“Эгүүр”-ийн сэдэвСурвалжилга, Нийтлэл

“ЭГҮҮР”-ИЙН СЭДЭВ: "Чимээгүй хот”-д бүслэгдсэн Улаанбаатарчуудын утааны дайтай асуудал

Өнөөдөр /2020.01.28/ EGUUR.MN сайтын НЭГ ЖИЛИЙН ОЙ тохиож байна. Энэ өдөр манай редакц нийгмийн сэдвүүдийг олон талт байдлаар судлан, сурвалжилдаг “Эгүүрийн сэдэв” цуврал контентынхоо хоёр дахь дугаарыг бэлтгэн хүргэж байна.

Нийслэлчүүд бид оршуулгын ёс горимоо өөрчлөх цаг нэгэнт болсныг сануулах мэт Улаанбаатар хот хөрсөнд оршуулсан шарилд бүслэгджээ. Хэдхэн жилийн өмнө "Шарилтай хашаа зарна” гэх шууд шулуун зар хүртэл зарлагддаг байсан бол өнөөдөр арайхийн цэгцэрч, айл, чимээгүй хот хоёрыг боломжийн хирээр тусгаарлав.

Гэвч одоо дараагийн асуултыг тавих цаг болжээ. Бид эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу? Хөрсөнд оршуулсан шарил нийслэлчүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байна уу? Энэ тухай манай редакцын бүх сэтгүүлчид өөр өөрсдийн өнцгөөр, дэс дараатай сурвалжлан, мэдээлэл бэлдэв.


НЭГ. СУРВАЛЖИЛГА - ОРШУУЛГЫН ГАЗРЫН ДЭРГЭДҮҮР ӨДӨР БҮР АЙДАСТАЙ АЛХАХ ХҮҮХДҮҮД

Өнцөг нь сэтэрч, хэзээ язаагүй гэдэргээ унах дөхсөн хөшөөн дээр нэгэн хэрээ тавтай нь аргагүй тухлан сууна. Үдийн нар баруун уулын орой руу гудайж, хотын утаа ойр орчмыг нь бүрхсэнийг тоож байгаа шинж ер алга. Тэгсэн мөртлөө “Хаанаас хэн ирэв, юу хийж яваа юм бол” гэсэн шиг бидний хөдөлгөөн бүрийг тун ч сониучирхан ажиглана. Хэрвээ хүний хэл мэддэг байсан бол бидэнд юу гэх байсан бол.

Бид “Эгүүрийн сэдэв”-ээ сурвалжлахаар явж байгаа нь энэ. Бидний очсон газар бол Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Алтан өлгийн оршуулгын газар. Нийслэл хоттой хаяа дэрлэн орших “Чимээгүй хот”-уудын нэгийг зорин очсон маань их учиртай.

“ХАЖУУ ТАЛ НЬ ЦӨМӨРСӨН ОРШУУЛГЫН ДЭРГЭДҮҮР ЯВАХДАА НҮДЭЭ АНЬЧИХДАГ

Өнөөх хэрээ гэнэт ямар нэгэн зүйлээс цочсон бололтой хажуу тийшээ ниссэнээ хол явсангүй, нэгэн хүний шарил дээр суув. Оршуулгын газрыг заагласан торон хашааг даган хоёр хүн алхаж явна. Тэднээс хэрээ үргэснийг сая л анзаарав. Жавар сөрөн алхан, хоорондоо их л хөгжилтэй юм ярилцаж байгаа бололтой инээлдэх тэднийг угтан очив. Тэдний нэгийг нь Г.Ундралбат, нөгөөг нь А.Дорж гэдэг. Хоёулаа долдугаар ангийн сурагч. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хоёрын гэр хаана байдаг вэ?

Г.Ундралбат (Г.У):- Энэ оршуулгын газрын зүүн буланд. Одоо нэг км орчим алхаад харьчихна.

А.Дорж (А.Д):- Манайх эднийхтэй ойрхон.

-Сургуульдаа өдөр бүр энэ замаар явдаг уу?

-А.Д:- Тэгдэг. Ийшээ алхсаар төв зам рүү нийлэхээрээ унаанд суудаг.

-Өдөр бүр оршуулгын газрын хажуугаар явахдаа айдаг уу?

-Г.У:- Өдөр, гэгээтэй үед явахад гайгүй ээ. Харанхуй болсон үеэр явахаараа айгаад байдаг юм. Одоо гэхдээ бага зэрэг дасаад байгаа.

А.Д:- Манайх энд энэ жил нүүж ирсэн юм. Аав энэ хавьд ажилд орсон юм л даа. Анхандаа их айдаг байсан. Одоо ч гэсэн айдаг хэвээрээ. Тийм болохоор хичээлдээ Ундралбаттай аль болох хамт явдаг юм.

Г.У:- Дорж энүүгээр явахаараа айгаад байдаг юм. Бид хоёр өөр ангид сурдаг. Би заримдаа эрт тарахаараа түүнийг хүлээж байгаад хамт ирдэг. Өглөө бас хичээлдээ цуг явдаг.

