстой ч орхигдчихсон байсан хуулийг УИХ-ын босго давуулсан. Хаврын чуулганаар батлагдаасай-
-Ажлын 75 хоног үргэлжилсэн багагүй адал явдалтай намрын чуулган өндөрлөлөө. Хувь гишүүний зүгээс эл чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Жил бүрийн намрын чуулганы хамгийн том сэдэв төсөв байдаг. Бид төсвөө баталсан. Гэхдээ намрын чуулганыг шүүмжилж буй олон нийттэй санал нэг байна. Чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн зодоон, тэмцэл эхэлсэн. Энэ үеэр ямар ч хууль тогтоомжийн талаар хэлэлцэх боломжгүй байлаа. Бүх нийтээрээ л хэрүүл тэмцэл хэрхэхийг харсныг нуух юун.
Энэ байдал үргэлжилсээр 12 сарын сүүл үеэс л ямар хууль тогтоомж, бодлогуудаа явуулах вэ гэдэгт идэвхийлэн ажиллаа. Мөн хаврын чуулганы бэлтгэл ажил буюу хаврын чуулганаар ямар бодлого хэрэгжүүлэх талаар УИХ-ын дарга Н.Учрал бодлогоо танилцуулсан. Ингэхдээ төрийн оролцоог багасгаж хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчинг сайжруулахад дорвитой өөрчлөлт хийнэ гэх чиглэлээр хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх талаарх эхний хэлэлцүүлгийг хийгээд явж буй.
-Таны хувьд тамхины хяналтын тухай хуулийг санаачлан ажиллаж буй. Хэзээнээс галтай сэдэв байв, олон ч дайралтад өртөх шиг боллоо.
-Чуулган эхэлмэгц буюу есөн сард л Тамхины хяналтын тухай хуулиа оруулж ирсэн. Дээр хэлсэнчлэн улстөрийн тэмцлээс шалтгаалан хэлэлцэх цаг хугацаа нь удааширсан. Гэсэн ч УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Одоо УИХ дээр санаачлагчаас тусдаа ажлын хэсэг байгуулагдаад хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад явж байна.
Үеийн үед л тамхины хяналтын тухай хууль нэлээд хэрүүл тэмцэлтэй, хэцүү хуулиудын нэг байсаар ирэв. Энэ хуулийг чамлахааргүй дэвшил гаргаж батлуулсан Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд хүнд хэцүү байсан тухайгаа хэлдэг. Шүүмжлэлийг нийтээрээ илэрхийлдэггүй. Харин мөнгөтэй хэдэн хүнээс л ирдэг. Тэдний эрх ашиг л хөндөгдөөд байгаа. Сошиал дээр шүүмжлээд байгаа нөхдүүдийг ороод харвал "тролл" хаягууд л байсан. Яг үнэндээ ирээдүйн Монголын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хууль.
10 настай хүүхдээ тамхи зуугаад явж байгаасай гэж хэн ч бодохгүй, хүсэхгүй. Төр хийх ёстой ч орхигдчихсон байсан хуулийн төсөл шүү дээ. Яамдууд нь хийх гээд чадахгүй 7-8 жил болсон. Ажлаа хийх гэснийг нь харлуулж, мохоогоод зогсоочихдог Засгийн газрынхаа босгыг давж чаддаггүй байсан. Энэ хуулийг бид 126 болчхоод заавал оруулж ирэх ёстой учраас хэрэгжүүлж байгаа.
Энэ хуультай холбоотойгоор О.Номинчимэгийг гүтгэх, харлуулах ажиллагаа их явагдсан. Сүүлдээ гэр бүл рүү хүртэл дайрсан. Увайгүй л байна. Гэхдээ иргэд олон нийт өөрсдийнхөөрөө тунгаах ухаантай. Хэн, ямар эрх ашгийн төлөө ийм үйлдэл хийж байгааг харж байгаа байх.
-Сөрж л байвал сөрөг хүчин, унагаж л байвал сайн улстөрч гэдэг зүйл байхгүй шүү дээ-

-Оны сүүлээр дэд сайд нарын томилгоотой холбоотой шүүмжлэлүүд багагүй өрнөлөө. Таны хувьд дэд сайд нарын томилгоонд ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд төр цомхон байх ёстой гэдэг зарчимтай. Манай улсад төр данхайсан, агентлагууд хэт олширсон, ТӨХК буюу эдийн засаг дахь төрийн оролцоо маш өндөр болсон. Үүн дээр маш шүүмжлэлтэй байдаг хүмүүсийн нэг.
