Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ дэлхийн дэг журмыг эвдэж байна гэж Германы ерөнхийлөгч шүүмжлэв

Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Ерөнхийлөгч Доналд Трампын удирдлага дор хэрэгжиж буй АНУ-ын гадаад бодлогыг эрс шүүмжилсэн байна. Мөн тэрбээр олон улсыг зарчимгүй хүмүүс хүссэн бүхнээ авдаг дээрэмчдийн үүр болохоос сэргийлэхийг дэлхий дахинд уриалжээ.

Штайнмайер хатуухан шүүмжлэл хэлэхдээ, дэлхийн ардчилал урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр халдлагад өртөж байна гэсэн юм. Тэр энэхүү мэдэгдлээрээ Трамп Венесуэльд цохилт өгч тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог барьж, Гринландыг АНУ-д нэгтгэнэ гэх зүйл үйлдлүүдийг шууд дурдалгүйгээр шүүмжлэв.

Германы ерөнхийлөгчийн албан тушаал нь ерөнхийдөө бэлэг тэмдгийн шинжтэй байдаг. Гэхдээ ерөнхийлөгчийн хэлсэн үг тодорхой хэмжээний жиг дагуулдаг юм. Мөн Штайнмайер ерөнхийлөгчийн хувьд бусад улс төрчдөөс илүү үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байдаг.

Тэрбээр ОХУ Крымийг эзлэн авч, Украин руу түрэмгийлэн бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн нь дэлхийн дэг жаягийг хагалсан зүйл гэсэн юм. Мөн АНУ-ын сүүлийн үед гаргасан үйлдлүүд нь хоёр дахь түүхэн хагарал боллоо гэж тэр хэлжээ.

Штайнмайер “Энэхүү дэлхийн дэг журмыг бий болгоход тусалсан бидний хамгийн чухал түнш АНУ үнэт зүйлсээ хагаллаа. Дэлхий ертөнцийг зарчимгүй хүмүүс хүссэн бүхнээ авдаг дээрэмчдийн үүр болохоос сэргийлэх хэрэгтэй. Бүс нутаг эсвэл бүхэл улс орнуудыг цөөн хэдэн агуу гүрний өмч гэж үздэгийг зогсоох ёстой” хэмээсэн байна.

Трамп Гринландыг АНУ-д нэгтгэнэ гэж хэлсэн нь Европын холбоотнуудын санааг ихээхэн зовоож байгаа юм. Данийн эзэнт гүрний нэг хэсэг болон Гринланд нь Хойд Америк, Европын хооронд стратегийн ач холбогдол бүхий газар байрлалтай. Мөн газрын ховор металлаар баялаг тэрхүү нутгийг Трамп АНУ-ын аюулгүй байдлыг хангахын тулд хяналтдаа авах зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэж буй.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, Трамп зорилгоо цэргийн хүчээр биелүүлэх боломжийг хадгалж байгаа гэсэн юм. Гэхдээ аливаа зүйлсийг дипломат аргаар шийдэхийг АНУ үргэлж илүүд үздэг гэдгийг тэр онцолсон.

Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Гринландыг АНУ хяналтдаа авч болохгүй, өгөхгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Гринландын Ерөнхий сайд Йенс Фредерик Ниелсен мөн адил байр суурийг олон удаа илэрхийлсэн юм. Хамгийн сүүлд Метте анхааруулга өгөхдөө хэрэв АНУ НАТО-гийн түнш орон руугаа довтолбол тус холбоо нуран унана гэсэн билээ.

Европын холбоо АНУ Гринландыг нэгтгэнэ гэж мэдэгдэж буй нь бодитой зорилго бол ямар төрлийн хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэж эхэлсэн. Тус холбооны гадаад бодлогыг хариуцсан дарга Каяа Каллас “Гринландын талаар ярьж буй зүйл маш их санаа зовоож байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button