-Оршуулгын газар Улаанбаатар хоттой төдийгүй танайхтай хаяа дэрлэн байгаа нь ямар санагддаг вэ?

А.Д:- Аймаар санагддаг. Энэ зам дагуу нэг цөмөрчихсөн шарил байдаг юм. Яг замын хажууд, хамгийн захад нь. Би анх хараад үхтлээ айсан. Миний бараг сүнс зайлсан байх. Би одоо тэр хавиар явахдаа нүдээ аньчихдаг. Дотроос нь хүн гараад ирвэл яана. Ёстой аймар. Зомбитой кинон дээр яадаг билээ дээ.

Г.У:- Тэр шарил ч ёстой жихүүдэс хүргэдэг шүү. Би айдаггүй ч гэсэн ер хардаггүй. Яг тэрүүгээр явахдаа өөр тийшээ харчихдаг юм.

-А.Д:- Нээрэн манай нэг найз энэ хавиар явж байгаад сүнс харсан гэсэн. Тэр газраа намайг дагуулж очьё гэхээр нь би зөвшөөрөөгүй.

Г.У:- Энэ хавиар явахдаа битгий айгаарай, зоригтой байгаарай гэж аав надад захьсан.

А.Д:- Манай аав ч бас надад тэгж захидаг. Би айлын том хүүхэд, хоёр дүүтэй. Тийм болохоор айхгүй ээ.

Ингэж хэлээд тэд биднийг өнөөх оршуулган дээр дагуулж очсон юм. Тус оршуулгын яг зам дагуу харсан хэсэг нь цөмөрчээ. Чулуу нь ор сураггүй алга болсон тул хэн гэдэг хүний шарил нь үл мэдэгдэнэ. Харваас хамаатан саданууд нь эргээгүй удсан нь илт. Цөмөрсөн хэсгээр нь бараг л талийгаачийн яс нь “харагдана”. Ил гарсан хэсэг нь шороонд л дарагдчихсан болохоос хэний ч жихүүдсийг хүргэх нь аргагүй юм билээ.

Бид Г.Ундралбат, А.Дорж хоёртой ийн уулзаад цөөш хөдлөв. Тэд ч бас гэртээ харихаар яаран алхлаа.

“МАЛ ХУЖИРШСАН ҮЕДЭЭ ХҮНИЙ ЯС ИДЧИХДЭГ ГЭСЭН”

Гэр хороолол дундуур сүлжиж явсаар Алтан өлгийн оршуулгын газрын энгэрт очив. Тэнд 200 гаруй бог бэлчиж байлаа. Ямаа их сониуч амьтан гэж хүмүүс ярьдаг үнэн юм билээ. Нэг саарал зүсмийн ямаа оршуулгын чулуу өөд авирснаа ороосон хадгийг нь мулталчихав. Тэгснээ юу ч болоогүй юм шиг чирээд явчихна лээ. Төд удалгүй эзэн нь хонио цаанаас нь эргүүлж, зүүн тийш зөөлөн даялав. Нар жаргах дөхсөн тул гэр өөд малаа залсан нь энэ. Түүнийг Г.Баярмаа гэдэг. Цас багатай, өвс сайтайг нь бодолцон, малаа зарим өдөр оршуулгын хашаанд идээшлүүлдэг юм байна.

-Сайхан өвөлжиж байна уу, та. Танайх өдөр бүр малаа энд хариулдаг уу?

-Сайхан өвөлжиж байна аа. Өвөлжөөндөө бууснаасаа хойш ихэнх өдөр малаа энд хариулж байна. Ойр хавийг энэ зунжин адуу талхалчихсан болохоор өвс муутай, цас ихтэй. Оршуулгын газарт зун, намар мал бэлчээгүй болохоор өвс нь соргог, цас багатай байгаа. Тиймээс манайх энд малаа хариулдаг.

-Танайх оршуулгын газартай ойрхон өвөлжиж байгаа юу?

-Тийм ээ. Манайх энүүхэн ард бий. Өмнөх жилүүдэд Улаанбаатараас зайдуу газар өвөлжсөн. Энэ жил л энд өвөлжиж байна.

-Ойрын өдрүүдэд нэлээд хүйтэрч байна. Малаа тогтоочихоод завсраар нь гэртээ харьдаг уу?

-Тэгэх зав гарахгүй ээ. Өглөө 11.00 цаг орчимд малаа бэлчээн, дагаж гардаг. Өдөржингөө хариулж явсаар орой харьдаг. Хүйтэнд өдөржингөө гадаа явахаар дааралгүй яах вэ. Тэглээ гээд малаа орхиод явчихалтай биш. Тэсэхээс яах вэ дээ. Малаа энэ хашаанд оруулчихаад алсаас дурандаад харж болно. Даанч энэ хавиар нохой ихтэй тул мал бариулчих гээд байдаг юм. Дагаад явж байхад л хонь руу дайрчих гээд ёстой хэцүү.