Төрийн данхар бүтцийг хамгийн бүтээмжтэй байдлаар цомхотгох шаардлага байгаа. Гэхдээ хэт туйлширч болохгүй. Дэлхийн улс орнуудын туршлага, чиг үүргүүдийн дүн шинжилгээг хийгээд үзэх хэрэгтэй.
Хувь гишүүний хувьд дэд сайд нар байх ёстой гэж боддог. Улстөрийн албан тушаалтан мөн. Гэхдээ манай улсад 16 яам, яамгүй сайд нар бий. Үүнийг цөөлөх ёстой. 8-10 яамтай, чиг үүрэг нь тодорхой сайд, дэд сайдтай байвал хамгийн боломжит хувилбар байна гэж хардаг.
-АН-ын зүгээс дэд сайд нарын томилгоотой холбоотойгоор Засгийн газрыг огцруулах гарын үсгийг цуглууллаа. Энэ акцаа хаврын чуулганаар үргэлжлүүлэх талаараа ч илэрхийлээд буй.
-Сөрж л байвал сөрөг хүчин, унагаж л байвал сайн улстөрч гэдэг зүйл байхгүй шүү дээ. Дэд сайд нартай холбоотойгоор эхлүүлсэн Ардчилсан намын акцыг бүгд л мэдэж байгаа. Энэ бол дэд сайдыг эсэргүүцсэндээ биш хамтарсан Засгийн газрын үед Ардчилсан намынхныг ажилтай байлгахын тулд томилсон ТӨК-ийн бүтээмж, хяналтын менежерүүдийг цомхотгоё гэдэг асуудлаас л үүдсэн. Иргэдийн амьдрал хэцүү байгаа. Тэр бухимдал дээр дөрөөлсөн улстөрийн акц гэж харагдаж байгаа.
-2026 оны төсөв олон шүүмжлэлийг давж батлагдсан. Хэр төсөв батлагдсан гэж харж байна?
-Төсөвтэй холбоотой хоёр зүйл хэлмээр байна.
Нэг. Манай төсвийн бүтцийн харьцаа нэлээн хэцүү болчихсон. Төрийн бодлого тодорхойлж байгаа хүмүүс үнэн бодитойгоор хэлэх ёстой. Бидний урсгал зардал маш их болчихсон. Нөгөө талд цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх шаардлага байгаа. Гэхдээ яагаад зардал нэмэгдээд байна вэ гэхээр инфляцаа барьж чадахгүй, макро эдийн засгийн хувьд бодлогоо зөв хийж яваагүйгээс үнийн хөөрөгдөлт өндөр байснаар авч байгаа цалин, тэтгэврийн үнэ цэн өдөр ирэх тусам үнэ цэн нь буугаад байна.
Төсвөө бид татвараар бүрдүүлдэг. Гэтэл орж ирж байгаа татварын хэмжээ хязгаар гэж бий. Энэ балансыг яаж сайн барих дээрээ анхаарах шаардлагатай. Бүгд хэн нэгэнд таалагдах гээд "заавал ингэх ёстой, тэгэх ёстой" гэж ярьдаг ч боломжит хүрээ хязгаараа хэн ч шийдэлтэйгээр ярихгүй байна. Тиймээс зарим улстөрчдийг шийдэлтэйгээ яриасай гэж хүсдэг.
Хоёр. Төсөвт асуудалтай, эргэж харах шаардлагатай асуудлууд байсан. Тухайлбал, хөрөнгө оруулалтын асуудлуудыг хөндөж яримаар байна. Ямар ч үр нөлөөгүй хөрөнгө оруулалтын зардлаа танаж, бүсээ чангалъя, илүү иргэд рүүгээ чиглэсэн эмч багш нарын цалин, тэтгэвэр, тэтгэмж дээрээ анхааръя гэсэн. Гэтэл гэнэт ТЭЗҮ нь хийгдсэн эсэх нь тодорхойгүй 100 гаруй хөрөнгө оруулалтын ажлуудыг төсөв дээр оруулж ирсэн байсан, төсвийн ажлын хэсгийн ахлагч нь. Цаад талыг нь өнгийж харвал дандаа Ардчилсан намынхны нөлөөлөл байсан. Төсвөөр дамжуулж улс төрийн наймаа хийсэн нь тодорхой гэсэн үг.
