Top StoriesНийгмийн

ХААНЫ ГЭР БҮЛ ЦУВРАЛ 7: Япон улсын хамгийн үзэсгэлэнтэй гүнж

Нэгэн дэлхийд аж төрөн амьдран суух хэдий ч төдийлөн сонирхож, мэдээгүй олон соёлуудын нэг маань япон улсын эзэн хааны гэр бүлийн амьдрал байв. Өдий өндөр хөгжилтэй улс мөртлөө бидний хоцорсон, баларсан хэмээн үздэг хааны соёлыг өнөөдрийг хүртэл яагаад залгамжлуулан авч яваа нь тодорхой хэдий ч тэд ямар амьдрал туулдаг, ямар үүрэгтэй, ямар соёлыг тээн явааг нь таньж мэдэхийг хүссэн сэтгэлээс энэхүү цувралыг эхлүүлсэн билээ.

Өнгөрсөн дугааруудад үзэгч танд эзэн хааны гэр бүлийн голлох гишүүдийг ээлж дараалан танилцуулсан. Хааны гэр бүл өнөөдөр 16 гишүүнтэй бөгөөд түүнээс наймыг нь уг цувралаар хүргэсэн бол үлдсэн долоон гишүүн нь одоогийн эзэн хааны авга нар буюу Хитачи хунтайж, Хитачи гүнж болон Томохито хунтайж асаны эхнэр болон хүүхдүүд, Такамадо хунтайж асаны эхнэр болон хүүхдүүд байна.    

Харин энэ удаагийн буюу сүүлийн дугаартаа Япон улсын хамгийн үзэсгэлэнтэй гүнж гэгддэг Какогийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Како гүнж бол одоогийн эзэн хаан Нарухитогийн төрсөн дүү Фүмихито хунтайжийн дунд охин юм.

ЯПОН  УЛС ГҮНЖЭЭ ЭКОНОМИ ЗЭРЭГЛЭЛД УНТУУЛСАН ГЭХ ЯВДАЛ

Како гүнжийн талаар гарсан хамгийн сүүлийн үеийн олныг шуугиулсан мэдээлэл бий. Өнгөрсөн онд хуучнаар Твиттер буюу Х дээр анх цацагдаж, түүнээс хойш бусад платформуудаар тарсан уг бичлэгийг уншигч та нэгэнтээ олж үзсэн болов уу?

Японы нэгэн гүнж төрийн албан ёсны айлчлалын үеэр экономи ангиллаар нисэж байв.  Ингэхдээ маш их ядарсны улмаас унтаж байгаа бичлэг нь цацагдсан тул дэлхий нийтээр “Нөгөө баян япон орны гүнж өөрийн хувийн онгоцоор биш юм гэхэд ядаж л бизнес ангиллаар биш бүр экономи ангиллаар нисэж байгаа нь япон улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг илтгэж байгаа хэрэг мөн үү” гэх хардлагыг төрүүлсэн байдаг. Нөгөөтээгүүр, япон хүмүүс ийм л энгийн, гүнж нь хүртэл экономигоор нисэж байна гэж үлгэрлэн ярих улс ч байв. Энэ явдлын тухай уншигч танд нийтлэлийнхээ төгсгөлд дэлгэрэнгүй дуулгаад, одоо харин түүний бага нас, боловсролын тухай өгүүлье.

ГУДАМЖНЫ БҮЖИГ БҮЖИГЛЭЖ ОЛНЫ УНТУУЦЛЫГ ТӨРҮҮЛЭВ

Како гүнж 1994 оны 12 сарын 29-нд Токио хотын Аикио эмнэлэгт мэндэлсэн. Түүний эгч Мако гүнж энгийн иргэний амьдарлаар амьдарч байгаа бол дүү Хисахито нь ирээдүйн японы эзэн хаан болох юм.

Бага, дунд, ахлах сургуулиа язгууртнуудын суралцдаг Гакушуинд уламжлал ёсоор суралцаж байгаад үргэлжлүүлэн Гакушуин их сургуулийн уран зургийн ангид элсэн оров. Гэвч тун удалгүй сургуулиа сольж эгч Мако гүнжийнхээ сурч байсан Олон улсын Христийн их сургуульд суралцахаар болсон. 2019 онд уг сургуулийг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд оюутан байх хугацаандаа Их Британийн Лийдсийн их сургуульд судалгаа хийхээр, мөн олон улсын оюутан солилцооны хөтөлбөрөөр хэд хэдэн орон руу явж байв. Ийн явахдаа англи хэлнийхээ чадварыг дээшлүүлж өдгөө улс орноо төлөөлөн англи хэлээр илтгэл тавих зэрэг ажлуудад гар бие оролцон тусладаг билээ.

