ХААНЫ ГЭР БҮЛ ЦУВРАЛ 4: ЭЗЭН ХААНЫ ГАНЦ ОХИН
Өнгөрсөн зун Монгол улсад айлчилсан Япон улсын эзэн хаан Нарухито болон түүний хатан Масако нар ганц охинтой. Хэрэв тэд хүүтэй бол ирээдүйд эцгийнхээ угсааг залгамжлан, япон улсын хаан болох ёстой байсан ч хувь тавилан ийм байв. Харин одоогийн эзэн хааны угсааг залгамжлах хүний жагсаалтын нэгдүгээрт эзэн хааны төрсөн дүү Акихито хунтайж, хоёрдугаарт Акихитогийн хүү Хисахито нар хуулийн дагуу нэрлэгддэг. Хэрэвзээ Акихито хунтайж, Кико гүнж нар монголчуудын хэлж заншсанаар хэнз хүүгээ төрүүлээгүй бол япон улс ирээдүйд хаан угсаа залгамжлах эрэгтэйгүй болж, хааны ганц охин болох Аико гүнж хатан хаан болох байв. Болох байв гэдэг нь Япон улсын Засгийн газраас энэ эрсдлийг хэдийнэ олж хараад ирээдүйд япон улсын хаан угсааг таслахгүйн тулд эмэгтэй угсаа залгамжлагчийг хаан ширээнд өргөмжлөх хуулийн төслийг хэлэлцүүлж байв. Энэ л үед Хисахито хунтайж Кико гүнжийн 39 насны сүүл дээр энх амар мэндэлж, дээрх хуулийн төсөл “хөлдсөн” байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл японы олон ард иргэд Аико гүнжийг ирээдүйд хаан эзний угсааг залгамжлах ёстой бөгөөд энэ нэр хүндтэй үүргийг авч явж чадах, хаан ширээнд тэнцэх цор ганц хүн хэмээн тэмцсээр байгаа билээ.

ХААНЫ ГАНЦ ОХИН
Японы одоогийн эзэн хаан Нарухитог хаан ширээнд суухаас 18 жилийн өмнө буюу 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Аико гүнж мэндэлжээ. Тэрбээр ээжийгээ 38 настай байхад, аав ээжийнхээ гэрлэсний найман жилийн ой дээр төрсөн бөгөөд түүнийг төрөхөөс хоёр жилийн өмнө түүний ээж, одоогийн хатан Масако мөн нэг удаа бие давхар болж байсан ч ураг эндсэн харамсалтай түүхтэй.
Түүнийг төрөхөд өвөө нь буюу тухайн үеийн эзэн хаан Акихито Хятадын сонгодог зохиолч Мэн-цзыгийн сургаалиас иш татан Аико буюу “Хайрын хүүхэд” гэсэн нэрийг хайрлав. Энэхүү нэр нь тун чиг утга учиртай бөгөөд хайраар өсөж, энэрэлээр хүмүүжсэн хүүхэд нийгэмдээ ямархан тус нэмэр болдогийг ирээдүйд энэ бяцхан охиныг харуулна гэдэгт итгэж хайрласан гэнэ Гүнжийн бүтэн нэрийг Тоши-но-мияа Аико Наишинно хэмээнэ.
Тоши-но-мияа нь цол хэргэм буюу хүндлэх, дээдлэх, хааны ордон гэх утга,
Аико нь хайрын хүүхэд гэх утга,
Наишинно нь зөвхөн эзэн хааны охидод оноогдох албан ёсны цол бөлгөө.
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭД ӨРТСӨН НЬ
Гүнж Аико эзэн хааны гэр бүлийн уламжлалыг даган боловсролын бүх шатандаа Гакушуин сургуульд суралцсан. Зөвхөн язгууртнуудын суралцдаг энэ сургуульд боловсролтой, соёлтой айлын хүүхдүүд суралцдаг гэх боловч үнэн хэрэгтээ энгийн хүүхдүүдийн сурдаг сургуулиудын адил, далд дээрэлхэлт, гадуурхалт байдаг төдийгүй, гүнж ч бас үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн, өртөж болдог юм байна гэх мэдээлэл японы хэвлэлүүдээр шуугиан тарьсан хэрэг саяхан мэт санагдана.
2010 оны 3-р сарын эхээр Айко гүнж сургуулийнхаа хөвгүүдэд дээрэлхүүлсний улмаас сургуульдаа явахгүй байгаа тухай Эзэн хааны гэр ахуйн агентлагаас мэдээлэв.

Чухам юу болсон тухай нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлснээр “Нэгэн өдөр Аико гүнж хичээлээ тараад сургуулийн гутал солих хэсэгт, увабаки (япон сурагчдын сургууль дээрээ өмсдөг шаахайн гутал) -гаа сольж байхад нь хэсэг хөвгүүд Аико гүнжийг харуут гэнэт хурдтайгаар чиглэн гүйж ирж айлгаад, дараа нь инээлдээд зугтсан гэх. Тэр явдлын дараагаас гүнж сургуульдаа явахаас айж, гэдэс өвдсөн гэх түгшүүрийн шинж тэмдэг ажиглагдсан” гэжээ.
Эзэн хааны гэр ахуйн агентлагас гаргасан уг мэдээллийн дараа Токио хотын төв Шинжикү дүүргийн элит Гакушуин сургуулийн захирал Мотомаса Хигашисоно “Болсон үйл явдал нь үл ойлголцол байх магадлалтай бөгөөд хоёр хүү түүнийг гутлаа солиод эргэхэд нь гэнэт ойртон ирж, түүнтэй мөргөлдөх шахсан нь түүнийг айлгасан байж болно” хэмээн тайлбар мэдүүлжээ.
Харин Эзэн хааны гэр ахуйн агентлагаас “Өнгөрсөн удаад хэд хэдэн хөвгүүдийн ийн танхайрсан, түүн рүү юм шидэж, эвгүй байдалд оруулж байсан зэрэг нь энэ удаагийн үйл явдал хүнд тусахад нөлөөлсөн” хэмээв.
Ийнхүү Эзэн хааны гэр ахуйн агентлаг болон сургуулийн захиргаанаас хэд хэдэн удаа хоорондоо шийдэмгий мэдээллүүд “шидэлцэж” маргалдаж байх зуур ард түмний зүгээс хааны гэр бүл тулгарсан энэ асуудлаа ард түмний дунд нээлтэй хуваалцаж, мэдээлж байгаад талархаж байлаа. Японы нийгэмд “ижимэ” буюу үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт газар авсан, эцэг эхчүүд арга мухардсан энэ үед гүнж хүн хүртэл дээрэлхэлтэд өртөж байгаа нь нийгэм, боловсролын системд энэ асуудлыг чухалчлан авч үзэж, гарц гаргалгааг бодитоор хайх ёстой болсныг харуулсан үйл явдал боллоо гэв. Нөгөөтээгүүр, үргэлж бурхан мэт өргөмжилж ирсэн энэ гэр бүл ард түмэнтэйгээ ойр, ижил гэдгээ мэдрүүлсэн явдал байлаа.
Гүнж энэ явдлаас хоёр сар гаруйн дараагаас буюу тавдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ордны ахлах ажилтан, хунтайжийн гэрийн эмчийн зөвлөснөөр ээжийнхээ хамт цөөн тооны хичээлд суухаар болсон тухай агентлаг мэдээлэв. Найман настай охиноо хичээлдээ сууж байх хооронд ээж Масако нь ангийн хойно сууж, түүнийг дэмжиж, хайраар халамжилж байснаас удалгүй тэрбээр бие даан хичээлдээ суух болж, ердийн хуваариар хичээллэж эхэлжээ.
ГҮНЖ ШИГ ХӨӨРХӨН БИШ ГЭХ ШҮҮМЖЛЭЛ
2014 он гэхэд Аико гүнж Гакушуиний нэрэмжит охидын дунд сургуульд элсэн орлоо. Өсвөр насандаа шилжиж, бага зэрэг жин нэмж, нүүрэн дээр нь юм гарч эхэлсэн нь түүнийг олны шүүмжлэл хүлээх шалтаг болов. Бага сургуульд байхдаа үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, дунд сургуульд байхдаа олон нийтийн шүүмжлэл дагуулснаар гүнжийн сэтгэлзүйн байдал тийм ч тогтвортой байсангүй. Түүний сэтгэлзүйн байдлыг дараах гурван жилийн харьцуулсан зургаар илэрхийлж болдог.



