Гадаад мэдээДЭЛХИЙ

“Rio Tinto”, “Glencore”-той нэгдэхгүй байх шийдвэр гаргалаа

“Rio Tinto” компани “Glencore”-ийг худалдан авч, үйл ажиллагааг нэгтгэхээс татгалзаж, нэгдүгээр сараас эхэлсэн хэлэлцээг зогсоолоо. Тэд нэгдсэн бол 200 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий дэлхийн хамгийн том уул уурхайн компани үүсэж, дэлхийн ашигт малтмалын салбарыг өөрчлөх байсан. “Rio Tinto” пүрэв гарагт /2026.02.05/ мэдэгдэл хийхдээ хувьцаа эзэмшигчдэдээ хангалттай үнэ цэн хүртээх хэлэлцээ хийж чадаагүй гэжээ.

Өмнө нь “Glencore” 2024 болон 2014 онд компаниа “Rio Tinto”-д зарж нэгдэх хүсэлт тавьж байсан юм. Уурхайн томоохон компаниуд нэгдэх хэлэлцээнүүд мөн нуран унаж байна. Тухайлбал “BHP” компани “Anglo American”-ийг худалдан авахаар 49 тэрбум ам.доллар санал болгосон ч тохиролцоонд хүрч чадаагүй тул зорилгоо орхисон. Одоо үргэлжилж буй ганц хэлэлцээ нь Anglo American, “Teck Resources” хоёр нэгдэх 53 тэрбум ам.долларын төлөвлөгөө юм.

Хэлэлцээг зогсоож байна гэх мэдээлэл гарсны дараа “Rio Tinto”-гийн хувьцаа 2.6 хувиар буурч 6,820 пенст хүрсэн бол “Glencore”-ийн хувьцаа 7 хувиар унаж 467 пенс (1 фунт = 100 пенс) болсон байна. “Jefferies” фирмийн шинжээч Кристофер ЛаФемина хэлэхдээ “Хоёр компани ирээдүйд хэзээ нэгэн цагт дахин хэлэлцээ эхлүүлж магадгүй. Glencore компани үнэлгээгээ дээшлүүлэх өөр хэд хэдэн арга байгаа. Гэхдээ өндөр үнээр худалдагдаж, нэгдсэн компани үүсгэх нь хувьцаагаа мэдэгдэхүйц өсгөх хамгийн энгийн арга байсан” гэжээ.

Хоёр компанийн хийсэн хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалж “Нэгтгэх талаар үнэхээр нарийн, нягт нямба авч үзсэн анхны тохиолдол” гэж хэлсэн байна. Зэсийн салбарын үйл ажиллагаагаа нэгтгэх нь хэлэлцээ хийх гол сэдэл нь байсан ч “Rio Tinto” компани “Glencore”-ийн нүүрс, маркетингийн бизнес гэх мэт зүйлсийг багтаан бүхэлд нь худалдан авах хүсэлтэй байсан аж.

“HSBC”-гийн шинжээчид тооцоолохдоо “Rio Tinto” компани “Glencore”-ийн нэгж хувьцааг 535 пенсээр бодож худалдан авсан бол “Glencore”-ийн хувьцаа эзэмшигчид нэгдсэн компанийн 38 хувийг эзэмших байсан гэжээ. Өөр нэгэн эх сурвалж хэлэхдээ “Glencore” хувьцаа эзэмшигчдээ нэгдмэл компанийн 40 хувийг эзэмшүүлэхийг хүсэж байсан хэмээсэн юм.

“Glencore” компани 2011 онд IPO зарлахдаа нэгж хувьцаагаа 530 пенсээр худалдсан. Тэр цагаас хойш хувьцааных нь үнэ 530 пенсээс доогуур арилжиж, IPO хийснээсээ арван жилийн дараа л тус босгыг давсан юм. “Rio Tinto”-гийн санал болгосон хэмжээ хангалттай өндөр дүн байгаагүй гэж эх сурвалж хэлжээ.

Хоёр компани нэгдэх гол сэдэл нь дээр дурдсанаар зэсийн олборлолт байсан юм. 2040 он гэхэд дэлхийн даяар зэсийн эрэлт 40 хувь нэмэгдэх төлөвтэй байгаа.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Холбоотой мэдээ

Back to top button