Како гүнж 2024 онд 30 нас хүрсэн. Одоогоор эзэн хааны гэр бүлийн гишүүний ажил үүргийн хуваарийн дагуу голчлон соёл спортын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн арга хэмжээнүүдэд гэр бүлээ төлөөлөн оролцож явдаг.

Како гүнж багаасаа урлаг спортод хайртай байсан бөгөөд бага наснаасаа уран гулгалтаар хичээллэж, энэ төрлөөр чамгүй олон амжилтууд үзүүлж байсан түүхтэй. Уран гулгалтаар гулгаж байснаа өсвөр насанд хүрүүт тэрбээр үргэлжлүүлэн бүжгийн урлагт дурлаж эхэлсэн. Гэхдээ дурлаж байсан бүжгийн төрөл нь чөлөөт, гудамжны хэв маягтай байсан бөгөөд маш олон томоохон шоу, арга хэмжээнүүдэд энэ төрлөөрөө оролцож, тухайн зургууд нь ч олон нийтэд цацагдаж байлаа. Мэдээж гудамжны, чөлөөт хэв маягийн бүжигт гүнж гэдсээ ил гаргасан болон хүнд будалттай олны өмнө гардаг байснаас үүдээд ард иргэд нь Како гүнж “Задарсан гүнж”, “Хэтэрхий задгай хувцастай байна”, “Хэтэрхий задгай бүжгийн хөдөлгөөн хийж байна”, “Үс зүс нь хааны гэр бүлийн гишүүнд байж боломгүй” гэх зэргээр шүүмжилж байлаа. Түүнчлэн “Бүжиг сонирхож болох ч яагаад сонгодог бүжиг байж болохгүй байгаа юм бэ, хааны гэр бүлийг ийм хүн төлөөлж байж боломгүй, ичмээр” гэх зэргээр уламжлалт сэтгэлгээтэй хүмүүсийг дургүйцэлтэй тулгарав.

Како гүнжийг төрөх үед аав болох Фүмихито хунтайж нь угсаа залгамжлах хунтайж гэх хэргэм зэргээ хараахан аваагүй байсан тул тийм ч олны анхаарлын төвд ордоггүй байсан гэж хэлж болно. Тэр утгаараа түүнийг хааны гэр бүлийн хүүхдүүд дундаа илүү чөлөөтэй өссөн гэж үздэг. Учир нь түүний эгч Мако бол хааны гэр бүлийн хамгийн анхны ач гэдэг утгаар олон хүний хайр, анхаарлыг хүртэж байсан.  Түүний дүү Хисахито хунтайж ч тэр, энэ үеийн ганц эрэгтэй, угсаа залгамжилж ирээдүйн хаан болох хүн гэдгээрээ шуугиулж байсан бол эзэн хаан Нарухитогийн ганц охин Аико гүнж бол хааны ганц гүнж гэдэг утгаараа мөн төрсөн цагаасаа эхлээд олны анхаарлын төвд байсан. Харин Како гүнжид тийм хамгийн хамгийн, ганц гэх тодорхойлолт байсангүй. Тэр ч утгаараа илүү өөрийнхөөрөө чөлөөтэй өссөн нь маргашгүй үнэн байв.  

Наад талд хэргэм зэргээсээ татгалзсан Мако гүнж, цаана нь түүний дүү Како гүнж

Харин өнөөдөр Како гүнж эзэн хааны гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэх ёстой үүргүүдийн олонхийг сайтар нугалж байгаа ажилсаг гүнж гэж хэлэгддэг. Учир нь эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоо улам цөөрч, эсрэгээрээ нийгмийн арга хэмжээнүүд олширсон энэ үед гишүүдийн тоо хүрэлцэхгүй, өдөрт хэд хэдэн арга хэмжээнд очих, үг хэлэх, бэлдэх гээд маш их ажил нугалж байгаа гишүүн болоод байна.