-Оршуулгын газарт өдөржин хонь хариулахад эвгүй санагддаг уу. Та хэр их айдаг вэ?

-Айлгүй яах вэ, эвгүй шүү дээ. Хүн, тэмээ хоёр сэгнээсээ айдаг гэдэг яг үнэн. Анхандаа ч дасахгүй, аль болох дөлөөд, хонио өөр газар хариулдаг байлаа. Одоо энэ хавийн газар талхлагдаад, өвсгүй болсон тул энд хариулахаас өөр арга алга. Малын дэргэд яваа болохоор ханьтай байдаг юм. Айсан үедээ дуу дуулна, радиогоо сонсохоор их хань болдог, тайвширдаг. Энэ хавийн шарилнууд бүгд тоногдчихсон. Хулгайч нар хамаг төмрөн хүрээг нь хулгайлчихсан юм билээ. Төмрөн хүрээг нь авснаас болж зарим булш цөмрөөд, шарил нь ил гарчихсан байна лээ. Мал хужиршсан үедээ хүний яс идчих тохиолдол гардаг гэнэ лээ.

-Тийм зүйл танд тохиолдож байв уу?

-Манайх малдаа ойр ойрхон хужир тавьж өгдөг болохоор ер хужиршдаггүй. Тийм зүйл тохиолдож байгаагүй.

-Хүний цогцсыг газарт оршуулсны улмаас хөрсөөр цөөнгүй төрлийн халдварт өвчин, цусан суулга, сүрьеэгийн бактери дамждаг. Энэ талаар та хэр сайн мэдэх вэ?

-Ёстой мэдэхгүй. Энэ талаар анх удаа сонсож байна.

-Улаанбаатар хотыг тойрон оршуулгын олон газар бий. Нийслэлтэй, улаанбаатарчуудтай хаяа дэрлэн байгааг нь зарим хүн шүүмжилдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Үнэнийг хэлэхэд энэ талаар нарийн сайн мэдэхгүй. Тийм болохоор зөв, буруу гэж хэлэх юм үнэндээ алга. Ер нь оршуулгын газрыг төв суурингаас зайтай байлгасан нь дээр л дээ.

Энэ үеэр хажуу талын жалганаас “Хөж, хөж” гэх дуу сонсдов. Түүний нөхөр үхрээ туусаар ирж яваа энэ. Тэд үхэр, хонио нийлүүлэн туусаар гэрийн зүг явлаа.

Алтан өлгийн оршуулгын газарт очиход олон хүн “Энэ хавиар явахаар айдаг. Зуны улиралд эвгүй үнэр үнэртдэг. Хүний биед сөрөг нөлөөтэй нь үнэн юм билээ” гэж байсныг нь тодотгоё. Үүний сацуу мал хужиршсан үедээ оршуулганаас ил гарсан хүний ясыг идчихдэгийг малчин Г.Баярмаа ярилцлагынхаа үеэр хэлсэн. Түүний үгийг цөөнгүй малчин баталсан юм. Үүнийг дагаад хүнсний аюулгүй байдлын асуудал мөн сөхөгдөнө. Хүний яс идсэн малын махыг уншигч та хүнсэндээ хэрэглэж байна гээд төсөөлөөд нэг үзээрэй. Тийм л орчинд бид амьдарч байна.

Б.БУЯНДАЛАЙ


ХОЁР. СТАТИСТИК - НЭГ ИРГЭНИЙГ 6МКВ ТАЛБАЙД ОРШУУЛДАГ ГЭВЭЛ 758.5 ГА ТАЛБАЙД ОРШУУЛГЫН ГАЗАР БАЙНА

Нийслэлийн статистикийн газраас гаргасан тоон мэдээллээр 1936-2018 оны хооронд нийт нас барагсдын тоо нийслэлийн хэмжээнд 290 мянга 93 орчим байна. Мэдээж 1930-аад оныг дурдаж байгаа учир эдгээр тооны талыг нь далд оршуулгаас өөр хэлбэрүүд ч эзэлж байж болно.

Эх сурвалж: НСГ

Харин жилдээ нийслэлд 5000-7000 иргэн нас бардаг бөгөөд сүүлийн таван жилд буюу 2014-2018 оны хооронд 37 мянга 294 иргэн нас баржээ. (Жич: 2019 оны тоон мэдээ нэгтгэгдээгүй байв)

Сүүлийн таван жилийн нийслэлийн статистик, насны байдлаар

Мөн 2017 оны статистикаар Монгол улсын хэмжээнд 17 мянга 482 иргэн нас барснаас нийслэлд 7 мянга 605 иргэн нас барсан. Энэ нь Улсын хэмжээний нас баралтын 43.8 хувийг эзэлж байна. Нэг иргэнийг дунджаар 6 мкв талбайд оршуулдаг гэж үзвэл 2017 оршуулгын газар 3.5 га газраар тэлсэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 758.5 га талбайд оршуулгын газар байгаа бөгөөд үүнээс 524.5 га газар нь зөвшөөрөгдсөн, 176.5 га талбай нь албан ёсоор хаагдсан, 57.5 га талбайд зөвшөөрөлгүй оршуулга хийгдэж байна. Үүнээс гадна Төв аймгийн нутаг дэвсгэрт хотын баруун зүүн талд хоёр байршилд нийт 140 га талбайд оршуулгын газар ажиллаж байна.

