Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы эдийн засгийн сул сэргэлт Санаэгийн хувьд том сорилт болно

Японы эдийн засаг дөрөвдүгээр улиралд маш бага өсөж, шинжээчдийн хүлээлтээс доогуур үр дүн үзүүлжээ. Ерөнхий сайд Такаичи Санаэгийн засгийн газрын хувьд энэ нь том сорилт болж байгаа юм. Японд амьжиргааны өртөг нэмэгдсэн учир иргэдийн итгэл болон дотоодын эрэлт буурсан нь эдийн засгийн өсөлт тааруухан байв.

Ээлжит бус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Такаичигийн засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр бэлтгэж байна. Тэрбээр хэрэглээг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг сэргээхийн тулд төсвөөс зорилтот салбаруудад зарцуулахаа амласан.

Даваа гарагт нийтлэгдсэн албан тоо баримтаар бол Японы ДНБ арваас арванхоёрдугаар сард өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 0.2 хувиар өсжээ. Харин "Reuters" агентлаг эдийн засагчдаас асуулга явуулж 1.6 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байсан юм. Өмнөх улиралд эдийн засаг 2.6 хувиар агшсан бол энэ удаад арай хийн өсөлттэй үзүүлжээ.

Мэижи Яасүда судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Казүтака Маэда "Эдийн засгийн сэргэлт тийм ч эрчтэй биш байгааг энэ тоо баримт харуулж байна. Хэрэглээ, хөрөнгө оруулалт болон экспорт эдийн засгийн хөдөлгөгч хүч болно гэж гэж таамаглаж байсан ч бидний хүлээлтэд хүрсэнгүй" гэж хэлсэн юм.

"Capital Economics" фирмийн Ази, Номхон далайн бүс хариуцсан дарга Марсель Тилиант "Ерөнхий сайд Такаичи төсвийн зөөлөн бодлогоор дамжуулан эдийн засгийг сэргээх гэсэн оролдлого нь алсын хараатай алхам мэт харагдаж байна" гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ "Эдийн засгийн идэвхжил сул байгаа тул Такаичи хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын татварыг зогсоогоод зогсохгүй, дөрөвдүгээр сард эхлэх санхүүгийн жилийн эхний хагаст багтаан төсвийн тодотгол хийж магадгүй" хэмээсэн байна.

ДНБ-ий мэдээлэл гарсны дараа Японы хувьцааны ханш хэлбэлзэж, бондын зах зээл тогтвортой байсан юм.

Шинжээчид Японы эдийн засгийг энэ жил аажим өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байна. "Mitsubishi UFJ" судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Шиничиро Кобаяаши "Эдийн засаг тогтвортой өсөж чадах эсэх нь бодит цалин нэмэгдэж чадах уу гэдгээс шууд хамаарна" гэж хэлсэн байна.

Японы Эдийн засгийн судалгааны төвөөс энэ сард 38 эдийн засагчийг судалгаанд хамруулжээ. Тэд эхний улиралд ДНБ жилийн дүнгээр 1.04 хувь, хоёрдугаар улиралд 1.12 хувиар өснө гэж таамагласан аж.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button