Жин нэмсэн 2015 оны үед түүнийг “Гүнж юм байж гүнж шиг хөөрхөн биш. Хоёр үеэл эгчийгээ харж, суралцаж, тэдэн шиг биеэ авч явах хэрэгтэй. Хэтэрхий жин ихтэй байна. Царай муутай байна. Эзэн хааны угсааны эмэгтэйчүүд том нүдтэй байдаг, тийм биш байна” гэх шүүмжлэл дагах болов. Өсвөр насны хүүхдэд ийм шүүмжлэлийг өдөр бүр сонин хэвлэл дээрээс олж уншихад хүнд, тиймдээ ч маш хурдан жин хасаж, жилийн дотор танигдахгүй болтол турсан гэж ойр дотныхон нь хэлдэг. Ингэж хурдан жин хассан нь түүний сэтгэлзүйн асуудлаас үүдэлтэй хоол идэх эмгэгийн уршиг хэмээн тайлбарлаж байлаа.
Түүнийг сэтгэлзүйн хүнд асуудлуудтайгаа нүүр тулж байх энэ хугацаанд ээж Масако нь хамгийн их хань болж байлаа. Өөрөө “Хүү төрүүлээгүй” гэх олон нийтийн шүүмжлэл, ордны хатуу дэг жаягт амьдралаас үүдэн “Adjustment disorder” гэх сэтгэлзүйн эмгэгээр оношлогдож, олны нүдэнд ил гарахаас татагалзаад байсан ч охиныхоо төлөө олны өмнө ил гарахаас татгалзаж байсангүй. Ийнхүү үргэлж хажууд нь дэмжиж, ойлгож, хайрлаж байсны дүнд 2018 оны зунаас Аико гүнж Их Британийн Итон коллежийн зуны хөтөлбөрт бие даан хамрагдах томоохон шийдвэр гаргаж, энэ удаад ч ээж нь түүний ард найдвартай хүч нь болж, сэтгэл санааны томоохон дэмжлэг үзүүлж байв.

2020 онд гүнж Гакушуин их сургуульд Япон хэл, уран зохиолын мэргэжлээр элсэн суралцаж, сургуулийнхаа профессоруудын хайртай шавь нь болов. Өдөр, шөнөгүй хичээлээ давтаж, нэг л алдвал түүнийгээ хэдэн зуу дахин давтан бичдэг түүнийг багш нар нь дэндүү шаргуу оюутан хэмээн тодорхойлж байжээ. Шөнө оройн цагаар маш их ном уншдаг байсан тул эцэг хаан нь түүний өрөөгөөр хааяа шагайж эрт унтахыг нь эелдэгээр сануулах хэлэх шаардлагатай болдог байсан гэдэг.
Тиймдээ ч түүний их сургуулийн төгсөлтийн ажил нь өөрийн сэтгэлийг илэрхийлэх толь нь болжээ. 'Шокүши гүнж ба түүний Вака яруу найргийн судалгаа” гэх сэдвээр тэр бакалаврын зэргээ хамгаалсан бөгөөд Шокүши гүнж нь дундад зууны үеийн эзэн хааны гэр бүлийн яруу найрагч эмэгтэй байв. Профессорууд түүний сэдвийн сонголт санамсаргүй зүйл биш гэдгийг сайтар мэдэж байлаа. Түүхэн дэх эзэн хааны гэр бүлийн эмэгтэйчүүдийн нарийн төвөгтэй амьдрал, тэд урлагаар дамжуулан өөрийгөө хэрхэн илэрхийлж байсан тухай сэдэвт гүнж гүн гүнзгий татагдсан нь энэ юм.