Харин 2019 оны байдлаар нийслэл хотод 1. 4 сая орчим хүн амьдардаг бөгөөд эдгээрийн 25 мянга орчим нь дээрх оршуулгын газруудтай хаяа нийлүүлэн амьдарч, бусад нь дээрх оршуулгын газруудад “бүслэгдэн”, агаар нэг амьдардаг гэж хэлж болохоор байна. Энэ бол аймшигтай тоон мэдээ юм.

Б.ГЭРЭЛМАА


ГУРАВ. ИРГЭД ЮУ ГЭВ - ЗАЛУУС ХОРТ АГААРААР АМЬСГАЛЖ БАЙГААГАА МЭДДЭГ

Налайх дүүргийн оршин суугч И.Давааням:

Энэ талаар тийм ч нарийн тодорхой ойлголтгүй байна. Гэхдээ хөрсөнд булж оршуулснаар орчныг бохирдуулдаг гэдэгт санал нэгдэнэ. Хар ухаанаар бодоход л гялгар уут хөрсөнд шингэхдээ хэчнээн жил болдог гэдэг билээ дээ, иймээс хүний шарил бохирдол үүсгэх нь тодорхой. Миний хувьд үүнээс илүү чандарласан нь дээр гэж үздэг. Нэгдсэн журмаар шатааж, чандарлах нь хор хөнөөл багатай байх.


Сүхбаатар дүүргийн оршин суугч С.Болор-Эрдэнэ:

Монголчууд уг нь нас барсан хүнийхээ цогцсыг хөрсөнд булах биш, ил тавьдаг байсан юм болов уу гэж би ойлгодог. Гэхдээ газар булснаар байгальд хор хөнөөл учруулдаг гэж урьд нь сонсож байгаагүй юм байна. Би бол эсрэгээрээ чандарлах нь шатааж, утаа гаргаж буй гэх утгаараа илүү хортой байх гэж боддог. Ер нь энэ талаар бодож үзээгүй юм байна.


Сүхбаатар дүүргийн оршин суугч П.Нансалмаа

Хөрсөнд булж оршуулснаар байгальд хор хөнөөлтэй талаар урьд нь сонсож байгаагүй юм байна. Энэ талаар нэг их бодож үзээгүй, мэдэхгүй байна. Монголчууд эрт дээр үеэс холбогдох ёс журмынхаа дагуу л энэ зан үйлийг гүйцэтгэж ирсэн байх.


Чингэлтэй дүүргийн оршин суугч С.Пүрэвжав:

Байгальд хортой гэж өмнө нь огт сонсоогүй юм байна. Уламжлал ёсоороо бид газарт нь шингээдэг заншилтай шүү дээ. Үүнээс болж нэг их газар дэлхий бохирдож, сүйдээд байх нь юу л бол. Би бол мэдэхгүй юм. Уламжлалаа дагаж хөрсөнд нутаглуулах нь зөв гэж үзэж байна.


Сүхбаатар дүүргийн оршин суугч У.Мөнгөнбаяр

Хөрсөнд булж оршуулснаар хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй гэж сонсож байсан. Ийм ч учраас АНУ-д татдаг шургуулга бүхий оршуулгын газар барьж, байгуулсан жишиг бий. Тийм хэлбэрийг би дэмждэг. Бас хувьдаа чандарлахыг хөрсөнд нутаглуулахаас илүү дээр гэж үздэг. Гэхдээ Монголчууд сүсэг бишрэлээсээ болж чандарлахад их дургүй. Нэг талдаа энэ үеэр талийгчийн эрхтнийг алдах эрсдэлтэй ч гэж үзэх хүмүүс байдаг юм билээ.


Чингэлтэй дүүрнийн оршин суугч У.Энхүүлэн

Байгальд хор хөнөөлтэй гэж сонсож байсан. Хүний яс л гэхэд задрахдаа өөрийн гэсэн хий ялгаруулдаг гэдэг шүү дээ. Мөн дараа нь хот төлөвлөлт хийхэд хүний цогцос гарч ирээд байвал хэцүү. Иймээс чандарлавал хөрсийг бохирдуулахгүй, мөн нийслэлийн өнгө үзэмжинд ч сөргөөр нөлөөлөхгүй болов уу гэж бодож байна.


Сүхбаатар дүүргийн оршин суугч З.Түвшинбаяр

Байгальд яг ямар хор хөнөөл учраалдаг талаар нарийн мэдэхгүй. Уг нь Монголчууд дээр үед нас барсан хүнийхээ шарилыг ил тавьдаг байсан, энэ нь одоо мартагдаж. Барууныхныг даган булж оршуулдаг болсон байна. Би хувьдаа үүнийг дэмждэггүй. Хэрвээ болдогсон бол ил тавьж оршуулбал зүгээр гэж боддог.


Хан-Уул дүүргийн оршин суугч Н.Урантөгс

Нас барсан хүний цогцос илжирч, улмаар хөрсөнд шингэж буй тул яалт ч үгүй хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлнө гэж боддог. Харин яг холбогдох эрдэмтдийн судалгааг уншиж, танилцаж байгаагүй юм байна. Миний хувьд шатааж, чандарлах нь илүү дээр гэж үздэг.

М.ТЭНГИС


ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНД - ШАРИЛ НЬ ХАЛДВАРТ ӨВЧИН, ЦУСАН СУУЛГА, СҮРЬЕЭГИЙН МАКРО БАКТЕРИ ЯЛГАРУУЛДАГ-

Бид дээрх мэдээллийн мөрөөр далд оршуулсан шарил нь хүний биед үнэхээр хортой эсэхийг тодруулахаар гадаад, дотоодын олон эх сурвалжуудыг хөндөн үзэв.

Ингэхэд, оршуулгын газрын шарил нь задрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулдаг болохыг олж мэдлээ. Зөвхөн нэг хүний шарилаас л гэхэд 320 кг нүүрсхүчлийн хий, агаарыг бохирдуулагч хорт бодис ялгардгийг мэргэжилтнүүд судлан тогтоожээ.

Оршуулгаас нүүрс төрөгчийн хий, азотын хүчил ялгарахаас гадна агаар, хөрсөөр дамжин элдэв халдварт өвчин, цусан суулга, сүрьеэгийн макро бактери ялгардаг байна.

Нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээлж байгаагаар нүүрстөрөгчийн исэл нь, хүний амьсгалж буй агаарын хамт бодгалд орж цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт нөлөө үзүүлдэг аж.

Харин азотын ислүүд нь, хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын нитритийг үүсгэж уушгийг гэмтээдэг байна.

Бидний олсон бас нэгэн сонирхолтой баримт нь нийт нас барж буй гурван иргэн тутмын нэг нь халдварт өвчнөөр насан өөд болдог бөгөөд тэднийг оршуулсны дараа мөнөөх халдварт өвчний вирусууд хөрсөнд нэвчиж, цаашилбал агаарт дэгддэг аж. Хөрсөнд гүн нэвчсэн тохиолдолд нийслэлчүүд гүний худгийн уснаасаа ч хордох эрсдэлтэй гэдгийг хэлдэг нь үнэний ортой.

П.УРНАА


ТАВ. БАЙГАЛЬ ОРЧИН - БУЛШНЫ ЧУЛУУ, МОДОН ХАЙРЦАГ ХИЙХ ГЭЖ ЭХ БАЙГАЛИА СҮЙТГЭСЭЭР

Berkeley Planning Journal сэтгүүлээс гаргасан судалгаанд, Америкчууд далд оршуулгандаа жилд 30 сая ширхэг банз, 2 мянга 700 тонн зэс болон хүрэл, 1 сая 636 мянган тонн цемент зарцуулдаг гэсэн тоо баримт гарчээ. Энэ нь жилд 4.5 сая байшин барих боломжтой, 4 сая акр ой модыг хайрцаг хийхэд зарцуулж буй гэсэн үг юм.

Гэтэл эдгээр модон хайрцаг, булшны чулуу зэргийг хийхэд шаардагдах материалууд нь экосистемд амин чухал байр суурийг эзэлдэг гэдгийг та бид мэднэ. Жишээлбэл, 2 метр урттай хайрцаг хийхэд дунджаар 12 ширхэг банз ордог нь нас бие гүйцсэн 1-2 гуалин модыг устгаж буйтай агаар нэг. 2014-2018 оны хооронд нас барсан 37 мянга 925 хүнд үржүүлж үзвэл, дээрх хугацаанд 455 мянга 100 ширхэг банз буюу 40-80 мянган гуалин модыг үгүй хийсэнтэй тэнцэж байна. Энэ бол бүхэл бүтэн ойн модны хэмжээ билээ.

Мөн дээрх хэсэгт дурьдсанаар нэг ширхэг шарилнаас 350 орчим килограмм нүүрсхүчлийн хий ялгардаг. Тус хий нь зөвхөн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, озоны давхарга цоорох, дэлхийн дулаарал эрчимжих хамгийн том хүчин зүйл болдог байна.

Ой мод гэдэг газар доор усны ундаргатай хүйн холбоотой оршдог, экосистемийн нэгэн чухал бүрэлдэхүүн. Мод усыг татдаг гэдгийг эрт дээр үеэс хүн төрөлхтөн ажиглаж, танин мэдэж ирсэн. Ой мод устсанаар гол мөрөн ширгэх, усны ундарга татрах аюул бий болно. Түүнчлэн газрын хөрс хуурайшиж, цөлжилт явагдах эрсдэлт нөхцөл үүсэж буй.

