Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Тэрчлэн Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -33...-38 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотоор үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.