2023 оноос дараалан шөвгөрсөн М.Лхагвагэрэл энэ жил дутуугаа гүйцээж түрүүллээ
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан битүүний өдөр буюу энэ сарын 17-нд боллоо. Чансаагаараа Улсын наадмын дараа орох тус барилдааны тавын даваанд улсын цолтой 12, аймгийн цолтой дөрвөн бөх үлдсэн. Аймгийн цолтой дөрвөн арслангийн гурав нь хурц арслангууд байсан нь энэ барилдааны чанар чансааг илтгэнэ.
Тус барилдааны их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, арслан Э.Батмагнай, заан М.Лхагвагэрэл нар зургаа даван шалгарсан юм. Таавар ёсоор дархан аварга М.Лхагвагэрэл зааныг амлаж, аварга арслан хоёрыг тунаасан. Улмаар улсын заан М.Лхагвагэрэл дархан аваргаар долоо давж үзүүр түрүү булаалдахаар хоёр дахь жилээ шалгарсан. Тунасан хоёр бөхийн барилдаан сонирхолтой болж аварга давснаар М.Лхагвагэрэлтэй хоёр дахь жилээ дараалан түрүү үзүүр булаалдахаар үлдсэн юм.
-64 жилийн дараа Завхан аймгаас сар шинийн барилдааны түрүү бөх тодорлоо-

Тухайлбал, өнгөрсөн жилийн буюу "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, заан М.Лхагвагэрэл үзүүрлэсэн. Тэгвэл энэ жил залуу заан дутуугаа гүйцээж түрүү бөхөөр тодорлоо. Ингэснээр сүүлийн 64 жилийн хугацаанд Завхан аймгаас сар шинийн барилдааны түрүү бөх тодроогүй байсныг Яруу сумын хүү МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл үргэлжлүүллээ.
Тэрбээр тус барилдаанд найман даван түрүүлэхдээ,
- Нэгийн даваанд Булган аймгийн начин Б.Бэх-Очирыг
- Хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харцага Г.Гантулгыг
- Гурвын даваанд Ховд аймгийн арслан Б.Даваадалайг
- Дөрвийн даваанд Ховд аймгийн харьяат улсын начин Г.Дармаажанцаныг
- Тавын даваанд Булган аймгийн арслан Б.Очирхүүг
- Зургаагийн даваанд Архангай аймгийн харьяат улсын заан С.Сүхбатыг /тунан барилдсан/
- Долоогийн даваанд Дархан аварга Н.Батсуурийг
- Наймын даваанд Улсын аварга О.Хангай нарыг давсан байна.
Улсын заан М.Лхагвагэрэл энэ улирал заал, танхимын барилдаанд төдийлөн зодоглоогүй. Тиймээс бөхийн холбооноос гаргадаг чансаа оноогоор 23-р байрт жагссан. Гэвч тэрбээр “Алтан цом”-ын барилдаанд 22 даваа авч бэлтгэл сайн байгаагаа харуулсан. М.Лхагвагэрэл сар шинийн барилдаанд нийт зургаа удаа зодоглосон бөгөөд 2019 онд нэг давж байсан бол 2022 онд хоёр давж байсан юм. Түүнчлэн 2023 онд их шөвөг, 2024 онд шөвгийн наймт, 2025 онд үзүүрлэж улмаар энэ жил түрүү хүртлээ.
Түрүүлсний дараагаар М.Лхагвагэрэл бөхийн холбоонд өгсөн ярилцлагадаа "Намрын "Алтан цом"-ын төлөөх барилдаануудад бэлтгэл сайн байсан хэдий ч жижиг бэртлүүдээс болоод санасандаа хүрч барилдаж чадаагүй. Өнгөрсөн 12-р сард гуяны араа бэртээсэн. Барилдах бүрд гуяны бэртэл сэдрээд барилдаан маань болохгүй байсан. Бэртлээс шалтгаалаад сүүлийн хэдэн барилдаануудад доогуур даваанд унасан. Одоо харьцангуй эдгэрч аварга, арслан ах нар, дүү нартайгаа сайхан барилдаж түрүүлсэндээ баяртай байна. Гарч байгаа гал морин жилдээ олз омог, амжилт дүүрэн байна байх гэж бэлгэшээлээ" гэлээ.
Сар шинийн барилдаанд үзүүрлэсэн О.Хангай аварга сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд байсан бөгөөд энэ жил үзүүр булааж байна. Хэрэв тэрбээр түрүүлсэн бол гурван жил дараалан түрүүлсэн ховор амжилтын эзэн болох байв. Аливаа зүйл ээлж дараатай байдаг гэгчээр энэ жил Завхан нутгийн заан аваргыг давж түрүү хүртлээ. Дашрамд дурдахад энэ жилийн сар шинийн барилдаанд улсын том цолтнууд дээш шахаж сайн барилдлаа.




Гэрэл зургийг: О.Улсболд












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayar hurgiye. Az jargal eruul enhiig husieye.
Завхан аймгийн 10-дахь түрүү болж байна.