Тусгай хамгаалалттай газар ашигласны төлбөрийг хэн авах нь ойлгомжгүй байна
Хан-Уул дүүргийн 23-р хороо, Богдхан уулын дархан цаазат газар болох Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд өнгөрсөн сарын 30-ны өдөр “Эй Жи Жи Эс” компанийн барьсан стандарт бус хашаанд буга гэмтсэн асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд Б.Батбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Богд уулын тусгай хамгаалалттай газрын төлбөрөө төлөөгүй иргэн, ААН-н 14 тэрбумын өр үүссэн байгаа. Хэрвээ энэ төлбөрүүдийг төлж барагдуулахгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах, хуулийн байгууллагад шилжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхэлнэ" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл дээрх үүссэн өр төлбөрийг ямар байгууллага авдаг талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тодруулахад "Тусгай хамгаалалттай газар ашигласны төлбөрийг манайх авдаггүй. Нийслэлээс тодруулсан нь зөв байх" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Үүний дагуу Нийслэлээс тодруулахад "Тусгай хамгаалалттай газар ашигласны төлбөрийг харьяа яам болон хамгаалалтыг захиргаа нь авах нь зүйтэй байх. Нийслэл бол үүнд оролцдоггүй. Харин нэгэнт суурьшлын бүс болсон учир нийслэл харьяандаа авч татвар тавих талаар яаманд хандахаар зөвшөөрдөггүй юм. Отоглох зориулалтаар авсан тус газарт барилга барих зөвшөөрлийг зөвхөн нийслэл өгдөггүй. Тодруулбал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Усны газар зэрэг байгууллагууд оролцож байж шийддэг" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын Хан-уул дүүргийн татварын хэлтэс авдаг шүү...................Нямбаатар худлаа шаахгүй шүү.........................................