Удирдагч багш Накано Такүфүми түүнийг шантрашгүй хэмээн магтаж, судалгаагаа сайжруулахын тулд хамгийн сүүлийн мөч хүртэл уйгагүй ажиллаж, өөрийн санааг өөрийнхөө үгээр илэрхийлэхийг хичээдэг байсныг онцолжээ. Гүнж Айко өөрөө энэ үйл явцыг нэг зүйлийг судлахад дараа дараагийн судлах зүйлс ар араасаа гарч ирдэг, дуусашгүй мэт санагдаж, ялангуяа эцсийн хугацаа ойртох үед маш хүнд байсан хэмээн дурссан байдаг. “Энэ нь зүгээр нэг сургуулийн даалгавар биш, харин өөрийгөө танин мэдэх үйл явц байсан. Шокүши гүнжийг судалснаар би өөрийн үүрэг хариуцлага, өв уламжлалыг шууд бусаар судалж байсан юм” хэмээжээ.
Аико гүнж 2024 оны 3-р сарын 20-нд сургуулиа төгссөн бөгөөд энэ үедээ мөн "Одооноос Эзэн хааны гэр бүлийн гишүүний үүргээ сайтар чандлан биелүүлэхийн зэрэгцээ албан үүрэг, өөрийн ажлыг тэнцвэртэй байлгахыг хичээх болно ..." хэмээжээ. Харин ард түмэн нь түүний олж авсан боловсрол, хийсэн судалгаанд сэтгэл ханамжтай байсан бөгөөд судалгаандаа японы хуучин үг хэллэгийг сайтар судалж байсан нь эх хэл соёлдоо хүндэтгэлтэй хандаж, үнэ цэнийг нь ойлгож хайрлаж байгаа сайшаалтай зүйл юм хэмээн үнэлжээ.
МИНИМАЛ ГҮНЖ
Аико гүнж бага насандаа ээжийнхээ бэлэглэсэн Гүччи брэндийн хүүхдийн цүнхийг үүрч гадуур явж байгаад папарацид өртөн “Ард түмний мөнгөөр хүүхдээ эрхлүүлсэн, жаахан хүүхэд байж брэндээр гангарлаа” гэх шүүмжлэлд өртөж байсан удаатай.
Харин одоо бол Аико гүнж болон Масако хатан нарыг өмсөж буй хувцасаа ахин дахин өмсдөг, өмнөх хатан Мичико шиг нэг зураг авалтанд зориулж нэг шинж хувцас хийлгэдэггүй, хямралтай байгаа энэ үед ард түмний татварын мөнгөнд арвич хямгач ханддаг, энгийн сайхан хувцасладаг хэмээн сайшаадаг. Тэдний хувцасны даавууг хүртэл сайн чанарын даавуу байхаас тансаг зэрэглэлийн даавуу биш байдаг нь ард түмнээ хүндэлж буй хэлбэр гэж тайлбарлах хүмүүс ч байдаг. Эсрэгээрээ харин бүхэл бүтэн Азийн том эдийн засагт улсын хаан, хатан байхад тансаг зэрэглэлийн даавууг өмсөж, хэрэглэх ёстой гэх хүмүүс ч бий.

Юутай ч Аико гүнж ээжийнхээ 20 жилийн өмнөх энгэрийн зүү, гоёлын жижиг цүнх зэргээр үе үе гангарч, үе дамжин хэрэглэгдэх үнэ цэнэ, ахин дахин хэрэглэхийн утга учрыг өөрөөрөө үлгэрлэдэг. Мөн ч өөрийнхөө энгийн, өдөр тутмын хувцаснуудыг дундаж япон иргэдийн хувцасаа худалдан авдаг “Uniqlo”, “GU” зэрэг дэлгүүрүүдээс авах дуртай гэж хэлэн бүр ч их олны хайрыг татсан удаатай.

Нөгөөтээгүүр, Аико гүнж 2021 онд 20 нас хүрч Эзэн хааны гэр бүлээс өөрийн гэсэн тиарагаа авах болдог. Хуулийн дагуу гүнж нар нас биед хүрэхээрээ өөрийн гэсэн үнэт эрдэнэ бүхий титэмтэй болж, хааны гэр бүлээс татгалзан явсан ч титмээ инж болгон өөртөө авч явдаг учиртай. Энэхүү титэм дунджаар 30 сая иэн буюу 720 сая орчим төгрөг болно.
