2025 онд аялал жуулчлал хамгийн сайн сэргэсэн 20 оронд Монгол багтжээ
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism) хамгийн сүүлд гаргасан Дэлхийн аялал жуулчлалын барометр тайлан 2025 онд аялал жуулчлал хамгийн сайн сэргэсэн 20 орныг жагсаажээ. Тэрхүү жагсаалтад Монгол Улс багтсан байна.
“UN Tourism”-ийн албан ёсны сайт дээр бичсэнээр бол энэхүү тайлан нь аялал жуулчлалын богино хугацааны чиг хандлагыг хянаж, дэлхийн аялал жуулчлалын салбарынханд олон улсын аялал жуулчлалын талаарх хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээг хүргэдэг аж.
Тэрхүү тайланг жилд дөрвөн удаа гаргадаг. Тайланд жуулчид хаашаа чиглэж байгаа болон тэдгээр жуулчид аль улс, бүс нутгаас гаралтай талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийн дүн шинжилгээ багтдаг байна.
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, 2025 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд 690 сая орчим жуулчин олон улсад аялжээ. Энэ нь 2024 оны мөн үеэс ойролцоогоор 33 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэхдээ бүс нутгуудад аялал жуулчлалын хэмжээ өөр өөр гарчээ. 2025 онд дэлхий дахины тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн үйл явдлууд үргэлжилсэн ч гэсэн эхний хагаст аялал жуулчлал 5 хувиар өссөн байна.
“UN Tourism”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили “Дэлхий нийтэд сорилтууд тулгарч байгаа ч олон улсын аялал жуулчлал эрч хүчээ хадгалж, уян хатан байдлаа харуулсаар байна. 2025 оны эхний хагаст дэлхийн ихэнх бүс нутагт жуулчдын тоо болон жуулчлалын орлого нэмэгджээ. Энэ нь орон нутгийн эдийн засаг, ажлын байр болон иргэдийн амьжиргаанд хувь нэмэр оруулж байна. Гэхдээ аялал жуулчлалын өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгаж, орон нутаг дахь бүх талуудтай хамтран ажиллах асар их хариуцлага бидэнд байгааг энэ тоо баримт санууллаа” гэв.
2024 оны эхний есөн сартай харьцуулахад 2025 оны мөн үед аялал жуулчлал хамгийн сайн сэргэсэн 20 орныг жагсаавал:
- Вануату +75 хувь
- Бразил +45 хувь
- Бутан +31 хувь
- Ангол +30 хувь
- Израил +23 хувь
- Палау +23 хувь
- Ливан +22 хувь
- Вьетнам +21 хувь
- Египет +21 хувь
- Этиоп +18 хувь
- Япон +18 хувь
- Өмнөд Африк +17 хувь
- Шри Ланка +16 хувь
- БНСУ +16 хувь
- Монгол Улс +16 хувь
- Финланд +15 хувь
- Марокко +14 хувь
- Норвеги +14 хувь
- Курасао +13 хувь
- Доминик +13 хувь
Эх сурвалж: World Tourism Barometer












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MANAID IRJ BAIGAA JUULCHID TOLSON MONGIIG NI BARAG BUGDIIG UILCHILGEEND NI ZARTSUULAAD BARAG MONGO ULDDEGGUI BAIH SHIG BAINA GEJ Haragdsan