ЭДИЙН ЗАСАГ

"Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, орлогын тодорхой хувиар ашиг хүртээнэ"

Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авч эхэлсэн бөгөөд сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй хэлбэрээр явагдах талаар "ЭТТ" ХХК-ийн захирал Н.Цэрэнсамбуу, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Б.Даваадалай нар мэдээлэл өглөө.

Төслийг хэрэгжүүлэхдээ борлуулалтын орлогыг захиалагчтай хуваалцах “хосолсон” загварыг баримтлах бөгөөд нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримталж буй. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг оролцоход давуу тал олгох зохицуулалтыг тусгасан байна. Сонгон шалгаруулалт нэг сарын хугацаанд буюу 30 хоног үргэлжилнэ.

Бортээгийн орд нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй, жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Нийт нөөцийн 95 хувийг сул коксжих нүүрс, 5 хувийг эрчим хүчний нүүрс эзэлж байна.

Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэх, төсвийн орлого болон татварын төвлөрөл өсөх, Баялгийн сангийн хуримтлал нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжийг бий болгоно гэж үзэж байна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагч нь Бортээгийн хэсгийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүйгээр олборлолт, боловсруулалт, борлуулалт, тээвэрлэлтийн бүхий л шат дамжлагыг хамарсан дэд бүтэц, бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

  • Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах
  • Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
  • Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
  • Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих

Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах,

Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:

  • Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,
  • Үндэсний баялгийн сан арвижин,
  • Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.

Э.БАЯНМӨНХ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button