Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл оюун ухаан, Тоон загварчлал, Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)–ээс энэ оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр саруудын урьдчилсан төлөвийг тооцоолжээ. 2026 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Мөн зудын эрсдэл буюу бэлчээрийн даац хэтэрсэн аймаг сумдад өвөлжилт ямар байх талаарх мэдээллийг танилцуулъя.
Ташрамд, Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Энэ стандартын дагуу цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллүүдийг хамтатган хүргэж байна.
2026 оны хоёрдугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сард: Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22...-28°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14°C, бусад нутгаар -14...-22°C хүйтэн байдаг байна. Тэрчлэн хоёрдугаар сарын агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй гарчээ.
2026 оны хоёрдугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв:
Сарын нийлбэр хур тунадас Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна. Тэгвэл хоёрдугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй гарчээ.
Гуравдугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)
Гуравдугаар сард: Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С хүйтэн байдаг аж.
2026 оны гуравдугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв:
Гуравдугаар сарын агаарын дундаж температур: Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Гуравдугаар сарын хур тунадасны ОЖД: Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм ордог байна. Тэгвэл гуравдугаар сарын нийлбэр хур тунадас Баян–өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сард: Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг байна. Тэгвэл энэ сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм байна. Дөрөвдүгээр сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй гарчээ.
Агаарын дундаж температур: II сард ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, III дугаар сард нутгийн баруун хэсгээр ОЖД–ийн дулаан, зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас: II болон IV сард ОЖД–ийн орчим, III сард нутгийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хаврын улирал эхэлж буй тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг анхаарууллаа.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулав.
Зудын эрсдэлийг 2025 оны 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4%-д нэн их, 17%-д их, 33%-д дунд, 25%-д бага зэрэг хүндрэлтэй, 21%-д хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар их, Ховд, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар дунд болон их, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговийн ихэнх нутгаар дунд зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй байна.
Өвөл хаврийн бэлчээрийн даацын урьдчилсан мэдээ
Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, харин 40 гаруй хувьд хэтэрч гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарсан байна.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Ногооннуур, Өлгий, Бугат, Алтанцөгц, Баяннуур, Толбо, Сагсай, Дэлүүн, Увсын Сагил, Түргэн, Бөхмөрөн, Улаангом, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Ховд, Буянт, Чандмань, Дуут, Жаргалант, Мөст, Завханы Улиастай, Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Өвөрхангайн Уянга, Булганы Рашаант, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Жавхлант, Орхон, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Төвийн Баянхангай, Баяндэлгэр, Эрдэнэсант, Борнуур, Баянчандмань, Сүхбаатарын Баяндэлгэр, Өмнөговийн Мандал-Овоо сумд хамрагдаж байна. Харин Баян-Өлгийн Цэнгэл, Алтай, Увсын Завхан, Ховд, Ховдын Мөнххайрхан, Манхан, Завханы Алдархаан, Говь-Алтайн Бигэр, Цогт, Баянхонгорын Галуут, Баян-Овоо Өвөрхангайн Баянгол, Төгрөг, Нарийнтээл, Сант, Есөнзүйл, Архангайн Өгийннуур, Булганы Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Цагааннуур, Баянгол, Мандал, Сант, Төвийн Лүн, Жаргалант, Сүхбаатарын Уулбаян, Дундговийн Гурвансайхан, Сайнцагаан, Говь-Угтаал, Өмнөговийн Цогт-Овоо, Баян-Овоо, Хүрмэн, Дорноговийн Сайншанд сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 24.6 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.
Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.