Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

З.Батбаяр: Улаанбаатар хот биш халдвар тараагч болсон, 680,000 нүхэн жорлон ус, хөрс рүү бохироо цутгаж байна

Нийслэл Улаанбаатар хотын усны болон хөрсний бохирдол сүүлийн жилүүдэд нэлээн өндөр авч яригдах болсон. Түүнчлэн Туул, Сэлбэ голын усны түвшин жилээс жилд багсаж ширгэх аюул хаяанд ирээд буй. Мөн тэдгээр голууд бохирдсонтой холбоотойгоор гэдэсний савханцрын нян шинжилгээгээр илрэх болсон билээ. Тэгвэл эдгээр болон бусад асуудлуудаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд нийслэлийн хөрсний бохирдол зохих хэмжээнээс хэтэрч аюултай хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд хэлж байна. Иргэд ч шүүмжлэлтэй хандаж анхаарал хандуулах болсон. Одоогийн байдлаар хөрсний бохирдол ямар түвшинд байна вэ?

-Хөрс гэдэг бол хүний арьстай адил зүйл. Гараа угаахгүй бол нян бактери халдаж бохирдоно. Мөн цусаараа буюу дотроосоо бохирдож таарна. Энэ үйл явцтай адилаар Улаанбаатар хотын хөрс бохирдож байгаа. Нийслэлд байгаа гадаргын ус болох Туул, Сэлбэ голоос гэдэсний савханцрын нян илэрдэг. Үүнээс нийслэлд байгаа 680,000 нүхэн жорлонгийн бохир бүхэлдээ хөрсөөр дамжин задарч голуудыг бохирдуулж байна гэдгийг харж болно. Хөрсний бохирдлыг багасгах үүрэгтэй ус нь өөрөө байж болох хэмжээнээс хэдэн дахин бохирдсон.

Тиймээс хөрсний бохирдол их биш бүр тэвчиж үл болох хэмжээнд оччихсон. Үүнээс үзэхэд монголчууд яаж амьд яваад байна гэдэг асуудал яригдахаар нөхцөл байдалд хүрчхээд байна. Ус, хөрсийг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь нүхэн жорлон. Бидний амьдарч байгаа нийслэл хот биш болчихсон гэхэд хилсдэхгүй. Цэвэр, бохир усны шугамаар бүрэн холбогдож, хүнээс гарч байгаа ялгадас нь бүрэн цэвэрлэгдэж байгаа суурьшлын бүсийг хот гэж нэрлэдэг. Гэтэл Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 20-30 хувь нь цэвэр, бохирын шугамд холбогдсон. Үлдсэн газар нутагт нь 680,000 нүхэн жорлон өдөр бүр ус, хөрс рүү бохироо цутгаж байгаа шүү дээ.

Ийм байгаа цагт манай улсын эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо цөөрөх ямар ч боломжгүй. Эмнэлэг болон ороо хэдэн зуу, мянгаар нэмээд ч уг өвчний их үүсвэр нь арилахгүй. Дээхэн үед бохир гарын өвчин гэж нэрлэдэг байсан улаанбурхан зэрэг өвчнүүд дахин гарч, өвчлөл их боллоо. Угтаа бид цар тахлын дараагаас харьцангуй гараа угаадаг болсон. Дэлхийн гараа сайн угаадаг улсын нэгээр хүртэл нэрлэгддэг. Гэтэл бохир гарын өвчнүүд гараад л байна. Тэгэхээр жорлонтой ижил хэмжээний бохирдол нь голынхон усанд буйд л хамаг учир байгаа юм.

-Хөрсний бохирдол агаарт нөлөөлдөг байх?

-Агаарт байгаа чийгшлийн хэмжээ хэр их байгаа эсэхээс агаарын бохирдол шалтгаална. Тиймээс мөн л өнөөх усны бохирдол яригдана. Агаар, хөрсний бохирдол яалд ч үгүй устай холбогдож таарах нь. Цас, бороо орохоор агаар маш цэвэр, тунгалаг болдог шалтгаан ердөө л энэ.

