Дани улсад өөрсдөөс нь холдож буй газар нутгийг хамгаалах хэцүү сонголт тулгарлаа
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ирэх долоо хоногт Дани болон Гренландын гадаад хэргийн сайд нартай уулзана. Тэрхүү уулзалтаар Дани улс Гринландын зараг нутгийг хамгаалсан байр сууриа хадгалах төлөвтэй байна. Гэвч Гринланд 1979 оноос хойш Даниас алхам алхмаар холдож, тусгаар тогтнохыг хичээж байгаа юм.
Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ АНУ-ын аюулгүй байдлыг хангахын тулд Гринландыг заавал хяналтдаа авах ёстой хэмээсэн. Европын орнууд үүнд хариу үйлдэл үзүүлэхдээ Дани улсыг дэмжин буйгаа илэрхийлж, Гринланд руу Вашингтон довтолсон тохиолдолд ямар арга хэмжээ авахаа хэлэлцсэн.
Дани Гринландыг хамгаалахын тулд холбоотнуудаасаа олон улсын тавцанд дэмжлэг авахаар хичээж байгаа юм. Харин Гринландын хамгийн том сөрөг хүчний нам Данийг алгасаж, Вашингтонтой шууд хэлэлцээр хийх сонирхолтой байна.

Копенхагены их сургуулийн профессор Миккель Ведби Расмуссен үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлахдаа "Дани улс Гринландыг авч үлдэхийн тулд гадаад бодлогынхоо бүх нөөцийг барагдуулж магадгүй. Гэвч дараа нь Гринланд зүгээр л яваад өгөх эрсдэлтэй" гэжээ.
Гринландын стратегийн ач холбогдол
Гринландыг алдвал Дани хойд туйл дахь геополитикийн нөлөөллөө алдана. Гринланд бол Европ болон Хойд Америкийн дунд оршдог стратегийн чухал газар нутаг юм. Тус нутагт АНУ-ын пуужингаас хамгаалах системийн чухал бааз байдаг.
Хэрэв гринландчууд тусгаар тогтнол зарлавал Данийн гаргасан бүх хичээл зүтгэл ямар ч хэрэггүй зүйл болно. Эсвэл Гринланд Вашингтонтой шууд гэрээ байгуулж магадгүй юм.
Энэ асуудал зөвхөн Данийн эрх ашигтай холбоотой биш. Гринландыг алдах нь аюултай жишиг тогтоох учир Европын холбоотнууд ч нухацтай авч үзэж байгаа юм. Гринландыг АНУ хяналтдаа авбал бусад том гүрнүүд жижиг улсуудын газар нутгийг авахыг оролдож магадгүй. Өөрөөр хэлбэл Гринландын асуудал 1945 оноос хойш тогтсон дэлхийн дэг журмыг эвдэх эрсдэлтэй.
Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен "Хэрэв АНУ НАТО-гийн өөр нэг гишүүн рүү довтолбол бүх зүйл дуусгавар. Үүнд НАТО болон дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон аюулгүй байдал ч хамаарна" гэсэн юм.
Гринландын хөзөр
Трампын засаг захиргаа Гринландыг хяналтдаа авах хувилбарыг авч үзэж байгаа юм. Үүнд Гринландыг худалдаж авах эсвэл цэргийн хүчээр нэгтгэх хувилбар ч багтаж буй. Профессор Расмуссен хэлэхдээ, Гринландыг авч үлдэх нь ашигтай эсэх тухай мэтгэлцээн Трампын заналхийлэлд дарагдсан гэв. Тэр "Данид энэ талаар улс төрийн мэтгэлцээн болохгүй байна. Бид хэтэрхий эх оронч хандаж байна гэж би эмээж байна" гэжээ.
