Алтны зах зээлд ЮУ БОЛООД БАЙНА
Нэгдүгээр сарын сүүлчээр алтны үнэ ойролцоогоор 5,500 ам.доллар хүрч, түүхэн дээд түвшиндээ хүрсэн юм. Харин 1 дүгээр сарын 30-нд өмнөх өдөр нь дээд амжилт тогтоосон алтны үнэ бараг 10 хувиар унаж, нэг өдрийн доторх хамгийн том уналтуудын нэгийг үзүүлсэн билээ.
Энэ нь сүүлийн арван жилд 300 гаруй хувиар, сүүлийн таван жилд 150 гаруй хувиар, мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тарифын мэдэгдлээс хойш 75 хувиар өссөн алтны зах зээлийн огцом эргэлт байв. Үүнийг ойлгохын тулд алтны үнийн өсөлтөд нөлөөлсөн зарим хүчин зүйлийг тайлбарлах хэрэгтэй болно.
Эхнийх нь зах зээлийн тодорхойгүй байдал болон алт аюулгүй гэх хүлээлттэй холбоотой. Санхүүгийн хөрөнгө оруулалтын хувьд алт нь хувьцаа эсвэл бондоос ялгаатай нь тогтмол орлого өгдөггүй. Тиймээс эдийн засгийн байдал сайн үед алтнаас илүүтэй хувьцаа, харин хүүгийн түвшин өндөр үед бондыг илүүд үзэх хандлага байдаг.
Гэвч эрсдэл, тодорхойгүй байдал нэмэгдэх үед алт бодит, барьж болдог шинж чанараараа үнэ цэнтэй болдог. Энэ нь дэлхийн санхүүгийн хямралын үеэр, мөн COVID-19 цар тахлын эхэн үед тод харагдсан. Тухайн үед хувьцааны үнэ болон хүүгийн түвшин хоёулаа доогуур байсан тул эрсдэлтэй харьцуулахад илүү өгөөж хүртэх боломжтой хөрөнгө оруулалт хэмээн алт илүүд үзэгдэх болсон.
Ийм хямралын үеүд ихэвчлэн геополитикийн шинжтэй ба одоогийн нөхцөл ч үүнд хамаарна. Тухайлбал, Орос Украины дайн, мөн Ойрх Дорнодод үргэлжилж буй хурцадмал байдал ч гэсэн чухал оролцоог эзэлж буй.
Харин одоогийн байдлаар алтны үнийг цаашид хөөргөдөх хүчин зүйл нь Трампын тарифуудаас үүдэлтэй тодорхойгүй байдал юм. Энэ нь зөвхөн олон улсын худалдаа, эдийн засгийн өсөлтийн асуудал төдийгүй дэлхийн санхүүгийн системд үзүүлэх нөлөөтэй холбоотой.
Ам.доллар нь олон улсын худалдаанд төлбөр тооцооны хэрэгсэл, гол валют болж ашиглагддаг бөгөөд түүхий эдийн үнэ ч доллараар тогтоогддог. Ийм нөхцөлд тарифыг зэвсэг болгон ашиглах нь долларт итгэх итгэлийг сулруулж байна. Ялангуяа тарифыг шийтгэлийн хэлбэрээр заналхийлж ашиглах үед, тухайлбал Трамп саяхан Грийнландыг улсдаа нэгтгэх санааг нь эсэргүүцсэн Европын орнуудын эсрэг ийм заналхийлэл хийснээс харж болно.
Мөн ам.долларын ханш сулармагц алтны үнэ өсөж буй. Сүүлийн нэг жилийн хугацаанд долларын ханш ойролцоогоор 10 хувиар буурсан бөгөөд үүний нөлөөгөөр алт худалдан авалт эрс нэмэгдсэн. Үүнд төв банкууд өөрсдийн валютын нөөцийн бүрэлдэхүүнд алт нэмэх зорилгоор идэвхтэй оролцож байна.
Энд нэг чухал зүйлийг онцлон дурдвал, төв банкууд ам.долларыг нөөц валютын байр сууринаас нь "орлогч" гэсэн яриа их гарч байгаа ч бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй АНУ-ын Засгийн газрын бонд түүхэн дээд хэмжээндээ хүрчихсэн. Энэ нь дээрх үзэл баримтлалыг тодорхой хэмжээнд няцааж буй юм.
Гэхдээ улс орнуудын хуримтлуулж буй өрийн түвшин буурах шинжгүй хэвээр байна. Тухайлбал, татварын хөнгөлөлт, хил хамгаалалт болон батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх зэрэг олон төсвийн арга хэмжээг тусгасан Трампын “One Big Beautiful Bill Act” хууль АНУ-ын өрийг хэдэн их наяд ам.доллараар нэмэгдүүлэхээр тооцоологдож байгаа билээ.
Алтны үнийн урт хугацааны өсөлтийн хоёр дахь шалтгаан нь хөрөнгө оруулагчдын багцад илүү өргөн ашиглагдах болсон явдал юм. Алт аюулгүй гэдэг нь хувьцаа болон алтны үнийн хооронд сөрөг хамаарал байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг нь өсөхөд нөгөө нь буурч байдаг.
Гэвч АНУ-ын хамгийн том 500 компанийн хувьцааг хамардаг S&P 500 индекс мөн түүхэн дээд түвшинд хүрч байгаа энэ үед хувьцаа болон алт нэг чиглэлд зэрэг хөдөлж байна. Энэ нь хөрөнгө оруулагчид эдгээр хоёр төрлийн хөрөнгийг хоёуланг нь худалдан авч байгааг илтгэнэ.
Ханш яагаад унав
Нэг томоохон үйл явдлаас илүүтэйгээр, жижиг өөрчлөлтүүд хуримтлагдаж, үүн дээр хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйн савлагаа нэмэгдсэнтэй холбоотой. Геополитикийн эрсдэл Украин, Ойрх Дорнодод өндөр хэвээр байгаа ч зарим эерэг дохио ажиглагдаж байна.
Трампын тарифыг улс төрийн хэлэлцээний хэрэгсэл болгон тогтворгүй ашиглаж буй байдал мөн алтны үнийн өсөлт, уналтад нөлөөлсөн. Түүнчлэн Кевин Уоршийг АНУ-ын Холбооны нөөцийн сангийн шинэ захирагчаар нэр дэвшүүлсэн нь эдийн засгийн эрсдлийг бууруулна гэсэн хүлээлтийг бий болгож байна.
Уорш одоогийн байдлаар Трампын бага хүүгийн бодлогыг дэмжих хандлагатай байгаа. Үүний зэрэгцээ тэр Холбооны нөөцийн сангийн балансын хэмжээг багасгах зорилготой. Тиймээс мөнгөний бодлого бүрэн хэмжээгээр сулрах магадлал бага гэж үзэж байна.
Нөгөө талд, ашиг нь зөвхөн хөрөнгийг зарж байж бодитоор хэрэгжинэ. Бидний харж буй үйл явдлын нэг хэсэг нь хөрөнгө оруулагчид өндөр зах зээл дээр алт зарж, ашиг авахыг зорьсонтой холбоотой. Үүнээс үүдэлтэй үнийн уналт цаашлаад дахин их хэмжээний арилжааг өдөөсөн.
Нэгдүгээр сарын 30-ны огцом уналтын дараа алтны үнэ хэдхэн хоногийн дараа эргэн огцом өсөж, 2008 оноос хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн. Ингэхээр алт цаашид эрчимтэй өсөх ч, тодорхойгүй байдлаас үүдэн савласаар байх юм.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн зах зээлд металл навс уналаа манайд хэзээ унах бол доо хөөрхий