Байгаль түр зуур өөрийгөө цэвэрлэж байгаа процесс нь тэр. Гэхдээ цэвэрлээд бохирдлыг алга болгохгүй бүр эсрэгээрээ өөртөө шингээгээд нөгөө гол руугаа урсгана л гэсэн үг. Угтаа бол хатуу, шингэн, хий гэсэн байгалийн усны эргэлт энэ ертөнцийг амьд явуулж, бохирдлыг цэвэрлэдэг. Харамсалтай нь Улаанбаатар хотыг байгаль өөрөө цэвэрлэж чадахгүй хэмжээнд аль эрт оччихсон. Тиймээс өнөөдөр бид утаатай, өвчинтэй байгаа хэрэг.

-Богино хугацаанд 680,000 нүхэн жорлонг алга болгож чадахгүй нь ойлгомжтой. Энэ нь урт хугацааны асуудал байх. Тэгэхээр богино хугацаанд үр дүнтэйгээр ус, хөрсний бохирдлыг арилгая гэвэл ямар шийдэл байна?

Ерөөсөө л бохир, цэврийн шугам барих. Бид бие биеэсээ шидэт дохиур хайгаад яваад байдаг. 2005, 2006 оноос эхлээд усны мэргэжилтнүүд худаг ухаж, жорлон тавьж, газар олгож болохгүй гээд л үглээд л байсан. Тухайн үед хэн ч тоогоогүй. Тэгэхээр одоо “Авлига хороолол”-ыг нураахаас эхлэх ёстой. Голын татам дотор барьсан тэр барилга магадгүй 50 жилийн дараа нурна. Тэр үед олон арван ээж, аавын нулимсыг үзэж байхаар одоо нураасан нь дээр. Зөвхөн “Авлига хороолол” бус Улаанбаатарт голын хамгаалалтын бүсэд орсон 4500 нэгж талбар байна.

Тэднийг бүгдийг нь нураах хэрэгтэй. Усыг ярихаар шударга ёс ярих хэрэгтэй болдог. Тэгвэл шийдэл нь өөрөө шударга ёс. Бид хэдэн настайгаасаа үл хамаарч өдөрт хоёр литр ус л ууна. Баян, ядуу, хөгшин залуугаасаа үл хамаарч ижил хэмжээний л ус ууж таарна. Тэгэхээр ус гэдэг бол шударга ёс гэж ойлгож болно. Зайсанд амьдарч байгаа хүн байрандаа гурван жорлонтой харин гэр хорооллын хүн -30 хэмийн хүйтэнд гэрээсээ гарч 200 метрийн зайд нүхэн жорлонд явган суудаг байдлыг л халах ёстой. Халах арга нь төр байшин барих бус нийслэлийн 4700 километр талбайг бүхэлд нь цэвэр, бохир, дулааны шугамаар холбоод өгчих. Тэндээс ирэх бохир усыг цэвэршүүлэх нөхцөлийг нь шийдчих. Үүн дээр иргэн байшингаа барих, гэртээ амьдрах сонголтыг өөрсдөө хийнэ. Зах зээл нийгэм гэж үүнийг л хэлээд байгаа юм.

Харамсалтай нь зах зээлийн нийгмийг эрэлт, нийлүүлэлт гэж бодоод байдаг. Гэтэл ус агаар хоёр эрэлттэй хамааралгүй. Ус эрэлт ихтэй гээд усны үнийг нэмээд байж болохгүй. Гэр хороололд амьдардаг хүн халуун усанд орохын тулд гэрээсээ хоёр буудал явж, ₮7000 төлдөг. Гэтэл байранд амьдардаг хүн ямар ч үнэ төлөхгүйгээр хоёр алхаад л усанд орчихно. Энэ бидний яриад байдаг өнөөх шударга ёс мөн үү. Мэдээж биш.

-Нийслэлд 371,000 үл хөдлөх хөрөнгө бий, Туул гол ширгэвэл бүгд балгас болно-

-Та сая яриандаа дурдлаа усны хамгаалалтын бүс болох 4500 нэгж талбарт барилга барьсан гэж. Цаашдаа барилга, байгууламж улам л нэмэгдэх нь ойлгомжтой. Үүнийг дагаад усны асуудал яригдах нь?

-Улаанбаатар хотод одоо байшин барих зай үлдээгүй. Зарим нь зөндөө их зай талбай байгаа гэж хэлж магадгүй. Саяхан тог тасрахад халаалт дагаад зогссон. Бид цахилгаан дулаанаар хангаж чадахааргүй их барилга барьсан байна. Түүнийгээ хүчээр дулаанаар хангахын тулд шугам болгон дээр насос тавьсан. Тог тасрахаар өнөөх насос нь ажиллахгүй учир халаалтгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цахилгаан тасрах болгонд бид ус, дулаангүй болно. Бидний амьдрал цахилгаан гэх зүйлээс шууд хамааралтай болчихлоо.

