ОХУ-ын цохилтод өртөж халаалтгүй болсон киевчүүдэд зориулж польшчууд 660 мянган ам.доллар босгожээ
ОХУ-ын зэвсэгт хүчин өвлийн хүйтнээр украинчуудыг цахилгаан эрчим хүч, халаалтгүй болгохын тулд дэд бүтцэд хүчтэй цохилт өгч байгаа. Бараг өдөр бүр өгч буй цохилтын улмаас Киевийн оршин суугчид цахилгаан эрчим хүч, дулаангүй нөхцөл байдалд амьдарч байна. Тэгвэл Польш улсын санхүүжилт босгодог агентлаг киевчүүдэд цахилгаан генератор авч өгөхийн тулд 660 мянган ам.доллар босгожээ.
“Польшоос Киевт зориулж буй дулаан сэтгэл” нэртэйгээр эхлүүлсэн тэрхүү хандив анх 110 мянган ам.доллар босгох зорилготой байсан юм. Зорилтот хэмжээндээ хурдан хүрсэн тул нэмж 550 мянган ам.доллар босгож чадсан аж. Хандивын аяныг зохион байгуулсан хүмүүс “Польшчууд хүлээлтээс давж хандив өргөлөө. Та бүхэн хөршдөө анхаарал тавьдаг гэдгээ харууллаа. Бид анх тавьсан зорилтоосоо хамаагүй ихийг хийж чадна” гэж хэлсэн байна. Тэд нэмж “Хүмүүс халаалт, цахилгаан эрчим хүчгүй орон сууцнуудад өнжиж байна” гэсэн юм.
ОХУ-аас эрчим хүч, халаалтын дэд бүтцэд өгч буй цохилтын улмаас энэ сард Киевт амьдрах нөхцөл байдал эрс дордсон. Цохилтын улмаас өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2026.01.14/ Киевийн эрх баригчид онц байдал зарласан юм.
Эх сурвалж: Kyiv Independent












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.