КАКО ГҮНЖИЙГ ҮҮРЭГТ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ГЭХ ШУУГИАН

Хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрснөөс улс орны олон арга хэмжээ, гадаад томилолтуудад гишүүд маш их хүчин чармайлт гарган ажиллахаас өөр аргагүйдэж эхлэв. Нэг гишүүнд ноогдох ажлын тоо ачааллыг хэт давсан тухай ч мэдээлж байсан удаатай.

Тэр утгаараа олон ажлууд зэрэг амжуулах гэж хичээсний улмаас зарим ажлуудыг цалгардуулж, олны шүүмжлэлд өртөж байсан удаа Како гүнжид бий. Нэг удаа “Како гүнжийг бойкотлох” хүртэл шуугиан дэгдэж байв. Тухайлбал, Нэгдүгээр сарын 20-нд япон улсын 47 дахь удаагийн сонсголын бэрхшээлтэй хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүдийг хүндэтгэх ёслол болж өнгөрсөн. Үүн дээр Мако гүнж очих товтой байсан ч сүүлийн хоёр жилд очоогүй гэдэг нь илчлэгдсэн.

Түүний ээж Кико гүнж болон эгч Мако гүнж нар бүгд дохионы хэлээр ярьж чаддаг бөгөөд энэ утгаараа япон улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж байдаг. Хэрэв хааны гэр бүлийн гишүүд уг арга хэмжээнд оролцвол нийгэм, ард иргэд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг эерэгээр хүлээж авахад маш том түлхэц болох нөлөөг үзүүлэх, хандивын арга хэмжээ нь томоохон хүрээг хамрах нь тодорхой. Иймд уг арга хэмжээ сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд нэн чухал. Гэвч ажилтай гэдэг шалтгаанаар тэднийг хоёр жил үл тоомсорлосон төдийгүй зургаан сарын өмнө өгсөн урилгад таван сарын дараа буюу арга хэмжээний өмнөхөн “боломжгүй” гэдэг хариу өгсөн зэрэг нь байж боломгүй алдаа гэж үзэж байгаа юм.

Како гүнж дохион хэлээр ярьж буй нь

Энэ талаар нэгэн сурвалжлагч Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоонд очиж асуухад “Како гүнжийг өнгөрсөн зунаас хойш ажилдаа ирснийг нь хараагүй” хэмээн хариулсан нь галыг улам өрдөж орхив.  Уг мэдээллийг мөшгөж үзвэл Како гүнж 2021 онд Япон улсын Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгт элссэнийхээ дараа цар тахлын улмаас гэрээс ажиллах болсон. Гэвч цар тахал дууссан ч оффис дээр очиж ажиллах боломжгүй, учир нь 50 гаруй жилийн настай уг барилга нь хэтэрхий хуучирсан учир гүнжийн аюулгүй байдлыг хангахгүй байна гэх шалтгаантай байсан. Харин долдугаар сард буяны байгууллага шинэ оффист шилжиж ороход Како гүнж долоо хоногт 1-2 удаа уг оффистоо ирж өглөөнөөс орой болтол ажилладаг болсон гэх. Гэхдээ Како гүнжийг ирж ажиллахад тийм таатай байдаггүй гэх яриаг хамтран ажиллагсад нь гаргах болсон. Эсрэгээрээ Аико гүнжийг Улаан загалмайн нийгэмлэгт элсэж ажиллаж эхэлснээс хойш хамт олон нь маш их талархалтай хүлээн авч, эсрэгээрээ хэт их ажиллаж, өөрийгөө шахдаг гэх зэргээр ярилцаж байсан тухай өмнө дурьдаж байсан. Үүнээс болж Како гүнжийг ажилдаа хэтэрхий хайхрамжгүй хандаж байна, бусадтай хамтран ажиллах чадвар муу гэх зэргээр шүүмжилж байлаа.

Үүний дараагаас Како гүнжийн өглөө эрт ажил руугаа, ажлынхаа хамт олонтойгоо инээлдэн алхаж байгаа зургууд интернэт орчинд тархаж эхлэв. Энэ нь ч мөн “Эзэн хааны гэр бүлийн агентлаг алдаагаа засахын оронд гишүүнээ сайхан харагдуулах гэсэн PR хийлээ” гэх шүүмжлэлийг ч мөн дагуулж байсан удаатай.

