СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“ЭГҮҮР”-ИЙН СЭДЭВ: Хөндүүлсэн ураг хаачдаг вэ

EGUUR.MN сайтын редакцийн сэтгүүлчид хамтран нийгмийн сэдвүүдийг олон талт байдлаар судлан, сурвалжлахаар “Эгүүрийн сэдэв” шинэ контентоо эхлүүлж байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид гудамжинд амьгүй хэвтэх нярайн цогцос олон ч удаа олсон талаараа халаглан ярьдаг. Нийгэмд тэр бүр мэдээллээд байхгүй энэ гашуун мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. Хамгийн сүүлд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Ц.Баатархүү нэгэн хувийн эмнэлэг аборт хийгээд ургийг гудамжинд хаядаг байсныг илрүүлэн шалгаж буй тухай мэдээлсэн. Тухайн эмнэлэг өдөр тутмын сонинд “Бид л баригдсан болохоос бусад нь ч адилхан хаядаг шүү дээ” гэх сэтгэл сэртхийлгэм хариулт өгч байв. Энэ ч орцноос, тэр ч гудамжны мухраас нярайн цогцос олдлоо гэх мэдээллүүд шил шилээ даран гарах болсон энэ үед бид юуны учир ийм хэргүүд гарах болсон талаар сурвалжлан хүргэж байна.


НЭГ. СТАТИСТИК – 1989 ОНООС ХОЙШ 460 МЯНГАН ИРГЭНЭЭ АЛДЖЭЭ

Статистик тоон мэдээнээс харахад Монгол улсад нялхсын эндэгдэл:

-2016 онд 1315,

-2017 онд 1009,

-2018 онд 1037,

-2019 оны эхний 10 сарын байдлаар 855 байна.

Харин үр хөндөлт улсын хэмжээнд:

-2016 онд 18 316,

-2017 онд 17 530,

2018 онд 15 822 байна.

Үүнээс аймаг хотоор нь тооцоход,

Улаанбаатар хотод хамгийн их буюу 2016 онд 13 805, 2017 онд 12 661, 2018 онд 11 074 байгаа юм. Харин Өмнөговь аймагт 2016 онд 425, 2017 онд 611 байснаа 2018 онд 815 болж өссөн байна.

Мөн 1989-2018 оны статистик мэдээг үзвэл, 1991 онд улсын хэмжээнд хамгийн их үр хөндөлт хийлгэсэн буюу 31.217 удаа үр хөнджээ. 2000-аад оны үед багасаж байсан үр хөндөлтийн тоо 2010 он гарахтай зэрэгцэн эргэн өсөж буй нь график үзүүлэлтээс харагдаж байна.

Дээрх тоон мэдээнээс харахад Монгол улс “шинэ” иргэдээ нялхсын эндэгдлээс бус үр хөндөлтөөс алдаж буй нь харагдана. Аюулын хонх дэлдэж буй энэ үр хөндөлт бүрийг амь гэж тооцвол манай улс 1989 оноос хойш 460 гаруй мянган иргэнээ “алджээ”. Гэвч энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо баримт юм.

Б.ГЭРЭЛМАА


ХОЁР: УРГИЙН ТОЛГОЙГ ЧУЛУУ ТҮШҮҮЛЭЭД ОРХИСОН БАЙЖЭЭ

-50 МЕТР.КВ БҮСЭЭС ГУРВАН Ч УРГИЙН ЦОГЦОС ОЛДСОН ГЭВ-

Баянгол дүүрэг, 10-р хорооллын нутаг дэвсгэр. П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгээс зүүн хойд зүгт 200 орчим метр явахад тааралдах автомашины граш эгнэсэн, өндөрлөг бүхий буйд газар. Арваннэгдүгээр сарын эхээр энд цагдаагийн бүрхүүлтэй ногоон машин ирж зогсоод, орны даавуунд хуйлаатай, атгасан гарнаас томгүй нэг зүйлийг аваад явжээ. Эндсэн ураг. Ойр тойронд нь архины шил, өрөөсөн гутал, пивоны лааз сэлт хөглөрч харагдах. Төрүүлсэн эх нь ургийн толгойг чулуу түшүүлж тавиад, даавуугаар битүү хуччихаад орхиж одсон байхтай ойролцоо ажилладаг нэгэн иргэн тааралдсан нь тэр.

Ургийг олсон, бас цагдаагийн ажилтнууд тууз татаад аваад явахыг өөрийн нүдээр харсан иргэн А-тай бид цөөн хором ярилцав. Түүний хүсэлтээр нэрийг нууцаллаа.

-Сар орчмын өмнө эндээс хаягдсан ураг олдож. Даавуунд боогоод, чулуу түшүүлж орхисон байсан тухай та ярилаа. Хүний нүднээс тийм ч далд газар биш харагдана?