-Бидэнд хэр хэмжээний цэвэр усны нөөц байгаа вэ?

-Дэлхийн дээр хамгийн их тархсан бодис бол ус. Харамсалтай нь нийт усны гурван хувь нь уух боломжтой. Үүний 1.5 хувь нь “Хойд мөсөн далай”-д байгаа мөс. Дэлхий нийт цэвэр усгүй болох эрсдэлтэй. Би багадаа Туул голоос ус уудаг байсан. Харин одоо уувал нянгийн халдвар авна. Ууж болох усаа хэдхэн жилийн дотор уух боломжгүй болгож байгаа нь цэвэр усны нөөцөө бид алдсаар л байна гэсэн үг. Тиймээс усны асуудлыг хүчтэй дуугарч, ярих шаардлага үүссэн. Жишээ нь бид усаа буцалгахгүйгээр ууж чадахаа байсан. Усыг буцалгахын тулд ахиад л цахилгаан хэрэгтэй. Энэ мэт зүйлсээс шалтгаалж бидний амьдрах өртөг улам бүр нэмэгдсээр л байна. Ийм байхад юун улс орны хөгжил ярих. Эхлээд усаа анхаарч, дараа нь усыг хүн бүхэнд хүргэж өгсний дараа өнөөх айхтар хөгжлөө ярих нь зүйтэй.

Өнөөдрийн баригдсан маш сайхан гэх барилгууд усгүй бол хэнд ч хэрэггүй. Нийслэлд 371,000 үл хөдлөх хөрөнгө байгаа. Энэ бүх хөрөнгө Туул гол ширгэхэд балгас л болж хувирна. Бид үл хөдлөх хөрөнгөө үнэ цэнтэй байлгахын тулд жорлонгоо цэвэрлэж, Сэлбэ, Туул голыг хамгаалах хэрэгтэй. Эс чадвал үл хөдлөх хөрөнгө үгүй болно. Энгийнээр усаа хайрлах ёстой гэж ойлгох нь зөв. Үр хүүхдийнхээ төлөө усаа хамгаалах шаардлага ирээд байна.

-"Саарал" ус гэж ярьдаг бохир усыг ахин ашиглах. Нэг үеэ бодоход машин угаалгын газрууд саарал ус ашигладаг болчхож. Энэ нь цаашдаа бизнесийн соёл болон хөгжвөл боломжтой санагддаг?

-Аж ахуй нэгжүүд ашгийн төлөө ажилладаг гэдэг нь ойлгомжтой. Ингэхдээ зөвхөн өнөөдөр, маргааш олох мөнгөний төлөө бус тогтвортой урт хугацаанд мөнгө олох нь тэдэнд хэрэгтэй. Урт хугацаанд ашиг олох арга нь Туул голыг хамгаалах. Туул голыг хамгаална гэхээр ойр орчмын хогийг нь түүх гэж ойлгодог. Ингэх хэрэггүй зүгээр л усаа хэмнэх хэрэгтэй. ААН-үүд дээврийн усаа цуглуулаад түүгээрээ шалаа угаачих. Шал угаахад хэмнэсэн цэвэр усаа хүүхдүүдээ үлдээж байна гэж ойлгох хэрэгтэй. Хэдий хэмжээний ус үр хойчдоо үлдээнэ, төдий чинээ таны бизнес урт хугацаанд үргэлжилнэ гэсэн үг.

Одоо бол ААН-үүд хоорондоо өрсөлдөх нэрийдлээр цэвэр усыг устгахын төлөө уралдаад эхэлсэн. Энэ нь урт хугацаандаа хэн нь их ашиг олох бус хатаж үхэхгүй байхын төлөө өрсөлдөх хэрэг гарна. Хүмүүс сүртэй юм ярилаа гэж бодож магадгүй. 100 жилийн өмнө дэлхий дээр дөрөв хүрэхгүй тэрбум хүн байсан бол одоо найман тэрбумд хүрсэн. Дөнгөж 1986 оны үед Монгол улс нэг сая хүнтэй болж байсан. Одоо гурван сая гаруй хүнтэй болчихсон. 2025 он гэхэд бид бараг таван сая болно. Нийслэлийн 1.5 сая хүнд ус нь хүрэлцэхгүй болж байна. Тиймээс ирээдүй хойч үедээ амьдрал үлдээхийн тулд усаа хэмнэх хэрэгтэй. Ядаж будаа угаасан усаараа цэцгээ услах, гар угаасан усаар шалаа угаах, борооны усаар машинаа угааж чадвал ирээдүйд амьдрал үлдээнэ. Хүнсний үйлдвэрээс гарсан хаягдал усыг бусад боловсруулах үйлдвэрүүд рүү өгье. Дархан хотын бүх хаягдал усыг гангийн үйлдвэрт ашиглах боломжтой байх жишээний.

