БНСУ-ын Тээврийн яам "Jeju Air"-ийн онгоц осолдсон буудалд шаардлага хангаагүй бетонон хана барьсан гэдгийг тогтоожээ
БНСУ-ын Төрийн аудитын газар нисэхийн аюулгүй байдлын талаар тайлан нийтэлжээ. Аудитын газар Өмнөд Солонгосын Тээврийн яам зардал хэмнэхийн тулд нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгууламжуудыг 20 гаруй жилийн турш баталж ирсэн гэдгийг илрүүлсэн байна. Тус тайланг 179 хүний амь насыг авч одсон “Jeju Air” компанийн ослын дараа хийж эхэлсэн юм.
2024 оны арванхоёрдугаар сард “Jeju Air” компанийн Boeing 737-800 загварын онгоц Чэжү арлын Мүан онгоцны буудал дээр осолдсон. Онгоц шувуутай мөргөлдсөний улмаас ослын буулт хийхдээ газардах механизмгүй, их биеэрээ бууж нислэгийн зурвасыг даван гарсан. Улмаар онгоц зурвасын төгсгөлд байсан газардахад тусалдаг антенна суурилуулсан бетон тулгуурыг мөргөж осолдсон юм. Ослоос зөвхөн онгоцны сүүл хэсэгт байсан хоёр үйлчлэгч л амьд үлджээ.
БНСУ-ын Тээврийн яам нисэх буудлуудын бүтээн байгуулалтын ажлыг хариуцдаг. Ашиглалтад орсны дараа үйл ажиллагааг нь Солонгосын нисэх буудлуудын корпорац (KAC) хүлээн авдаг байна. Гэхдээ аюулгүй байдлыг яам өөрөө хариуцдаг юм.

Аудитын хорооноос нийтэлсэн тайланд дурдсанаар бол Тээврийн яам ажлын зардлыг бууруулах зорилгоор аюулгүй байдлын дүрмийг хангалттай хянаж үзэлгүйгээр Мүан нисэх буудалд 2.4 метр өндөр бетон хана босгосон байна. Энэхүү далан дээр газардахад чиглүүлж тусалдаг системийг (localiser) байрлуулсан байжээ.
Олон улсын стандартын дагуу чиглүүлэгч байгууламжууд нь онгоц мөргөх үед амархан салж унахаар зохион бүтээгдсэн байх юм.
Аудитын газрын мэдээлснээр, Тээврийн яам Мүан, Гимхэ, Чэжү зэрэг найман нисэх буудалд стандарт бус 14 чиглүүлэгч төхөөрөмж суурилуулахыг буруугаа зөвшөөрсөн байна. Мөн тус яам 22 жилийн турш үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгон, шалгалт хийхдээ амархан салж унах стандартыг хангасан гэж буруу дүгнэж ирсэн аж.
Мөн аудитаар шувуутай мөргөлдөхөөс хамгаалах болон аюулгүй байдлын бусад менежментэд ноцтой дутагдал байгааг илрүүлжээ. Албаныхан Тээврийн яамд 30 орчим хууль бус үйлдэл болон процедурын алдаа гаргасан гэдгийг нь мэдэгдсэн байна.
Тээврийн яамнаас аудитын дүгнэлтийг хүлээн авч байгаа гэдгээ илэрхийлжээ. Мөн чиглүүлэгч төхөөрөмжийг сайжруулах, шувуутай мөргөлдөхөөс хамгаалах ажлыг чангатгах зэрэг арга хэмжээ авахаа амласан байна.
Солонгосын нисэх буудлуудын корпорацын төлөөлөгчийн хэлэхдээ, нисэх тайланд тусгагдсан зөвлөмжүүдийн дагуу сайжруулалт хийж эхэлсэн гэжээ.
БНСУ-ын Засгийн газрын тушаалаар хийсэн өөр нэгэн тайланд Мүан нисэх онгоцны буудлын төгсгөлд бетон хана байгаагүй бол ослоор олон хүн амь үрэгдэхгүй байх боломжтой байсан гэж дүгнэсэн юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.