Гэвч дэлхий дахинд ковид нүүрлэж, улс орны эдийн засаг төдийлөн сайн байсангүй тул Аико гүнж өөрийн нас биед хүрэх ёслолын үеэр авга эгч Саяако (одоогийн эзэн хааны төрсөн дүү, одоо эзэн хааны гэр бүлийн гишүүн биш)-ийн титмийг зээлэн авч хэрэглэжээ.

Мөн Аико гүнж бага наснаасаа л Оксфордын их сургуульд суралцах мөрөөдөлтэй байсан ч улсынхаа төсвийг бодож дотооддоо сургууль төгсөх шийдвэр гаргасан зэрэг нь үнэхээр л ард түмнийхээ аж амьдралын бэрхшээл, зовлонгийн нарийн ширийнийг ойлгож мэддэг ухаантай гүнж гэх тодотголыг авч ирсэн билээ.
ГҮНЖИЙН АВЬЯАС ХИЙГЭЭД СОНИРХОЛ
Аико гүнж бага наснаасаа японы уран бичлэг буюу Шодо урлагаар хичээллэж, Эзэн хааны ордны ажилтнуудын соёлын наадамд “бүтээлүүдээ” дэлгэдэг байж. Япон улс ханз бичгээр хүүхдүүдийг бага сургуульд байхаас нь уран бичүүлж, сургуулийн үзэсгэлэнд мөн дэлгэн тавьдаг бөгөөд авьяастай бөгөөд сонирхолтой хүүхдүүд уг урлагаар үргэлжлүүлэн хичээллэх бөлгөө. Аико гүнж гурван настайдаа “Аико” буюу хайрын хүүхэд гэх өөрийн нэр, зургаан настайдаа “Нохой” гэж бичсэн уран бичлэгүүд нь өнөөдөр нас биед хүрсэн хойно нь улам үнэ цэнэтэй болсон гэдэг.
Мөн ч аав, өвөөгийнхөө хөгжмийн авьяасыг өвлөн авч, дөрөвдүгээр ангиасаа эхлэн найрал хөгжмийн дугуйланд морин хийл тоглож эхэлжээ. Үргэлжлүүлэн Гакушуин сургуулийнхаа найрал хөгжмийн тоглолтод хэд хэдэн удаа оролцож, эцэг эх нь түүний тоглолтыг ёслол төгөлдөр хүрэлцэн ирж үзэж байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байв. Тэр бүү хэл аав, эзэн хаан Нарухитогийн хамт хийл, морин хийлээр хоршин тоглож байсан зэрэг нь түүнийг зөвхөн эрдэм номын хүн бус урлагт ч мөн авьяас, сонирхолтойг илтгэн харуулдаг гэдэг.

Урлагаар дамжуулан тэр мөн сэтгэл, хайрын хүчийг мэдэрсэн нэгэн түүхээ хуваалцсан нь Гакушуин сургуульд найрал хөгжмийн хамтлагт хамт тоглож байсан найз нь 21 насандаа таалал төгссөн харамсалтай явдлын дараа найзынхаа сүүлийн хүслийг биелүүлэхийг хүссэн явдал байв. Тэрбээр удаан хугацаанд хүнд өвчнөөр өвдөж байхдаа өөрийн эмчлүүлж байгаа эмнэлэгтээ хөгжмийн өрөө байгуулахыг мөрөөдөх болжээ. Иймд түүний хүслийг биелүүлэхээр найз нөхөд, гэр бүлийнхэн нь морин хийлч Ямамото Каноны дурсгалыг хүндэтгэх хандивын тоглолт зохиож, үүнд Аико гүнж, хатан Масакогийн хамт хүрэлцэн ирснээр тоглолтын орлого хурдан хугацаанд бүрдэж, найзынхаа хүслийг биелүүлэхэд том хувь нэмэр оруулсан гэдэг.
