Зарим хүмүүс яагаад ханиад хүндээр тусдаг вэ
Ханиад үүсгэгч хамгийн түгээмэл вирус болох риновирус хамрын хөндийд орох үед хамар доторх эсүүд дархлааны хариу урвал шууд үзүүлж эхэлдэг. Эдгээр эсүүд вирусийн тархалтыг зогсоохын тулд олон төрлийн хамгаалалтыг идэвхжүүлдэг байна.
"Cell Press Blue" сэтгүүлд даваа гарагт /2026.01.19/ нийтлэгдсэн судалгаа энэхүү эхэн үеийн хариу үйлдэл нь ханиад хүрэх эсэх болон өвчний шинж тэмдэг хэр хүнд байхыг шийддэг гол хүчин зүйл болохыг харуулжээ. Өөрөөр хэлбэл, вирусийн халдвар бус харин бие махбод уг хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа нь илүү чухал байж магадгүй юм.
Судалгааг ахалж бичсэн Йелийн Анагаах ухааны сургуулийн Эллен Фоксман "Риновирус нь ханиадны зонхилох шалтгаан болдог. Мөн багтраа болон уушгины бусад архаг өвчинтэй хүмүүст амьсгалын замын асуудлын том үндэс болдог. Хүний эрүүл мэндэд маш их нөлөөлдөг вирус" хэмээжээ. Тэрбээр нэмж "Энэ судалгаа хамрын салст бүрхэвчийг дотор талаас нь харж, риновирусийн халдварын үеэр эс болон молекулын түвшинд юу болж байгааг ажиглах боломжийг олгосон" гэж хэлсэн байна.
Хамрын эсүүд халдварт хэрхэн хариу үзүүлж байгааг нарийн ажиглахын тулд судалгааны баг лабораторийн нөхцөлд хүний хамрын эдийг ургуулжээ. Үүссэн эд нь хүний амьсгалын замд байдаг олон төрлийн эсүүдээс бүрдсэн байв. Тодруулбал хамрын хөндийг чийгтэй байлгах үүрэгтэй салст ялгаруулагч эс болон амьсгалын замд орсон гадны биетүүдийг гадагшлуулахад тусалдаг сормууслаг эс үүссэн аж.
Фоксман "Энэхүү эд нь вирус судлал ашигладаг ердийн эсүүдээс хамаагүй илүү бодитойгоор хүний биеийн хариу үйлдлийг харуулна" гэж хэлжээ. Судлаачид ургуулсан эд тодорх олон мянган эсүүд халдварын үеэр хэрхэн хамтарч ажиллаж байгааг ажиглаж чаджээ. Мөн риновирусийг илрүүлдэг эсийн мэдрэгчийг хаах үед юу болохыг туршиж үзсэн аж. Туршилтаар интерферон гэдэг нэртэй уургаар зохицуулагддаг хамгаалалтын тогтолцоог илрүүлжээ.
Интерферонууд нь вирус эсэд нэвтрэх болон үржлийг саатуулдаг уураг юм. Хамрын эсүүд риновирусийг илрүүлэх үедээ интерферон ялгаруулдаг. Ингэснээр зөвхөн халдвар авсан эсүүдээс гадна ойролцоох эрүүл эсүүдийн вирусийн эсрэг хамгаалалтыг идэвхжүүлдэг байна. Эсүүд ингэж хамт ажилласнаар вирус хуваагдаж, тархахыг удаашруулдаг аж.
Интерфероны үйл ажиллагаа хурдан эхэлбэл халдварыг эрт үед нь зогсоох боломжтой. Харин эрдэмтэд интерфероны хариу үйлдлийг хаахад вирус маш хурдан тархаж, олон эсийг гэмтээжээ. Зарим тохиолдолд лабораторид ургуулсан эдүүд амьд үлдэж чадаагүй аж. Судалгааны үр дүнгээс харвал интерфероны хариу үйлдэл сул хүмүүс ханиад илүү хүнд тусдаг байж магадгүй юм.
Йелийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн Бао Ванг "Бидний туршилт дархлааны тогтолцооны эсүүд байхгүй байсан ч интерферон хурдан хариу үйлдэл үзүүлэх нь риновирусийн халдварыг хянахад чухал гэдгийг харууллаа" гэжээ.
Судалгаагаар вирус ихээр үржих үед эсүүд идэвхжүүлдэг нэмэлт хариу үйлдлүүдийг бас илрүүлжээ. Тэрхүү хариу үйлдлийн үр дүнд халдвар авсан болон аваагүй эсүүд их хэмжээний салст, үрэвслийн дохио ялгаруулдаг. Ингэснээр амьсгалын замд үрэвсэл үүсгэж, амьсгалахад хүндрэлтэй болгодог байна.
Гэхдээ лабораторид ургуулсан эд нь хүний биед байдагтай харьцуулахад цөөн тооны эстэй гэдгийг эрдэмтэд онцолжээ. Халдварын үед дархлааны эсүүд зэрэг нэмэлт эсүүд вирустэй тэмцэхэд туслахаар халдвартай бүсэд очдог. Эдгээр нэмэлт эсүүд болон орчны бусад хүчин зүйлс нь риновирусийн эсрэг хариу үйлдэлд хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй гэж эрдэмтэд бичжээ.
Эх сурвалж: Science Daily








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.