Како гүнж ажлын хамтрагчтайгаа өглөө ажилдаа явж буй нь

Како гүнжийг шүүмжлэх хэсэг бүлэг байхаас гадна түүний зөөлөн сэтгэлтэй, үзэсгэлэнтэй, ухаантайг магтан сайшаах хэсэг ч мөн бий. Ижилдэн дассан ганц эгч Маког санхүүгийн луйврын хэрэгтэй холбогдсон Кэй Комуратай гэрлэж, хэл ам дагуулан ордноос явахад олны өмнө түүнийг ганц л хүн халуун дулаанаар тэвэрсэн нь Како гүнж л байсан. Тэр олны өмнө хийж буй үйлдэл бүрээ бодож, эгчийгээ ганцаардуулалгүй үдэн явуулсан хэмээн түүний сэтгэлд талархах олон ч байлаа.

Усан цэнхэр даашинзтай Мако гүнжийг дүү Како нь тэврэн үдэж буй үе

Үргэлж олны хэл аманд өртөж, шүүмжлэл хүлээж явдаг ч үргэлж энхрийн бяцхан охин шиг инээж явдаг болохоор нь түүнийг японы хамгийн үзэсгэлэнтэй гүнж гэнэ. Түүнийг дунд сургуульд байхаас нь л эхлээд сургуулийн дүрэмт хувцастай зургууд нь интернэт орчинд тарж, “Како гүнжийн фэн клуб” хүртэл байгуулагдаж байлаа.

Үзэсгэлэнтэй, хөөрхөн байлаа ч Како гүнжийг хэтэрхий гоёж гангалах дуртай гэх шүүмжлэл алхам тутамд нь дагана. Японы үнэтэй брэндүүдийн хувцасыг ээлжилж, солин гангалдаг, татварын мөнгийг хаа хамаагүй үрж байна, жаахан даруухан бай гэх. Эсрэгээрээ түүнийг Како гүнж бол орчин үеийн Японы гүнж юм. Япон улсыг төлөөлж буй учраас эрхбиш гоёж гангалах ёстой. Гадаад улсуудын үнэтэй брэндүүдээр гоёогүй, өөрийн улсын брэндүүдийг дэлхийд сурталчилж байгаад нь талархах ёстой. Тийм ч учраас Како гүнжийн өмссөн нэг даашинз дараагийн өдөр нь гэхэд пуужингийн хурдаар зарагдаж дуусдаг. Энэ бол японы хувцас загварын ертөнцөд оруулж буй маш том хувь нэмэр, нөлөөлөл юм хэмээн тус салбарынхан Како гүнжээ өмөөрнө.

Како гүнжийн хувцаслалт

Мөн Како гүнж зөвхөн үнэтэй брэндийн хувцас, чимглэлээр гоёдог бус орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг ч маш их дэмждэг төдийгүй тэндээс худалдан авсан энгийн даавуун материалтай эсвэл модон ээмгийг нэг удаа зүүгээд арга хэмжээнд оролцоход тухайн загвар эзэддээ үнэлж баршгүй их үнэ цэнийг авч ирдэг. Тухайлбал, Тоттори мужид зочилсон айлчлалынхаа үеэр зүүсэн модон материалтай ромбон ээмгийг 4950 иэн буюу 100 мянга орчим төгрөгөр худалдаалдаг бөгөөд Како гүнж уг ээмгийг зүүсний дараа маш их захиалгад дарагдаж, сар гаруй хүлээсний дараагаар захиалгад орох боломжтой болж байсан гэх мэт сонирхолтой жишээнүүд олон байдаг.

Како гүнж айлчлалын үеэр зүүснээр захиалгад дарагдсан гэх ээмэг

Нэмж хэлэхэд, зөвхөн Како гүнжийн хувцаслалтыг онцолсон сэтгүүл хүртэл байдаг аж.

ОНГОЦНЫ АСУУДАЛ

Уг бичлэгийг анх цацагдахад Эзэн хааны гэр бүлийн агентлагаас Како гүнжийн талаар явуулж буй эерэг PR гэж хардаж, шүүмжлэх хүн олон байлаа. Үргэлж алдаа гаргаж, олны хэл аманд өртөж байдаг гүнжээ сайхан харагдуулах гэж ихэд хичээсэн ядмаг явдал гэж үзэж байв. Харин удалгүй уг бичлэгийг эсрэгээрээ Эзэн хааны гэр бүлийн агентлагаас устгуулах компанит ажил явуулж байгааг мэдсэн. Учир нь эзэн хааны гэр бүлийн гишүүдийн унтаж байгаа, идэж байгаа бүү хэл энгийн үед зураг хөргийг нь зөвшөөрөлгүй авах нь хориотой байдаг. Манай Монгол улсад эзэн Нарухито, хатан Масакогийн хамт айлчлахад ааруул идэж байгаа бичлэг нь цацагдаж “Эзэн хааны юм идэж байгааг анх удаа харлаа” гэх мэт сэтгэгдлүүд япон улсад хөвөрч байсан нь үүнийг батлана.