Нэгтгэн дүгнэхэд, далд оршуулга хийх ёслол нь агаар, ус, хөрсний эргэх холбоотой тэнцвэрт байдлыг алдагдуулах бүрэн бололцоотой үйл ажиллагаа юм.

М.ТЭНГИС


ЗУРГАА. ХУУЛЬ - ОРШУУЛСАН НЭГ ШАРИЛ ТУТАМД НЭГ МОД ТАРИХ ЁСТОЙ Ч...

Нийслэлийн иргэд 18 газарт оршуулгын зан үйл үйлдэж байгаа аж. Мэдээж эдгээр газрууд бүгд хуультай улсын дүрмийн дагуу ажиллана.

Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулга түүнтэй холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах журамд:

Оршуулгын газар БАЙГУУЛАХ, ХААХ:

2.5 Оршуулгын газрыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Монгол Улсын холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн хот суурин газар, цэвэр ус, булаг шандны эх, аялал жуучлалын бүсээс 1000м-ээс доошгүй зайд байхаар тогтооно.

2.6 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс дараах тохиолдолд оршуулгын газрыг хаана.

  • Тухайн оршуулгын газарт оршуулга хийх газрын нөөц дууссан,
  • Тухайн газарт оршуулгын үйл ажиллагаа 5-с дээш жил хийгдээгүй,
  • Байгалийн гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн улмаас оршуулгын газар эвдэж сүйдсэн, сэргээн засварлах боломжгүй болсон,
  • Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагаас оршуулгын газрыг үргэлжлүүлэн ашиглах нь хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нөхцөл бүрдсэн гэж дүгнэлт гаргасан,

-ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОРШУУЛСАН ШАРИЛУУДЫГ АР ГЭРИЙНХНИЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ШИЛЖҮҮЛЖ, ЧАНДАРЛАНА-

11.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт ил тавьсан шарил болон зөвшөөрөлгүй оршуулсан шарилын талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдэгдэнэ.

11.3 Зөвшөөрөлгүй газар оршуулсан болон ил тавьсан шарилыг талийгаачийн ар гэрийнхний зөвшөөрлийг авахгүйгээр шилжүүлэн чандарлах ба шарилыг шилжүүлж, чандарлах шийдвэрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга гаргана.

Мөн оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь тус журмын 6.1.5-д заасны дагуу  Оршуулгын газрын ерөнхий төлөвлөгөөний дагуу оршуулсан 1 шарил тутамд 1-ээс доошгүй мод тарих ёстой байдаг аж. Гэвч манайд энэ нь хэрэгжих байтугай дурдах ч хүн байдаггүй.

П.УРНАА


ДОЛОО. УЛАМЖЛАЛ – БИДЭНД ДАГАХ ЁСТОЙ, ЦОР ГАНЦ ЗАН ҮЙЛ ГЭЖ БАЙСАНГҮЙ

Сонирхолтой нь, бид Монголчуудыг эртнээсээ л ил тавих зан үйлтэй гэж бодож байв. Гэвч бидний оршуулах зан үйл эртнээс өнөөг хүртэл хувьсан өөрчлөгдөж иржээ. Тухайлбал, шарилыг говьд бол тэмээнд харганаар тэгнээ хийж, хангайд бол нуруу ачин хөдөөлүүлдэг байв. Хөдөөлүүлнэ гэдэг нь хөдөө газарт үлдээх, хээр тавихыг хэлнэ.

Гэхдээ зөвхөн хээр тавих буюу ил задгай “гээх” бус булшилж хигисхүү хийх, хөшөө тас босгох, хайлж чандар болгон хадгалах, хатааж занданшуулах зэрэг зан үйлийг гүйцэтгэж ирсэн нь сонирхол татав. Үнэхээр Монголчууд чандарлах эсвэл занданшуулах үйлийг хийж байсан гэж үү?

Хөрсөнд оршуулахын тухайд, Чулуун зэвсгийн үеийн, нүхэнд суугаа байдлаар олдсон оршуулгын олдвороос Монголчууд 16-р зуун хүртэл буюу бөөгийн шашинтай үедээ ихэвчлэн дараах зан үйлийг ашигладаг байж гэж судлаачид тэмдэглэжээ. Харин үүнээс хойш жирийн иргэдийн дунд ил тавих буюу хээр “гээх” зан үйл зонхилов. Ингэхдээ талийгаачийг уут, даавуу, эсгийгээр ороон, толгой талд нь маанийн үсэг бичсэн мод чулуу босгож тавьдаг байжээ.

Мөн занданшуулах буюу хатаах зан үйлийн тухайд, 12, 14, 16 дугаар зуунд хамаарах зарим олдворуудын дунд занданшуулсан шарил хадны агуйгаас олддог байснаар энэ зан үйл манай улсад байж гэдгийг нотолдог аж.

