Нийгэм мэдээ

Г.Ганхуяг, Б.Намбардагва нар улсын аваргаас хос алтан медаль хүртлээ

“Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Жамцын Даваажав агсны нэрэмжит cонгомол, чөлөөт бөхийн 2026 оны УАШТ амжилттай болж өндөрлөлөө.


Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр/2026.01.11/ эрэгтэйчүүдийн 92, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 59, 65, 72 кг-ын жингийн аваргууд тодров.

59 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа түрүүллээ. Тэрбээр УАШТ-д тав дахиа, үүний сацуу сүүлийн дөрвөн жилд дараалан өнгөлж байна.

Энэ жинд “Алдар” спорт хорооны бөх Э.Саруул финалдаж, мөнгөн медаль хүртсэн. Түүний хувьд, өнгөрсөн жилийн УАШТ-ээс анхны медалиа гардаж байсан бол мөнхүү тэмцээний мөнгө, хүрэл медальтай боллоо.

“Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, МУГТ Э.Даваачимэг, өнгөрсөн оны УАШТ-д финалдсан Б.Энхтүвшин нар энэ жингийн хүрэл медалийг гардсан юм.

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн аваргаар “Алдар” спорт хорооны бөх, U20 насны Улсын аварга, Армийн дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл, “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл медальт, ОУХМ Н.Нархажид тодорлоо.

Тус жингийн финалд “Хилчин” спорт хорооны тамирчин, “U-23” ангиллын ДАШТ-ий хошой хүрэл, “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл, Дэлхийн аварга болон Ази тивийн аваргын хүрэл медальт, ОУХМ Э.Гантуяа шалгарсан бөгөөд тэрбээр өнгөрсөн жил мөн үзүүрлэж байв.

Хүрэл медалийг Баянгол дүүрэг “Аваргууд” академийн тамирчин Л.Эрдэнэбулган хүртлээ.

72 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга З.Болортунгалаг, “Төв Арж” дэвжээний бөх Э.Одгэрэл нар финалдав. Шигшээ барилдаанд ялсан З.Болортунгалаг УАШТ-ий дөрөв дэх түрүүгээ дархаллаа.

Харин Э.Одгэрэлийн хувьд, Улсын хошой мөнгөн медальтан боллоо. Тэрбээр өнгөрсөн жил 65 кг-ын жинд үзүүрлэж байсан.

Өнгөрсөн оны УАШТ-ий энэ жингийн үзүүр бөх Д.Цогзолмаа хүрэл медаль гардсан юм.

Эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, Залуучуудын ДАШТ-ий хүрэл, “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүллээ. Ингэснээр түүний хувьд, Насанд хүрэгчдийн УАШТ-ий зургаа дахь алтан медалиа гардаж байна.

“Дархан Хасу FOHOW” клубийн бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Д.Батзул финалдаж, мөнгөн медаль хүртэв. Түүний хувьд, Насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр алт, хүрэл медальтай тамирчин юм.

Харин “Алдар” спорт хорооны бөх Ц.Ганбат, “Сүлд” спорт хорооны бөх З.Анхбаяр нар хүрэл медалийн эзэд боллоо.

97 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчид болох ОУХМ Г.Ганхуяг, Т.Дэмчигдорж нар финалдлаа.

Уг барилдаанд Азийн наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг 1:0-ээр ялалт байгуулав. Энэ нь түүний хувьд, Улсын аваргын зургаа дахь түрүү юм.

U23 ангиллын Ази тивийн АШТ-ий хошой мөнгөн медальт Т.Дэмчигдорж өнгөрсөн жил 92 кг-д финалдсан бол энэ удаа жин өгсөж зодоглоод ахин мөнгөн медаль гардав.

“NewGen Team” клубийн тамирчин М.Баяржавхлан, “Сүлд” спорт хорооны бөх Д.Саранцогт нар хүрэл медаль хүртлээ. М.Баяржавхлангийн хувьд, хоёр дахь жилээ дараалан хүрэл медаль атгасан.

Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий сүүлийн жин болох 125 кг-ийн жинд Баянгол дүүрэг "Аваргууд" академийн бөх, дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээний мөнгө, U20 насны ДАШТ-ий хүрэл, U23 насны Ази тивийн АШТ-ий алтан медальт Батбаярын Намбардагва түрүүллээ. Түүний хувьд, гурван хоногийн өмнө болсон Сонгомол бөхийн УАШТ-д мөн аваргалсан юм. Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн УАШТ-ээс анхны алтан медалиа гардлаа.

Тус жингийн мөнгөн медалийг үндэсний бөхийн аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны бөх Ч.Алтангэрэл хүртсэнээр хоёр жил дараалан үзүүрлэлээ.

"Хилчин” спорт хорооны бөх М.Цэрэн, “Аварга” сургуулийн бөх Б.Одгэрэл нар хүрэл медалийн эздээр шалгарав.

97 кг-д түрүүлсэн Г.Ганхуяг болон 125 кг-ын аварга Б.Намбардагва нар энэ удаагийн улсын аваргыг хос алтан медальтай өндөрлүүллээ. Тэд хоёулаа сонгомол болон чөлөөт бөхийн төрлөөр тус тусынхаа жиндээ түрүүлсэн юм.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button