Хүйтэн дайны үед Гринландын байршил Данид ихээхэн хөшүүрэг өгдөг байсан юм. Тус газар нутгийн стратегийн ач холбогдолтой байдлыг ашиглан Дани улс Вашингтонд нөлөөлдөг байсан. Ийм стратегийн ач холбогдолтой газар нутагтай тул Дани улс НАТО-гийн бусад гишүүдээс бага мөнгө батлан хамгаалахдаа зарцуулдаг байв. Үүнийг "Гринландын хөзөр" гэж нэрлэдэг аж.
Гэвч гринландчууд эртнээс тусгаар тогтнохыг хүсэж ирсэн. Тус нутаг 1979 онд өөрийн парламенттай болж, 2009 оны хэлэлцээрээр хүсвэл тусгаар тогтнох эрхтэйг нь Дани хүлээн зөвшөөрсөн юм. Гринландын бүх намууд тусгаар тогтнохыг хүсдэг. Гэхдээ хэзээ, яаж гэдэг дээр санал зөрдөг байна.

Трампын дарамт шахалт энэ үйл явцыг хурдасгав. Дани Гринландын тодорхойгүй ирээдүйн төлөө их мөнгө, хүч зарцуулж байна. Улс төрийн шинжээч Йоахим Б. Олсен "Биднийг огт тоодоггүй хүмүүсийн төлөө бид хэр их тэмцэх ёстой вэ" гэжээ.
Санхүүгийн дарамт
Дани улс жил бүр Гринландад 4.1 тэрбум крон буюу 610 сая ам.доллар өгдөг. Гринландын эдийн засаг зогсонги байдал орж, 2025 онд ДНБ нь ердөө 0.2 хувиар л өсжээ. Данийн Төв банкны тооцоогоор Гринланд одоогийн нийгмийн бодлогоо хэрэгжүүлэхэд жил бүр 800 сая крон дутдаг байна. Дани улс мөн Гринландын цагдаа, шүүх, батлан хамгаалахын зардлыг даадаг. Жилдээ бараг нэг тэрбум ам.доллар зарцуулдаг байна.
Өнгөрсөн жил Дани АНУ-ын шахалтаар хойд туйлын бүсийг хамгаалахад 42 тэрбум крон зарцуулахаар төсөвлөсөн. Гринландад зориулж Дани их хэмжээний мөнгө зарцуулдаг ч зарим хүмүүс энэ харилцааг зөвхөн мөнгөөр хэмжих нь учир дутагдалтай гэж үздэг байна. Профессор Марк Якобсен "Энэ бол гэр бүлийн харилцаа. Дани, Гренланд хоёр хамтын урт түүхтэй. Зөвхөн эдийн засаг биш, сэтгэл зүй, соёлын асуудал" гэжээ.
Данид тулгараад буй хэцүү сонголт
Ерөнхий сайд Фредериксен хэцүү сонголттой тулгараад байна гэж Ослод төвтэй Фриджоф Нансений хүрээлэнгийн шинжээч Серафима Андреева хэлжээ. Одоогоор Дани олон улсын тавцанд нэр хүндээ хамгаалахын тулд хатуу байр суурь илэрхийлэхээс өөр аргагүй. Гэвч энэ нь АНУ-тай харилцаагаа муутгах эрсдэлтэй. ОХУ-аас үзүүлж буй аюул заналхийлэл нэмэгдэж байгаа тул АНУ-тай муудалцах нь барууны орнуудад ашиггүй юм.
Данийн сэтгүүлч Лоне Франк "Гринландчууд өөрсдөө явахыг хүсэж байхад бид яагаад зууралдаад байгааг ойлгохгүй байна. Үнэнийг хэлэхэд Гринланд надад эх орон шиг шиг санагддаггүй" гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос, Хятад, АНУ зэрэг пи..да лалрууд өнөө маргаашгүй үхлээ хүлээж байгаа төгцөгнүүдийг өрөнхийлөгч гэсэн албан тушаалд байлгаж урдаа барьчихаад их галзуурч байна даа.