Чандарлах зан үйл нь бүр Түрэгийн үед, Уйгаруудын дунд байсан тухай эх сурвалжид дурджээ. Мөн өөр нэгэн эх сурвалжид Түмэд түмний алтан хааныг 1582 онд Гуравдугаар далай лам Содномжамц бурхны шашны зан үйлийн дагуу чандарлаж, чандрыг нь суваргад залж байсан түүхтэй бөгөөд түүнээс хойш Гуравдугаар Далай ламын зохиосон “Түмдийн Алтана хааны чого” нэртэй судраар өнөөдрийн зан үйлийг үйлдэж байна гэжээ.

Түүхэн сурвалж бичгүүдэд дурдсаныг үзвэл, манай улс оршуулгын зан үйлээ үеийн үед, цаг хугацааны олон янз байдал бүрд  тохируулан хувирган, өөрчилж байсныг нотлон харуулах нь энэ.

Б.ГЭРЭЛМАА


НАЙМ. ОРШУУЛГЫН БИЗНЕС - ЧАНДАРЛУУЛАХ ЗАН ҮЙЛ “ӨНДӨР” ҮНЭТЭЙ

Далд оршуулгын эерэг, сөрөг талыг гадарласан зарим иргэд чандарлуулах зан үйлийг түлхүү үйлддэг болоод байгаа. Монголд энэ чиглэлийн үйл ажиллагааг “Улаанбаатар буян” компани үйлдэж буй.

Тус компани талийгаачийг чандарлах, газарт оршуулах, төрсөн нутаг руу нь буюу хөдөө орон нутаг руу аваачиж нутаглуулах зан үйлүүд голлон үйлддэг байна.

Чандарлах үйлчилгээг хамгийн багадаа 1,7 сая, дээд тал нь 5 сая төгрөг байдаг аж. Энэ үнэд чандарлах зан үйлийг эхнээс нь авхуулаад дуусах хүртэл буюу бурхан болоочийг тээвэрлэх, бурхан болоочтой танхимд салах ёс хийх, чандарлах, бунханд залах үйл явцын зардал багтана.

Харин газарт оршуулах юм бол үүнээс хамаагүй бага зардал буюу 0.5-1 сая орчим төгрөг зарцуулагдах хэдий ч, нийгэмд үзүүлэх хор хөнөөл нь их. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр далд оршуулга хийх хүн бүртгэлийн багахан төгрөг төлөөд түүн дээрээ хөшөө, хайрцаг, талийгаачийг ороох торго зэргийг оруулан өртгөө тооцно. Иймд иргэд чандарлахаас хямд тусдаг далд оршуулгын илүүд үздэг нь нууц биш.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Улаанбаатар буян ХХК, Суварга буян ХХК, Буман буян ХХК, Түмэн буян ХХК, Амирлан буян ХХК гээд буяны цогц үйлчилгээ явуулдаг хэд хэдэн компани бий. Эдгээрээс Улаанбаатар буян ХХК үйлчилгээ болоод үнийн хувьд монополь гэдгийг хэн хүнгүй хэлдэг. Эдгээр компаниудын үнийн санал нь өндөр хөгжилтэй бусад улс орнуудын зардалтай эн тэнцүү байх нь 400 мянган төгрөг, түүнээс бага цалин орлоготой өрхөд хүсэвч хүрч чадахгүй том мөрөөдөл болоод байна.

-ОРШУУЛАХ ГАЗАР НЬ ЭЗЭНТЭЙ, ЭЗНЭЭС НЬ ГАЗРАА ХУДАЛДАЖ АВААД БУРХАН БОЛООЧОО НУТАГЛУУЛДАГ МОНГОЛЧУУД-

Нөгөө талаар чандарлуулахгүй байлаа гээд бурхан болоочоо нутаглуулахад мөн л мөнгөний асуудал тулгарна. Энэ бол нутаглуулах газрыг нь худалдаж авах асуудал.

Засгийн газар 2018 онд Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 20 гаруй мянган өрхийг цахилгаан халаагуурт холбох шийдвэр гаргасан. Үүний тулд “Самбалхүндэв” буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газарт 2040 МВА хүчин чадал бүхий “Хүчит шонхор” дэд станцыг 2018 онд барьж ашиглалтад оруулахаар яригдаж байв. Гэвч одоо хүртэл шарил чөлөөлөх ажил урагшгүй байгаа билээ. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан гэж ярьдаг ч, үүний цаана газрын наймаа, хэн нэгний бизнес хөндөгдөж буй учир ийн царцсан байж болзошгүй юм.

П.УРНАА


ЕС.ОЛОН УЛСАД: ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТТЭЙ, ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ШИЙДЭЛ - "ХҮН БОРДОО”

Дэлхийн түүхийн нийт хугацаанд манай гараг дээр 110 орчим тэрбум хүн амьдарч, мөн амь үрэгдсэн гэх тооцоололт судалгаа Live Science сэтгүүлд нийтлэгджээ. Энэ бүх хүмүүсийн дор хаяж 10 хувийг далд оршуулгын хэлбэрээр нутагшуулсан гэж үзэхэд 10 тэрбум орчим тооны шарилыг дэлхийн хэвлий шингээжээ.

