Энэ сараас 2036 он дуустал үржлийн адуу импортлохгүй, гэвч ороод ирчихсэн 1.9 саяыгаа яах вэ

Дэлхий улам бүр нуух зүйлгүй юм шиг нээлттэй болж, даяаршиж байгаа энэ цаг үед нүүдэлчин бид олон зүйлээ алгуурхан алдаж, тавьж явуулж бас өгсөөр буй. Үүний нэг жишээ бол монгол адуу. Сум, аймаг, бүс, улс гээд хаа газар эрлийз адуу уралддаг, түрүүлж айрагддаг болсон. Энгийн нэг уяач, малчин сумынхаа наадамд морио айрагдуулна гэдэг холын зүйл болчхоод байгаа нь худал биш. Тоо ч баталж байна. Тодруулбал, мэргэжлийн холбоодын мэдээллээр улсын хэмжээнд 4,700,000 адуун сүрэг байгаагийн 1,900,000 нь үржүүлгийн адуу гэсэн судалгаа гарчээ. Энэ асуудал зөвхөн айрагдаж, түрүүлэхдээ биш. Харин монгол адууны удмын сан устаж, үгүй болох аюулыг дуудаж байгаад бий юм. Иймд энэ сараас эхлэн 10 жилийн хугацаанд гадаадаас үржлийн адуу импортлохыг хязгаарлаад байна.
Наадмын өмнө буюу өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт, шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлаарх тогтоолын төслийг хэлэлцсэн. Улмаар 64 гишүүн дэмжиж 58.2 хувиар батлагдсан байдаг.
Ингэснээр 2026 оны нэгдүгээр сараас эхлэн 10 жилийн хугацаанд үржлийн адуу, түүний үр хөврөлийг импортлохыг хязгаарласан юм. Өөрөөр хэлбэл 2036 он хүртэл гаднаас үржлийн адуу авах боломжгүй болсон.
Хуулийн заалтыг тодруулбал,
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтийг хангуулах, монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Г.Занданшатар)-т үүрэг болгосугай:
1.1/ малын генетик нөөцийн төлөв байдлыг үндэсний хэмжээнд шинэчлэн тодорхойлох ажлыг зохион байгуулж, уг арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнг 2026 оны 4 дүгээр улиралд багтаан танилцуулах, цаашид хуульд заасан хугацаанд хэрэгжилтийг зохион байгуулах;
1.2/ Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д заасны дагуу бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, дэмжин хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
1.3/ үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлох тоо хэмжээг 2026-2036 он хүртэлх хугацаанд тэг (“0”) хувьтай тэнцүү байхаар тогтоох;
1.4/ адуун сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар гаргах, үржлийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх гэж заажээ. Товчхондоо энэ хүрээнд тус тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх нь.
Улсын их хурлын ажлын хэсгийн мэдээллээс үзвэл улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 5200 гаруй цэвэр цустай болон эрлийз адууг импортолсон байна. Гадаад үйлдэрийн адуугаар үржүүлэг хийснээр монгол адууны гень устах эрсдэл үүссэн. Монгол морьдоо баяр наадмаар уралдуулах боломжгүй болж хувирсан. Тиймээс адууны импортыг хориглох нь зөв гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлж байв.
Тухайлбал,
“Малчид, уяачид бид морь уяхаа больё гэж байна. Уяад уралдаад нэмэр байхгүй. Өнгөтэй, хөрөнгөтэй, олон эрлийз адуутай хүмүүсийг барахгүй болсон”
“Сүүлийн 10 жил 4800 орчим азарга орж ирсэн. Үржилд орж байгаа. Дунджаар бодоод үзэхэд жилдээ 10,000 гүү хээл авч эрлийзжиж байгаа. Тиймээс Засгийн газрын түвшинд авч үзэхгүй бол хэдэн жилийн дараа монгол адууны удмын сан устахад хүрэх юм шиг байна” зэргээр байр сууриа илэрхийлж байв.
Импортоор оруулж ирсэн адууны тоо толгойг сүүлийн таван жилээр авч үзвэл 176-1100 болж нэмэгджээ. Тодруулбал,
- 2020 онд 176
- 2021 онд 500
- 2022 онд 912
- 2023 онд 303
- 2024 онд 503
- 2025 онд 1100 адууг тус, тус импортолжээ.
Ингэхдээ ихэвчлэн БНХАУ, Польш, ОХУ, Турк зэрэг орнуудаас адуу импортолдог байна. Импортлохын тулд Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдэгдэл авдаг аж. Үүний өмнө эрсдэлийн хяналт шалгалт хийх буюу тухайн улсад нь 20-30 хоног хорио цээрт оруулж, иж бүрэн шинжилгээнд хамруулдаг тухай албаныхан хэлж байна. Мөн улсын хилээр орж ирэхэд нь Гаалийн хорио цээрийн болон байцаагч гурван шатны хяналт шалгалт хийж гаалийн хяналтаас чөлөөлөхдөө тухайн орон нутгийнх нь засаг захиргаанд шилжүүлэн өгдөг гэв.
Импортыг зогсоож буйтай холбоотойгоор ХХААХҮЯ-наас тодруулахад,
“2025 оны 12 дугаар сарын 31-нээр Монгол Улсад гадаадаас үржлийн адуу импортлох ажил тасалбар болж, тодорхой хугацаанд хязгаарлагдана. Монгол Улсад нэлээд олон тооны адуу орж ирээд аль хэдий нь байршчихсан. Энэ чиглэлээр дагнан үржүүлдэг аж ахуйнууд бий болчихсон байгаа. Тиймээс эхний ээлжид судалгаа, үнэлгээний ажлуудаа хийнэ. Мөн энэ үржлийн аж ахуйнуудаас бойжуулаад бусад үржлийн зориулалтаар аж ахуй нэгжүүд, хувь иргэдэд худалдаалж байгаа адуунууд дээр бүртгэлийг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ” гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.