-Энэ газарт би ойрхон ажилладаг. Олны хөлөөс зайдуу биш, машин тэргээ байрлуулсан хүмүүс өөдөө, уруугаа хөлхөлдөж л байдаг газар. Тэр өдөр даавуунд боогоод хаясан ургийг би нүдээр харсан. Цагдаагийн машин ирчихсэн, дотогш оруулж байхыг ч харсан. Царай нь хөв хөх болчихсон, амьгүй ураг… Ямар сайн байх вэ дээ. Үүнээс хойш асуудал цагдаа, шүүхэд шилжсэн учир хэдийд эндсэн, ямар ураг байсан талаарх мэдээллийг олж сонсож чадаагүй.

-Үүгээр харагдах автомашины грашнуудын ар, өндөрлөг хэсэгт мөн урьд өмнө нь нярайн цогцос олдож байсан гэж дуулсан юм байна?

-Тийм. Ерөөс энэ грашнуудын ард, бас даавуунд боогоод орхисон байсан гэж дуулсан. Цагдаагийн машин ирээд явахыг нь би харсан. Бас эндээс ойролцоо, нийтийн байрны нойлд, жорлонгийн почкины ард ураг орхиод явсан байсан гэж ч сонсож байсан. Ойролцоох газар ажилладгийн хувьд иймэрхүү зүйл их сонсоно. Хүмүүс бие үнэлэлт явагддаг дэн буудал ойрхон бий гэлцэх юм билээ.

Иргэн А-тай ярилцаад ургийн цогцос олдсон гэх цэгүүдээр явж, танилцлаа. Цагдаагийн ажилтны хэлж буйгаар энд биеэ үнэлдэг газар байдаг, ойр ойрхон хаягдсан ургийн цогцос олддог зэрэг нь үнэн гэх. Ердөө 50 гаран метр.кв-ын бүсэд гурван ч ургийн цогцос олдсон хэргийн газар ийм аж.

М.ТЭНГИС


ГУРАВ. ҮР ХӨНДҮҮЛСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД УРАГ ХААЧДАГ БОЛОХЫГ МЭДДЭГ ҮҮ

Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооны иргэн Б.Л: ХӨНДҮҮЛСЭН УРГИЙГ НАДАД ӨГӨӨГҮЙ

Сайн байна уу. Намайг Л гэдэг. Жаахан эмзэглэж явдаг сэдэв минь ч олон хүнд сургамж болох болов гэж бодон ярьж байна. Би сургуулиа төгсөөд хараахан ажилд орж чадаагүй байхдаа жирэмсэн болсон. Нөхөр болоод гэрийнхэн бүгд л баярлаж сайхнаар хүлээж авсан ч надад нэг л тухгүй айдастай байх болсон. Энэ хүн надад тохирох хүн мөн болов уу, арайхийн сургуулиа төгсчхөөд ажилд орж чадахгүй жирэмсэн болчихлоо, ингээд эрх чөлөөгүй нэгэн болчихов уу, найзууд минь бүгд хүүхэдгүй шүү дээ гээд бодох бодохгүй олон зүйл бодогдсон. Өөрийн чинь амьдрал байхад бусадтай харьцуулдаг гэж зэмлэх хэрэггүй, би угаас л аймхай гутранги байж. Ингээд өөртэйгөө их удаан зөрчилдлөө. Нөхөр, гэрийнхэн намайг хөл хүнд гэж их асрана. Гэвч би чадаагүй, өөрийгөө дийлээгүй. Нэг л өдөр 4 сар, хагастай болсон ургаа очоод хөндүүлчихсэн.

Ихэнх эмнэлгүүд ийм том болчихсон ургийг авахгүй, эхийн амь насанд аюултай гэж байсан ч сурагласаар нэг газрыг олсон. Тэр нь яг л төрүүлж байгаа юм шиг, өвтгөж, өөрөөрөө төрж гаргадаг.

Гэрийнхэндээ цус алдсан, тэгээд хүүхдээ алдсан гэж итгүүлсэн. Одоо би 35 настай ч хүүхэдгүй… Таны асуусанчлан, би тухайн үед тэр том болсон ургийг хөндүүлсэн. Дараа нь эмнэлэгийнхэн яасныг мэдэхгүй. Надад өгөөгүй, өгсөн ч би яах билээ.

2015 оны зургаадугаар сард би жирэмсэн болсон. Харамсалтай нь цаашид хамтран амьдарна гэж найдаж байсан залуу минь утсаа авахгүй, фэйсбүүктээ ч орж ирэхгүй алга болсон. Найз нөхдөөс нь дуулахаар энд тэнд ажлаа хийгээд л явж байгаа гэдэг. Гэвч надтай холбогдсонгүй. УГ нь надад хайртай гэж удаан хугацаанд явсны эцэст би итгэж, бид хамтран амьдрах болсон юм шүү дээ. Би ч өндөр албан тушаалд ажилладаг, олны нүдэн дээр амьдардаг хүн. Энэ олон жил явсны эцэст нөхөргүй мөртлөө, хүүхэдтэй гэдэг цол авахыг хүсээгүй. Тиймээс бага сартай байхад нь эмэгтэйчүүдийн эмнэлэгийг зорьсон. Одоо би нөхөр, хүүхэдтэй. Нөхөр минь намайг өмнө нь хүүхдээ авахуулж байсан тухай мэдэхгүй. Мэдэгдэхийг ч хүсэхгүй. Хүнд итгэж, хайрласныхаа төлөө эмэгтэйчүүд хохироод үлддэг ийм байдлыг би биеэрээ мэдэрсэн, үнэхээр тэвчишгүй. Хэсэг хугацаанд ганцаараа галзуу солиотой юм шиг явж, ажлаас өөрийг мэдэхгүй явсан. Одоо хэрэв байсан бол ямар хүүхэд байх байсан бол гэж бодогдоод сэтгэл өмрөөд байдаг учраас тэр тухай бодохыг хүсдэггүй.