ЭНЭРЭНГҮЙ ГҮНЖ
Аико гүнжийн ард түмний дундах гол “имиж” бол энэрэнгүй сэтгэл юм. Түүний хувийн амьдрал, дүр төрх, биеэ авч яваа байдал хийгээд нийгмийн үйлсэд оруулж буй хувь нэмэр бүхэнд энэрэхүйн сэтгэл тусгалаа олдог гэлцэнэ.
Өнөөг хүртэл түүний тэжээсэн Мари, Юри нэрт нохой, Мий болон Сэвэн гэсэн муурнуудыг бүгдийг нь гаднаас олсон эсвэл амьтадын асрамжийн газраас үрчилж авсан байх бөгөөд насан эцэслэх хүртэл нь хайрлан өсгөжээ. Тэд хааны гэр бүлийн албан ёсны зургууддаа хүртэл нохдоо оруулж, хүүхдийн эмнэлгийн амьтан ашиглан эмчлэх терапид ч Юригээ илгээж байсан удаатай. Амьтанд хайртай гүнж хааны томоохон уулзалт, үдэшлэгүүдэд ирсэн зочдын тэжээвэр амьтадын талаар санаа тавин асууж, хааяа хөнгөн хошигнол хүртэл хэлээд амждагт нь зочид таатай хандана.
Амьтдад энэрэнгүй зөөлөн хандахаас гадна Аико гүнж их сургуулиа төгсүүт ахин нэмж суралцах эсвэл зөвхөн хааны гэр бүлийн гишүүний үүргээ гүйцэтгэхийн оронд Японы Улаан загалмайн нийгэмлэгт гэрээт ажилтнаар ажиллахаар шийдэв. Эмзэг, сул дорой амьтадад туслах гэсэн сэтгэлээс эмзэг бүлгийн иргэдэд туслах сэтгэл нь урган гарч, өнөөдөр мэргэжлээ болгон ажиллаж байна.
Энэрэнгүй сэтгэл нь дүр төрх, үг хэл, үйлдлээр нь илхэн харагддаг энэ гүнждээ ард түмэн нь хайртай. Гүнж гэх цол хэргэмээр бус үйлдлээрээ хүндэтгэл хүлээсэн нэгэн болохоор түүнийг ирээдүйд хаан ширээг залгамжлах ёстой цор ганц хүн гэж итгэдэг олон хүн бий. Мөнчиг эзэн хааны гэр бүлийн амьдрал, ордоны соёлыг сонирхон судлаачид “Аико гүнжийг хааны нар дагадаг” гэлцдэг. Хааны нар гэдэг нь, ямар ч бүрхэг бороотой жихүүн өдөр байсан хаан эзэн морилон ирэхэд нар гарч, цэлмэх үзэгдэл юм.

Аико. Хайрлагдсан хүүхэд. Хаан хатан хоёр охинтойгоо хамт зогсоо, ярьж байгаа гээд бүхий л гэрэл зураг, дүрсэнд тэд маш ойр дотно байх бөгөөд охин аавынхаа нүд рүү эгц ширтээд ярьж чадна. Хайрлагдсан хүүхэд учраас эцэг нь эзэн хаан байсан ч дулаахнаар нүд рүү нь ширтээд асууж, ярилцаж чадна. Аав ээждээ хайрлагдаж өссөн хүн бусдыг, ард түмнээ ч ингэж хайрлаж чадна гэх.
Масако хатан нэгэн ярилцлагадаа “Нарухито хаан охиноо жаахан байхад нь живхийг нь солих, орой унтахад нь ном уншиж өгөх гээд өөрийгөө угсаа залгамжлах ханхүү гэж хойш суулгүй, аавын ажлуудад яг л гар бие оролцож хийдэг байсан. Багаас нь хамт тоглож хайрлаж өсгөсөн болохоор Аико ч бас аавдаа маш их хайртай” хэмээн дурдаж байж.
Өвөөгийн хайрласан нэрийн утга, Мэн-цзыгийн сургаалийн агуулга энэ. Эцэг эхийн энэрэл дунд өсөж, хүн ёсны мэдрэмж бүрэлдсэн хүүхдийн энэрэл гэр бүлээс нийгэмд тэлнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Saihan niigemd heregtei medee unshlaa bayarlalaa