-Иргэддээ ус үнэгүй өгдөг улс манайхаас өөр байхгүй-

-Усны ашигласны төлбөрт бид маш баг хэмжээний мөнгө төлдөг. Үнийг нь цаашид нэмэх нь зөв үү?

-Бид усыг үнэгүй хэрэглэдэг. Худгаас гарах ус, танай гэрийн крантнаас гарах ус бүгд үнэгүй. Намайг ингээд ярихаар хүмүүс үгүй бид усны мөнгө өгдөг гээд байдаг. Иргэдийн төлдөг мөнгө бол усны төлбөр биш. Танай гэрээс ус гоожуулсны төлөө, худаг руу ус зөөсний үйлчилгээний төлбөрийг л бид нар төлдөг. Өөрөөр хэлбэл ус үнэгүй, гэрийнхээ крантнаас ус гоожуулсан үйлчилгээний төлбөрийг УСУГ-т төлдөг гэсэн. Дэлхий дээр ард түмэндээ ус үнэгүй өгдөг цорын ганц улс бол Монгол. Тиймээс усыг үнэгүй хэвээр нь үлдээж харин үйлчилгээний зардлыг нь нэмэх хэрэгтэй. Харин ААН-үүдэд арай өндөр тариф тогтоох нь зөв. Энэ нь ААН-ыг дарамталсан зүйл биш. Ус ашигласны үйлчилгээний зардлыг өндөр болгосноор газрууд саарал ус ашиглаж эхэлнэ. Одоо саарал ус ашигладаг ААН байхгүй. Тиймээс хэдий их ус ашиглана төдий чинээний мөнгө төлөх нь зөв шүү дээ.

Оюу Толгой кампани 15 сая м3 ус ашигласны төлөө ₮20 орчим тэрбумыг өгдөг. Хаан банкны 300 гаруй салбар нь нүхэн жорлонтой учраас ус бохирдуулсны төлбөр төлдөг. Гэтэл Оюу Толгой ус бохирдуулсны төлбөр өгдөггүй. Цаашид бүх ААН-ээс ус бохирдуулсны, ус ашигласны төлбөрийг төлдөг байх хэрэгтэй. Харин иргэд үүнийг төлөхгүй зөвхөн усны үйлчилгээний төлбөрийг л төлнө. Алтыг өндөр үнээр үнэлдэг гэтэл усыг огт үнэлдэггүй. Эцэстээ бид алтгүй амьдарч чадна харин ус үгүй бол амьдрал үгүй. Алт мөнгөөр үнэлэгддэг бол ус амиар үнэлэгддэг. Алт, нүүрснээс илүүтэйгээр усыг үнэлж хайрлаж, хамгаалж сурсан цагт л бид хөгжил ярих нь зүйтэй.

-Усны газрын даргын тань хувьд асуухад орон сууцны цоргоноос, худгаас гарч байгаа ус баталгаатай цэвэр, эрүүл ус мөн үү?

-Хаанаас авч байгаагаасаа шалтгаална. УСУГ-аас буюу төвлөрсөн шугамаас авч байгаа бол зуун хувь эрүүл. Яагаад гэвэл УСУГ дээр лаборатори ажилладаг. Тэр нь өглөө болгон ундны усны шаардлагыг хангаж байна уу гэдгийг шинжилгээ хийж баталгаажуулдаг. Хэрвээ зэвтэй ус гарч байвал шугамын бохирдол байна гэсэн үг. Зайсан зэрэг төвлөрсөн бус шугамтай, өөрсдөө худаг гаргасан тохиолдолд гэдэсний савханцар нян болон бусад нянгийн илрэлүүд гарч ирээд байгаа. Тийм болохоор төвлөрсөн шугамтай бол сайн, харин төвлөрсөн шугамгүй бол баталгаагүй гэсэн үг. Тиймээс аль болох 4700 километр талбайгаа бүгдийг төвлөрсөн шугамд холбох хэрэгтэй байгаа юм.