Хууль тогтоомжийн хувьд ТЭЗҮ бэлэн бус хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх боломжгүй учир хэдэн сардаа төсвөөс хасагдах ёстой. Тиймээс төсвийн одоогийн дүн тооцоолол өөрчлөгдөх дүр зураг харагдаж байна.
Гэрийн аав ээж хоёр зодолдохоор хүүхэд л хохироод, хэцүү үлддэг гэдэг шиг улстөрд бужигнаан, зодоонтой байснаар ард иргэдийн амьдрал доройтож байна. Иймд ард иргэд рүүгээ чиглэсэн асуудалд улстөрчид маань илүү зарчмын байр суурин дээр байж ажиллаасай.
-Г.Занданшатарын ЗГ ойр зуурын, богино зайны шийдэл гаргаад байгаа. Урт хугацааны шийдлээ давхар гаргаад, хэрэгжүүлээсэй-

-Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад 200 гаруй хоног өнгөрч байна. Тус Засгийн газрын ажлыг дүгнэвэл?
-Одоогийн Засгийн газар зургаан сард байгуулагдсанаасаа хойш нэлээн шуурган дунд л явлаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Гэнэт өнөөдөр, Г.Занданшатарын Засгийн газар гарч ирснээр ийм нөхцөл байдалд хүрээгүй шүү дээ. Эдийн засаг хүндрэх талаар, бид нүүрснээс хэт хамааралтай байх талаар аль 2024 онд л хэлж байсан. Олон асуудал бий, шийдэх гэж хичээж байгаа байх.
Ерөнхийд нь харвал асуудалд ойр зуурын, богино зайны шийдэл гаргаад байгаа. Урт хугацааны шийдлээ давхар гаргаад, хэрэгжүүлээд явах ёстой. Улсын эдийн засгийн бүтэц ямар байх ёстой, хувийн хэвшлийн орон зайгаа бид яаж тэлэх вэ, үүнд өрсөлдөөнт зах зээлийг яаж бий болгох дээр дорвитой алхмуудыг хийх байх. Угтаа хувийн хэвшлээ дэмжиж байж л улсын эдийн засаг өндийнө.
-Хаврын чуулганаар та ямар асуудалд дуугарч, ямар хуулийн төсөл дээр ажиллах вэ?
-Тамхины хяналтын тухай санаачилсан хууль минь аль болох хурдан батлагдаасай. Миний гараас гарч УИХ-ын ажлын хэсэгт шилжсэн. Энэ ажлын хэсэг маань сайн ажиллаад иргэд, хүүхдүүдэд үр дүн нь гарах хууль батлагдаасай гэж хүсэж байна.
Миний хувьд хувийн хэвшилд буюу олон улсын хуулийн фермд хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн эрх зүйн чиглэлээр олон жил ажилласан, олон улсын арбитраар ажилласан хүн. Дээр дурдсанчлан төр хийх ёсгүй юмаа хийгээд, хийх ёстойгоо хийхгүй байна. Төрийн чиг үүргийн гажуудал гэх үү дээ.
Төр хийх ёсгүй зүйлээ хийж байгаа нь эдийн засаг дахь, бизнесийн салбар дахь төрийн оролцоо маш өндөр байгаа. Үүнийг шинэчлэх болсон. Суурь хууль буюу Төрийн өмчийн тухай хууль. Бид 1992 онд Үндсэн хуулиа баталж, хувийн өмчийг баталгаажуулж, төрийн өмчийг ямар зарчимтай байхыг тодорхойлсон ч өдгөө чөлөөт зах зээлийн нийгэм бүрэн бүрэлдэж тогтоогүй байна. Иймд төрийн өмчийг яаж ойлгох ёстой, хэн хариуцах, хэн бүртгэснээр алдагдаж, шамшигдахаас хамгаалах ёстойг, төр юунд оролцож, оролцохгүйг зохицуулах Төрийн өмчийн тухай хуулийн төслийг би ахалж ажиллахаар захирамж гарсан. Хаврын чуулганаар энэ хууль дээрээ маш сайн ажиллаж төр, хувийн хэвшил хаана байх ёстой ялгаа заагийг гаргах суурь хууль дээр ажиллана.
Мөн хувийн хэвшил ААН-ын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг төлбөрийн чадваргүйтлын буюу дампуурлын тухай хууль дээр ажиллана. Энэ нь эдийн засаг үр ашигтай байх, компаниудын үйл ажиллагаа оновчтой байх, эрсдэлээ урьдчилан сэргийлж хардаг байх, асуудал гарах юм бол тэгш хуваарилалтын зарчим юу байхыг зохицуулж байдаг суурь хууль юм.
