Герман: Олон улсын хууль хүн болгонд, АНУ-д ч үйлчилнэ
Германы Сангийн сайд, дэд канцлер Ларс Клингбейл ням гарагт /2026.01.11/ хэлэхдээ, олон улсын эрх зүйн зарчим нь АНУ зэрэг хүн болгонд үйлчилнэ гэжээ. Вашингтон хотод өнөөдөр /2026.01.12/ болох Их долоон орны сангийн сайд нарын уулзалтын өмнө тэрбээр “Гринландын ирээдүйг Дани, Гринланд хоёр л шийднэ. Нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх хэрэгтэй” хэмээсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсынхаа аюулгүй байдлыг хангахын төлөө Гринландыг хяналтдаа авах шаардлагатай гэж мэдэгдсэн. Түүхэн холбоотон Даниас Гринландыг булаан авбал НАТО-г цочроож, Европ болон АНУ-ын хооронд үүсээд буй хагарлыг улам гүнзгийрүүлнэ. Хойд туйлын тойрогт оршдог Гринланд нь ашигт малтмалаар баялаг, стратегийн ач холбогдол бүхий нутаг юм. Клингбейл “Бид НАТО-гийн холбоотнуудын хувьд хойд туйлын аюулгүй байдлыг хамтдаа сайжруулах ёстой. Бие биеийнхээ эсрэг ажиллах ёсгүй” гэжээ.
Өнөөдрийн Их долоогийн уулзалт газрын ховор металлын талаар сэдэвтэй өрнөнө. БНХАУ газрын ховор металлын үйлдвэрлэл болон нийлүүлэлтэд ноёрхдог тул барууны орнууд энэ ашигт малтмал дээр Бээжингээс хамааралтай байдлаа бууруулах хүсэлтэй байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.