-Гэр хорооллын худгийн талаар?

-Худгууд дээр нэг л асуудал байгаа. Хэрвээ яг УСУГ-аас өгсөн усыг худаг дээр байгаа ус хуримтлуулдаг сав, усыг зөөж байгаа машин, иргэдийн хэрэглэж байгаа сав зэрэг нь эрүүл байгаа эсэхээс усны чанар шалтгаална. Надад байгаа мэдээллээр УСУГ машин болон хуримтлуулж байгаа савыг цэвэрхэн байлгаж чадаж байгаа. Тэгэхээр иргэд ямар саваар усаа авч байна вэ гэдэг чухал.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Яг үнэн шүү. Жилийн 4 улирал маск зүүж явах шаардлагатай байдаг.

Зочин
Зочин

Энэ хүний долоон зөв! УБ-н гэр хорооллын болон, гэр хорооллолд ойрхон байгаа хөрсний ус тэр чигээрээ баас шээс, угаадасаар бохирдсон байгаа ш дээ! Яагаад ч ундны хэрэглээнд хэрэглэж болохгүй! ! !

Зочин
Зочин

Zov l yum yariad bnste. Ugii ni deedchuul sonsdog boloosoi

Зочин
Зочин

УБ хотын бүх иргэдийн орон сууцны асуудлаа нэн тэргүүнд шийдээд, гэр хороололоо л бүр болимоор байна даа ... хамгийн чухал асуудал энэ болоод бна

Unshigcundhumshig h
Unshigcundhumshig h

Ene darga guia olon jil nuhen jorlon gj yaraid bgaa bolonch hiisen oorchlolt baihgui hudalaa yarihaas tsaashgui hun

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Дэлхийн олон оронд гол мөрний эрэг дээр тулгаад хотуудаа барьсан л байгаа. Олон зуун жил болж байгаа..тэндээс сурвалжлагч хийж туршлага судлах ёстой..энэ Батбаяр гэж нэг солитой луйварчин байнаа..дандаа иргэд компани руу хандаж нураана нүүлгэнэ торгоно гэж дарамталдаг..энэ нөхөрийг УСУГаас хөөж зайлуулах шаардлагатай..хийж бүтээж байгаа юм огт байхгүй..усны үнэ нэмэх, торгохоос өөр юм мэддэггүй хоцрогдсон дурак..

Зочин
Зочин

680 мянган жорлонгийн оронд цэвэр бохирын шугам барих хэрэгтэй гээд байгаа юм бишүү . Энэ ажлыг Усны газрын дарга хийх үүрэгтэй биш шүү дээ

Зрчин
Зрчин

Tavanbogdoos usni torguulia buren avch chadsan uu!!! Zunjin ih us Selbe gol ruu hayasan daa.

Зочин
Зочин

Тэгээд халдваргүйжүүлээч чиний үүрэг биздээ хөө өөр яахын чи мөн олон жил ярьж байна харин ШИЙДЭЛ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ХИЙ ХООСОН ЯРИГЧ

Зочин
Зочин
Reply to  Зочин

680 мянган жорлонг яаж халдваргүйжүүлэх вэ үхэрээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ үнэн ажил хийхэд саад их хүчин мөхөсдөнөөө чи ч чадахгүйлдэээ

Иргэн
Иргэн

Нийслэл зөндөө мөнгөтэй биздээ. Урт цагааныг янзлахад 40,50 тэрбумаар янзалдаг. Тэр мөнгөөр хэдэн нүхэн жорлонг алга болгож болох байсан бэ. Гэхдээ манай дарга, бас иргэд юу чухал бэ гэдгээ ялгаж мэдэхгүй

Зочин.
Зочин.

680 мянган ялзмаг үйлдвэрлэгч.Хятадууд ногоогоо борддог .Химийн бодис биш байгалийн л бүтээл.

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Пөөх ....тийм уу.Сая л мэдэж байна уу кккк

Зочин
Зочин

МАН дээр байгаа цагт юу ч яриад нэмэргүй. Юу ч сайжрахгүй.

Зочин
Зочин

Ene maliig zailuulaach , ajilaa hiihgui poprood shaagaad bh

Холбоотой мэдээ

Back to top button