Үүнээс гадна нийгэмд шүүхийн шийдвэрийн асуудал хөндөгдөж байна. Хэдийгээр шударга ёсны шийдвэр шүүхээс гардаг боловч шүүхийн шийдвэр биелэхгүй байх юм бол хүмүүст үр өгөөжөө өгдөггүй. Улмаар нийгмийн зүгээс хууль хүчний байгууллага ажиллахгүй байна, шударга ёс тогтохгүй байна гэдэг. Наанадаж өглөг, авлагын асуудал шийдэгддэггүй, хүүхдийн тэтгэлэг авах асуудал шийдэгддэггүй. Энэ тогтолцооны хувьд гажуудсан байгааг засах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд анхаарч ажиллана.
-Таны хувьд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилладаг. Танай байнгын хороо хаврын чуулганы үеэр ямар асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа вэ?
-Өргөдлийн байнгын хороонд иргэдээс маш олон өргөдөл гомдол ирдэг. Үүнээс УИХ бодлогын хэмжээнд ажиллах ёстой асуудлуудын нэг бол барилгын компанийн асуудал. Иргэд насаараа хөдөлмөрлөсөн мөнгөө байрны урьдчилгаанд өгдөг. Гэтэл барилгын компани ямар ч хяналтын механизм байхгүйгээс алга болчихдог. Үүнд хууль тогтоомжийн хувьд хаана бодлогын шийдэл дутаад байгааг, юу хийх ёстойг гаргаж ирэх шаардлагатай байна. Үүнийг Өргөдлийн байнгын хороо хаврын чуулганы үеэр хэлэлцэх асуудлын цагалбарт оруулсан. Үгүй бол энэ маргаан шүүх дээр ч шийдэгдэхгүй байдалд хүрээд буй.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
SANAA BOL ZOW GEHDEE OYU TOLGOOGOOS HOLDOOD ULS TORDOO OROOO
НЭЭГ Л ИХ БОДЛОГО ЯРЬСАН ХҮМҮҮС ГЭНЭТ ГАРЧ ИРСЭН ЗАЙРАНТАН УДГАНУУД ТӨРД ОРООД ИРСЭН ШҮҮ ЕРӨӨСӨӨ ТАНИХГҮЙ МЭДЭХГҮЙ АНХ УДАА ХАРЖ БАЙГАА ОЛОН ГИШҮҮН НЭРТЭЙ АЛИАЛАГЧ НАР БАЙНА.ТОО НЬ ИХСЭХ ТУСАМ ЭРХ ЯМБА НЬ ДИЙЛДЭХЭЭ БОЛЬЧИХОЖ БАЙГАА ЮМ.ЗАНДАНШАТАР ЭВИЙ МИНЬ ХӨӨРХИЙ МИНЬ БУРУУ ТИЙШЭЭ ЯВЧИХЛАА ДАА.ХИР УДААН ЗОДОГЛОЖ МАНИЙГАА БАЯСГАХ ЮМ БҮҮ МЭД УДАХГҮЙ ЗАСГАА ШҮХЭРГҮЙ ҮСРҮҮЛЖ ТОГЛОХ ВИЙ ГЭЖ САНАА ЗОВНИЖ БАЙНА.ЭНЭ НОМИНЧИМЭГ ГЭЖ НЭЭГ ИХ ГОЁДСОН НЭРТЭЙ ТҮШЭЭ ХАМААГҮЙ ИХ ТОМ ТОМ БААХ ЮМАА.ИХ ХУРАЛД ЧААСНААРАА ХАРАМСАХГҮЙГЭЭР Л ЧИ АЖИЛЛААРАЙ МАГАДГҮЙ ИРЭЭДҮЙД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОМИОКО ЕРӨНХИЙЛӨГЧ НОМИОКО ЯМАР СОНСОГДОЖ БАЙНА.ХА ХА ХА МАГАДГҮЙ ШҮҮ ХӨӨРХИЙ ХҮҮК ШАЛДАН СОНСОГЧООС УЛСЫН ЭЗЭН БОЛЧИХООД ОДОО ЖИНЭХЭН ЛААЖ БАЙНАШТ
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Булгантуяагаар татуулж Занданшатарт ойртож төрд шургасан гар байж Булгантуяагаа өмгөөлсөн нэг ч үг хэлэхгүй хөгийн хүүхэн. Нэг их эрийн сайндаа энэ хүрсэн мэт л хөөрөөд
Гахайн тоорой гуц