Энэтхэгийн их сургууль хиймэл оюун ухааны үзэсгэлэн дээр Хятадад үйлдвэрлэсэн роботыг өөрсдийн бүтээл гэжээ
Энэтхэгийн Галготиас их сургуулийг тус улсад болж буй хиймэл оюун ухааны "India AI Impact" үзэсгэлэн дээрх талбайгаа суллаж өгөхийг шаарджээ. Учир нь тус сургуулийн нэгэн ажилтан БНХАУ-д үйлдвэрлэсэн, худалдаалагддаг робот нохойг өөрсдийн бүтээл гэж танилцуулаад баригдсан байна.
Тус их сургуулийн харилцаа холбооны профессор Неха Сингх энэ долоо хоногт төрийн өмчит “DD News” сувагт "Та бүхэн Орионыг танилцуулъя. Уг роботыг Галготиас их сургуулийн Шилдэг туршлагын төвд зохион бүтээсэн" гэж ярьжээ. Түүний энэ бичлэг Энэтхэгийн цахим орчинд тархаж, олны анхаарлыг татсан юм.
Гэвч хүмүүс уг роботыг БНХАУ-ын “Unitree Robotics” компанийн Unitree Go2 загвар болохыг тавьсан байна. Энэхүү робот нь ойролцоогоор 2,800 ам.доллароор зарагддаг. Тус роботыг дэлхий даяар судалгаа, боловсролын салбарт өргөн ашигладаг аж.
Хятад компанийн роботыг өөрсдийн мэт үзүүлсэн нь Энэтхэгт маш их шүүмжлэл дагуулсан байна. Мөн тус улсын хиймэл оюун ухааны салбар дахь зорилго, хүсэл эрмэлзэлд сөрөг нөлөө үзүүлэв.
Мэдээллийн технологийн сайд Ашвини Вайшнав уг бичлэгийг албан ёсны цахим хуудсандаа хуваалцсан нь нөхцөл байдлыг бүр ч ичгэвтэр болгосон юм. Цахим сүлжээнд шүүмжлэл явж эхлэхээс өмнө Ашвини тус бичлэгийг хуваалцаж, дараа нь устгажээ.

Үүний дараа Галготиас их сургууль болон Неха уг роботыг их сургуулийн бүтээл биш гэж мэдэгдсэн байна. Мөн тус сургууль роботыг өөрсдийнхөө бүтээл гэж хэзээ ч хэлээгүй хэмээсэн юм.
Лхагва гарагийн өглөөний байдлаар Галготиасийн үзэсгэлэнгийн талбай нээлттэй хэвээр байв. Сургуулийн төлөөлөгчид бусдын бүтээлийг хуулбарласан болон худал мэдээлэл өгсөн гэх асуудлаар хэвлэл мэдээллийнхний асуултад хариулж байсан аж. Үзэсгэлэнгийн талбай дээр байсан төлөөлөгч хэлэхдээ, арга хэмжээнээс хөөх тухай ямар нэгэн албан ёсны мэдэгдэл одоогоор ирээгүй байна гэжээ.
Энэтхэгийн хамгийн том сөрөг хүчин болох Конгресс нам уг явдлыг мөн шүүмжилжээ. Тус нам "Модигийн засгийн газар хиймэл оюун ухааны салбарт Энэтхэг улсыг дэлхий нийтийн доог тохуу болголоо" гэж бичсэн юм.
Нью Дели хотын Бхарат Мандапамд болж буй "India AI Impact" дээд хэмжээний чуулган бямба гараг /2026.02.20/ хүртэл үргэлжилнэ. Энэхүү арга хэмжээг дэлхийн өмнөд бүс нутагт зохион байгуулагдаж буй анхны томоохон хиймэл оюун ухааны үйл ажиллагаа гэж үзэж байгаа юм. Өнөөдөр /2026.02.19/ Ерөнхий сайд Нарендра Моди, “Google”-ийн Сундар Пичай, “OpenAI” компанийн Сэм Алтман, “Anthropic” компанийн Дарио Амодей нар үг хэлэх төлөвтэй байна.
Уг арга хэмжээ нээлтээ хийсэн цагаасаа хойш зохион байгуулалтын асуудлуудтай тулгарч байна. Арга хэмжээнд хэт их хүн ирж байгаа учир болон тээвэр, зохицуулалтын хүндрэлүүд гарч байна гэж зохион байгуулагчид мэдэгджээ.Гэхдээ тэрхүү арга хэмжээний үеэр Энэтхэгийн хиймэл оюун ухааны төслүүд 100 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт авах амлалт авсан байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.