НИЙГЭМНийгэм мэдээ

Бэлчээрийн даац хэтэрч малын тоонд бус чанарт анхаарах шаардлага үүслээ

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 58.1 сая мал тоологдсон байна. Улмаар малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Малын тоог төрлөөр нь авч үзвэл:

  • Адуу 5.1 сая болж 9.5 хувиар өссөн,
  • Үхэр 5.4 сая болж 7.2 хувиар өссөн,
  • Тэмээ 501.3 мянга болж 4.3 хувиар өссөн,
  • Хонь 23.9 сая болж 2.6 хувиар буурсан,
  • Ямаа 23.2 сая болж 1.1 хувиар өссөн байна.

Харин нийт мал сүргээс хонь 41.1 хувь, ямаа 39.9 хувь, үхэр 9.4 хувь, адуу 8.8 хувь, тэмээ 0.9 хувийг тус, тус эзэлж байгаа аж. Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр бэлчээрийн даац хэтэрсэн нутгуудад өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл өндөр гарчээ. Тэрчлэн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, харин 40 гаруй хувьд хэтэрч гарсан байна. Иймд бэлчээрийн даац хэтрээд байгаа өнөө үед малын тоо толгойнд биш чанарт анхаарах хэрэгтэй байгаа юм.

Үүний жишгээр Увс аймаг 2030 он хүртэл "Мянгат малчин" цол олгохгүй байхаар болсон. Мөн Дундговь аймаг "Аварга малчин" шалгаруулах журамдаа өөрчлөлт оруулж, малын тоо толгой бус ашиг шимийг харгалзаж үздэг байхаар тусгажээ. Тэрчлэн "Аварга малчин" шалгаруулах журамд өөрчлөлт орж "нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлсэн байдлыг голлох үзүүлэлт болгож, 2000-аас доошгүй малчин өрх тутамд нэг улсын аварга малчин өрх шалгаруулах"-аар болсон юм.

Нөгөөтээгүүр малчид сүргийн бүтэц, газар нутгийн онцлог, ажиллах хүчний нөөц, эдийн засгийн эргэлтээ тооцож малынхаа тоо толгойг тогтоох шаардлага үүсэж байна. Тиймээс өөрийн нутагтаа тохирох мал сүргийг өсгөн үржүүлж бэлчээрийн даацаа хэтрүүлэхгүй байх нь анхаарах асуудал болоод буй.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Татвараар зохицуул

Тэтгэгч
Тэтгэгч

Малчдын бүх хэрэглээг төрөөс өгч буй татаас урамшуулал халамж хангалттай хүрэлцэж бн мах сүү зарж үйлээ үүсэхээс халамж урамшуулал нэхэх нь амар бөгөөд илүү хялбар сонгууль болгоноор л малчдын толгодтой халамж оройлон хэрэгждэг

Холбоотой мэдээ

Back to top button