Glencore компанийг Rio Tinto худалдан авах хэлбэрээр дуулиант нэгдэл хэрэгжих магадлалтай

Rio Tinto болон Glencore компаниуд 260 тэрбум ам.долларын үнэлгээтэй уул уурхайн аварга нэгдэл байгуулах боломжит хэлэлцээг дахин эхлүүлээд буй. Энэ нь зэс, төмрийн хүдэр зэрэг голлох металлын дэлхийн нийлүүлэлтийн бүтэц, чиг хандлагыг эрс өөрчлөх магадлалтай.
Дэлхийн уул уурхайн салбар томоохон өөрчлөлтийн ирмэг дээр ирээд байна.
Glencore компани Rio Tinto-г худалдан авах сонирхлоо анх 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэс илэрхийлж байсан бөгөөд нэгдлийн талаарх хамгийн бодит хэлэлцээ 2014 онд өрнөсөн ч Rio Tinto уг саналуудыг тухайн үед хүлээн аваагүй юм.
Хэлэлцээ 2025 оны гуравдугаар сард дахин зогссон боловч өнгөрсөн долоо хоногт хоёр компани бизнесийнхээ зарим эсвэл бүх хэсгийг хамрах эсвэл хувьцаагаар солилцох нэгдлийг багтаасан боломжит хэлцлийн талаар урьдчилсан шатны хэлэлцээ хийж байгаагаа албан ёсоор баталсан.
Одоогийн байдлаар хэлэлцээ дахин эхэлсэнтэй холбогдуулан, хэрэв тохиролцоонд хүрвэл 260 тэрбум ам.доллароос давсан үнэлгээтэй, дэлхийн хамгийн нөлөө бүхий байгалийн нөөцийн компаниудын нэг бий болно гэсэн хүлээлт бий.
Эдгээр яриа хэлэлцээ дахин идэвхжихэд дэлхийн эрчим хүчний зах зээлийн өөрчлөлт асар их нөлөө үзүүлж байгаа бөгөөд нүүрсний талаарх хандлага, төсөөлөл өөрчлөгдөж буй нь хоёр компанийн хувьд нэгдэлд илүү нээлттэй хандах боломжийг бүрдүүлжээ.
1873 онд байгуулагдсан, FTSE 100 индексэд бүртгэлтэй Rio Tinto компанийн одоогийн нийт үнэлгээ ойролцоогоор 162 тэрбум ам.доллар.
Компани албан мэдэгдэлдээ:
“Одоогийн байдлаар талуудын хүлээлтээр аливаа нэгдлийн хэлцэл нь Glencore компанийг Rio Tinto худалдан авах хэлбэрээр хэрэгжих магадлалтай. Гэхдээ ийм санал албан ёсоор тавигдах эсэх, эсвэл тавигдлаа ч ямар нөхцөлтэй байх талаар ямар нэгэн баттай зүйл одоогоор үгүй” хэмээн дурдсан байна.
Энэ удаагийн идэвхжил нь байгалийн нөөцийн салбарт сүүлийн үед өрнөсөн өндөр үнийн дүнтэй худалдан авалтуудын дараа гарч буй явдал юм. Үүнд 2025 оны есдүгээр сард Anglo American болон Teck компаниудын хооронд хийгдсэн 53 тэрбум ам.долларын (39 тэрбум фунт стерлинг) нэгдэл багтана.
Hargreaves Lansdown компанийн Хөрөнгийн судалгааны газрын дарга Деррен Натан:
“Өнгөрсөн жил байгалийн нөөцийн салбарт ажиглагдсан төвлөрөл, нэгдлийн чиг хандлага 2026 оны эхэн үед ч саарах шинжгүй байна” гэж онцолжээ.
Энэхүү хэлцлийн гол цөмд эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийн эрэлт огцом өсөж буй асуудал, ялангуяа зэс онцгой байр суурь эзэлж байна. Зэсийн үнэ 2026 оны нэгдүгээр сарын 27-нд нэг тонн нь 13,300 ам.доллароос давсан бөгөөд судалгаа, тооцооллоор 2040 он гэхэд дэлхий даяар 10 сая тонн хүртэлх хомсдол үүсэх төлөв бий гэжээ.
Зэс нь орчин үеийн эрчим хүчний системийн үндэс суурь болж, цахилгаан дамжуулалтыг илүү үр ашигтай болгох, хиймэл оюун ухаанд тулгуурласан дата төвүүдийн хөргөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Rio Tinto болон Glencore нэгдсэн тохиолдолд дэлхийн хамгийн том зэсийн орд, активуудын нэг багцыг хянах боломж бүрдэх юм.
Деррен Натан нэмж хэлэхдээ:
“Бүрэн хэмжээний нэгдэл хэрэгжвэл төмрийн хүдэр, мөн зэс, кобальт, лити зэрэг эрчим хүчний шилжилтийг хамарсан олон төрлийн аж үйлдвэрийн металлын дэлхийн хэмжээний тэргүүлэгч бий болно” гэсэн юм.
Glencore компанийн гүйцэтгэх захирал Гари Нагл ч компанийн зорилгыг тодорхой илэрхийлж, дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч болохоор эрмэлзэж байгаагаа онцолсон байна.
Одоогийн хэлэлцээний хамгийн анхаарал татах асуудлын нэг нь нүүрсний талаарх шинэ хандлага юм. 2024 онд нэгдлийн яриа хэлэлцээ тасалдсан гол шалтгаануудын нэг нь Glencore-ийн нүүрсний бизнес байв. Учир нь Rio Tinto компани 2018 онд нүүрсний салбараас бүрэн гарсан.
Гэвч эрчим хүчний бодлогын орчин эрс өөрчлөгдсөн болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 онд НҮБ-ын уур амьсгалын гол хэлэлцээрүүдээс АНУ-ыг гаргасны дараа, мөн дэлхий даяар эрчим хүчний тэргүүлэх чиглэл дахин тодорхойлогдсоноор нүүрсний үнэ, ашигт ажиллагаа харьцангуй өндөр хэвээр үлдэж байна.
Financial Times сонинд дурдсанаар, Rio Tinto Glencore-н нүүрсний багцын зарим хэсгийг хадгалж үлдэх хувилбарт нээлттэй хандаж магадгүй бөгөөд ингэснээр уламжлалт эрчим хүчний активуудад зэрэг оролцох боломжтой болно.
Эдгээр хоёр аварга компани тус тусын давуу талыг авчрах бөгөөд Rio Tinto нь ойролцоогоор 60 мянган ажилтантай олборлолт, боловсруулалтын өргөн сүлжээтэй бол Glencore нь дэлхий даяар 150 мянга гаруй хүнийг хамарсан түүхий эдийн арилжааны томоохон сүлжээг эзэмшдэг.
Иймд дээрх хоёр компанийн нэгдэл дэлхий даяар анхаарал татсан хэвээр байна.
Эх сурвалж: Energy Digital
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зэс ингэж хаданд цойлж байхад манайх Оюу толгойгоос ашиг авах байтугай үээлийн өрөнд ороод сууж байдаг, дотоодын хэдэн тэнэг улс төрчид нь авлигад живээд эсвэл хувийн өс хонзондоо автаад пзда юмаа
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger