Н.Алтанхуягийн Ерөнхийлөгчид өрсөлдөх "мөрөөдөл" биелэх эсэх өнөөдөр шийдэгдэнэ
АН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гишүүдээр Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Баярцогт, Х.Тэмүүжин гэхчлэн дүрүүд нэрлэгдэж буй.
Эдгээрээс олон нийтэд таалагдах хамгийн өндөр магадлалтай гишүүн нь Н.Алтанхуяг хэмээгдэж буй. Тэр Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж, гурван удаа цагаадсан.
Хамгийн сүүлд буюу БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д /2025.09.08-2025.09.17/ хүртэл 10 хоног шүүхдээ гурван ААН, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан билээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт гэх дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин шүүгдэх болсон билээ.
Шүүх хурал |2026.03.02-2026.03.04|-нийг хүртэл гурван хоног шүүх хурал үргэлжлэхэд оролцогчид болон түүний өмгөөлөгч нар тайлбар мэдүүлэг өгсөн. Улмаар шүүгчид зөвлөлдөхөөр тодорхойгүй хугацаагаар завсарлаж байгаагаа зарласан.
Шүүхээс "Зөвлөлдөхдөө хүн тус бүр дээр олонхын саналаар шийдвэрлээд явна. Та бүгдийн өгсөн санал бүрийг протоколыг эргэж харж, хэрэгт авагдсан үйл баримт, анхан болон хяналтын шатны протокол тэмдэглэлүүдийг харгалзан үзнэ. Зөвлөлдөх цаг хугацааг тодорхой хэлж чадахгүй байна. Тиймээс шийдвэр танилцуулах хугацааг веб сайтаар зарлана" хэмээн юм.
Улмаар |2026.03.10|-ны 15:00 цагаас үргэлжлүүлэн явуулж, шийдвэр танилцуулах тул хэргийн оролцогчид товлосон хугацаандаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг мэдэгдэж байна хэмээн өчигдөр зарлалаа. Ингэснээр гурван удаа цагаадсан Н.Алтанхуяг дахин цагаадах уу, яллагдах уу, эсхүл хэргийн процессыг дахин мөрдөн байцаалт руу шилжүүлэх эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг.
Н.Алтанхуягийн хувьд шүүх хуралдааны үеэр өгсөн тайлбартаа " Би 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээс л эхэлж адлагдаж эхэлсэн. 2022 онд архивт байгаа материалыг өөрчлөн байж намайг хэрэгт хутгасан. Би УЕП-т “Та яагаад ХБ гэх үг, үсэггүй хэрэг оруулж ирээд намайг УИХ дээр шившиглээд байгаа юм бэ. Үүнийгээ зогсоо. Намайг цагаатга” гэж зургаан удаа өргөдөл өгч байсан" хэмээсэн билээ.
Мөн АН-аас өнгөрсөн долоо хоногт “Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбоотой ээлжит нэгэн шүүх хурал яг одоо явагдаж байна. Энэ хэрэг 2017 оноос шалгагдаж эхэлсэн.2022 оны дөрөвдүгээр сард Н.Алтанхуягийг яллагдагчаар татсанаас хойш дөрвөн жилийн турш үргэлжилж байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад түүнийг гурван удаа цагаатгасан.
Энэ болгонд шүүхийн дараагийн шатыг эхлүүлж, цагаатгасан шийдвэрийг үл зөвшөөрч байгаа.2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших магадлалтай учраас энэ хэргийг удаашруулж, эрх баригч нөлөөлж байна гэж манай намын гишүүд үзэж байна. Тиймээс нэг төрлийн залхаан цээрлүүлэлт, хэлмэгдүүлэлт бол АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцуулах гэсэн эрх баригчдын нөлөөлөл байх вий гэсэн болгоомжлол бидэнд байна" хэмээн мэдэгдсэн юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.