Ийм ч учраас хөгжингүй орнуудын иргэд болон эрх баригчид зай талбай их эзэлснээр хот төлөвлөлтөд муугаар нөлөөлдөг, байгаль экологи төдийгүй хүний эрүүл мэндэд хөр хөнөөлтэй далд оршуулгын хэлбэрээс татгалзаж байна. Харин үүний оронд чандарлах хэлбэрийг илүүд үзэх хандлага давамгайлж байгаа юм.

АНУ-ын Калифорни мужийн иргэд тус улсын бусад мужийн иргэдтэй харьцуулахад чандарлах хэлбэрийг хоёр дахь олон сонгодог гэх тоон судалгаа байна. Ер эрт дээр үед ч шарилыг шатааж, үснийг нь далайд хийсгэдэг зан үйл далд оршуулгаас дутахгүй байр суурийг эзэлдэг байсан. Гэвч нэг талаар энэ нь зай талбай хэмнэх боловч, хүний биед үзүүлэх хор хөнөөлийн хувьд илүү дор ч тусах болдог аж. Учир нь чандарлах үйл явцын үед шарилнаас их хэмжээний мөнгөн ус, шоргоолжны альдегид зэрэг хорт бодисууд ялгарч, агаар мандалд тархдаг байна.

Иймээс сүүлийн жилүүдэд олон улсын тэмүүлэх болсон хамгийн шинжлэх ухаанч, экологид болон хүний эрүүл мэндэд ээлтэй хэлбэрт "Хүн бордоо” тооцогдож байна. Энэ нь тусгай зориулалтын төхөөрөмжийн тусламжтай шарилыг бордоо болгон хувиргах технологи юм.

Уг чиглэлээр үйл ажиллагаа явуулах технологи нэвтрүүлээд буй Recompose компанийн үүсгэн байгуулагч Катрина Спаде, "Энэхүү шинэ шийдэл нь шарилыг чандарлахад зарцуулагддагаас наймны нэгтэй тэнцэхүйц бага хэмжээний энерги хэмжээг ашигладаг, нүүрстөрөгч зэрэг хортой элементүүдийг агаар мандалд ялгаруулдаггүй зэрэг олон давуу талтай” хэмээн ярьсан байдаг.

Үүнтэй холбогдох сонирхолтой нийтлэлийг энд дарж унших боломжтой.


АРАВ. ДҮГНЭЛТ - БИД ДӨРВӨН УУЛААРАА Ч, ДӨРВӨЛЖИН ЧУЛУУДААР Ч БҮСЛЭГДЖЭЭ

Яах аргагүй л нийслэл Улаанбаатар хот агаарын чанарыг зөвхөн утаагаар төсөөлөлгүй, шарилаас ялгарах хорт хий, байгаль экологийн асуудалд дорвитой алхам хийх цаг болж. Нийслэлчүүд ч оршуулгын зайн үйлийн талаар сэтгэлгээндээ хувьсгал хийж, уламжлалт оршуулгыг зөвхөн ил тавих, далд оршоох байдлаар төсөөлөх хэрэггүй. Уншиж, мэдсэн залуус хүнд болон байгальд аль альд ээлтэй аргыг санал болгож байхад настнууд хуучнаасаа татгалзахыг хүссэнгүй. Гэвч бид яах аргагүй оршуулгын ёс горимоо өөрчлөх цаг болж.

Төр засаг оршоох бизнест хяналт тавьж, чандарлах зан үйлийг зөв хөгжүүлэх талд хувийн хэвшилтэйгээ хамтарч, амьдралын боломж тааруу ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх шаардлага нэн яаралтай тулгарлаа. Хүүхдүүд гэртээ харих гэж шарил дундуур хурд мэдэн туучиж, ирээдүйг бүтээх тэдний нүд айдас хүйдсээр бүлтэгнэн бөлтөлзөх нь өндөр технологийн эрин зуунд байж болох явдал биш. Хүүхдүүд код бичиж, компьютер бүтээж, компани байгуулж байна.

Бид дөрвөн уулаараа ч, дөрвөлжин чулуудаар ч бүслэгджээ. Энэ дунд нийслэлчүүд бид хэрхэн эрүүл, аюулгүй амьдарч үлдэх вэ?

Өмнөх дугаарын ЭГҮҮРИЙН СЭДЭВ: Хөндүүлсэн ураг хаачдаг вэ нийтлэлийг та ЭНД ДАРЖ уншина уу.


ДУГААРЫГ УДИРДСАН: Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
РОД
РОД
2020-01-28 10:36

ЦАГААН ДАВАА АЛТАН ӨЛГИЙГӨӨС ТАЛИЙГЧДЫН ЯСЫГ АВЧ ЧАНДАРЛАН ТУСАДНЬ НЭГДСЭН СУВАРГАНД БАЙРЛУУЛЖ ГАЗРЫГ НЬ АРИУТГАН ХОГ НОВШИЙГ НЬ ЦЭВЭРЛЭН АТАРШУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Холбоотой мэдээ

Back to top button