Тэгвэл эзэн хааны гэр бүлийн гишүүн албан ёсны айлчлал хийхдээ хэтэрхий бага зардлаар явж байгаа нь юуг өгүүлж байна вэ. 2025 оны 6 сард Како гүнж Бразилд айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд найман хотоор айлчилж, 40 арга хэмжээнд оролцсон. Энэ дундуураа экономи ангиллын онгоцонд сууж, унтаж амарч явж байсан гэхээр япон улс бүхэл бүтэн гүнждээ хэтэрхий харамч хандаж байна уу? Аль эсвэл эдийн засаг нь үнэхээр тэгтлээ муудсан юм гэж үү гэх хэл амын эхлэл болсон байдаг.

Нөгөөтээгүүр, японы ард иргэд Како гүнжийн Бразил дахь айлчлалуудыг хараад ийм хэцүү байдалтай ажил амжуулж явж байсан ч гадны улсын зочид төлөөлөгчидтэй нүүр дүүрэн инээмсэглэж ярьж, биеэ цэгцтэй сайхан авч явааг нь бахдан сайшааж, үргэлж асуудал тарьж явдаг “Задарсан гүнж”-ээ ямар гайхалтай ажил хэрэгч бүсгүй болсныг харсан хэмээн ярилцдаг.

Како гүнж Бразилын айлчлалын үеэр

КАКО ГҮНЖИЙН ЦААШДЫН ХУВЬ ЗАЯА

Како гүнж 2026 онд 32 нас хүрч байна. Гэрлэх насанд хүрсэн энэ гүнжийг удалгүй хайртай хүнтэйгээ учирч ордныг орхих болов уу, ямар хүнтэй гэрлэх бол, язгууртан хүнтэй хувь заяагаа холбож чадах болов уу гэх олон асуулт нийгмийн дунд байгаа. Хэрэв тэр язгууртан хүнтэй хувь заяагаа холбовол ордонд үлдэж гүнжийн үүрэгт ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Түүнийг эцэг эх хоёр нь хоёул ордонд үлдээх сонирхолтой байгаа гэдгээ олны өмнө ил хэлж байсан удаатай. “Каког гэрлэсний дараа ордонд үлдэж дүү Хисахитог ирээдүйд хаан болох үед дэргэд нь байж туслаж дэмжээсэй гэж боддог” хэмээн түүний аав Фүмхито хунтайж хэлж байв. Гэвч эзэн хааны гэр бүлийн амьдралыг сонирхон судладаг судлаачид “Како гүнжийг тогтоон барихад хэцүү, ийм чөлөөт сэтгэлгээтэй өссөн хүүхэд насаараа ордонд үлдэхгүй л болов уу. Ер нь Како гүнж бол сэтгэлээрээ аль хэдийнээ ордноос явчихсан, зугтчихсан гүнж юмаа” хэмээн дүгнэсэн нь байдаг.

Хэн мэдэх билээ, цаашид Како гүнжийг ямар хувь заяа хүлээж байгааг чих тавин хүлээж суухаас өөр яалтай билээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Шударга Ард
Шударга Ард

Япон эмэгтэйчүүд яг цэвэр гоо сайхан талаасаа хэцүү дээ. Ихэнх нь хөх, бөгс байхгүй, хөл нь маш их майга, шүд нь орсгой.

Зочин
Зочин

Чи ч олигтой амьтан биш байхаа

Иргэн
Иргэн

За яахав дээ л амьтан байнаа

Зочин
Зочин

Өмнөх гүнжүүд нь сармагчин байсан юм уу. Энэ үзэсгэлэнтэй гэвэл бусад нь голио юм байна

Кх кх
Кх кх
Reply to  Зочин

Үзэсгэлэнт бүсгүй гэж царайндаа байдаггүй юм даа

Холбоотой мэдээ

Back to top button