Тухайн үед эмнэлэгт үр хөндүүлээд гарч явсан болохоос ураг хаачдаг тухай огт сонсож байгаагүй, сонирхож ч асуугаагүй юм байна.

Бодоод байхад, эмэгтэй хүн л бие сэтгэлээрээ хохирч үлддэг эмгэнэлтэй хувь тавилантай ч юм шиг. Насаараа тэр өдрийг мартахгүй шүү дээ. Хүнийг танина гэдэг ч хэцүү юм. Хайртай дуртай гэдэг үг ч цагаа тулахад худлаа. Охид бүсгүйчүүд минь удаан хугацаанд хүнтэй нөхөрлөж байж, шийдвэрээ гаргаарай гэж захья даа.


ДӨРӨВ. ҮР ХӨНДҮҮЛЭХ ЭРЧҮҮДЭД Ч БАС ХҮНД ТУСДАГ

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.А: ЭХНЭРИЙНХЭЭ СЭТГЭЛИЙГ ХЯМРААЧИХ БАЙХ ГЭСЭНДЭЭ УРГИЙГ НЬ АВААГҮЙ

Намайг Л гэдэг, 44 настай. Манайх гурван хүүхэдтэй. Ханьтайгаа гал голомтоо бадраагаад 20 жил болж байна. Хоёр жилийн өмнө хань минь жирэмсэн болсон. Одонгийн хүүхдээ өлгийдөж авах нь гээд бөөн баяр болж билээ. Гурван охинтой болохоор хүү гараасай гээд хэчнээн баярласан гэж санана. Жирэмсэн болсноос нь хойш эхнэрийн бие их өвдөж, ядрах болов. Хань минь 43 насандаа хүүхдээ гаргаж чадна гээд гүрийсэн ч санаснаар болоогүй. Эмч нар “Эхнэрийнх нь бие дийлэхгүй нь. Авхуулахаас өөр аргагүй. Эхнэрийн тань амь насанд эрсдэлтэй” гэсэн. Үүнтэй эвлэрэх бид хоёрт амар байгаагүй. Хүүхдээ гаргая, хүүтэй болъё гээд зөндөө хичээсэн, гайгүй гэсэн олон эмчид үзүүлсэн. Бүгд л адилхан хариу хэлж, хүүхдээ авхуулахыг зөвлөсөн. Тэгээд аргагүйн эрхэнд хүүхдээ авхуулахаар болов. Ярилцаж байгаад нэлээд гайгүй гэсэн хувийн эмнэлэгт хандлаа. Эмнэлгийн үүдэнд зогсож байхдаа ханийгаа их өрөвдсөн. Бас хүн болж чадаагүй хүүхдээ. Мэс заслын дараа авхуулсан ургийг бидэнд өгөөгүй. Үнэнийг хэлэхэд авъя гэж хэлээгүй юм л даа. Эхнэрийнхээ сэтгэлийг улам хямраачих байх гэж санаа зовсондоо тэр. Сүүлд нээрэн бидний авхуулсан хүүхдийг яасан бол гэж бодсон. Гадаадынхан шилэнд хадгалдаг, шатаадаг юм билээ. Монголд ч бас тэгдэг байх гэж бодож байлаа. Гэтэл тийм биш бололтой. Саяхан зурагтаар нэг хувийн эмнэлэг ургийг хогон дээр хаясан хэрэг гарсан тухай мэдээлсэн. Тэгэхэд их санаа зовсон. Ер нь яах ч аргагүй зүйл л тохиолдохгүй бол хүүхдээ авхуулахгүй, төрүүлж байхыг бусад гэр бүлд захья.

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Р: ХҮҮХДЭЭ АВХУУЛСНААС БОЛЖ БИД ХОЁР САЛСАН

-Би 22 настай. Гурван жилийн өмнө Зулаа гэдэг охинтой үерхдэг байлаа. Тухайн үед бид хоёр нэгдүгээр дамжаанд сурч байсан юм. Хоёулаа ирээдүйгээ их сайхнаар төсөөлдөг, олон хүүхэдтэй болно гэж ярьдаг байв. Хичээлээ хамт хийн, орой бүр гэрт нь хүргэж өгнө. Нэг өдөр тэр минь жирэмсэн болсноо хэлсэн. “Аав, ээж хоёр юу гэх бол. Хичээлээ яана аа” гээд санаа алдсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Би “Хоёулаа чадна аа. Хүүхдээ заавал төрүүлнэ. Сургуулиасаа нэг жилийн чөлөө авчихаж болно шүү дээ” гээд гараас нь атгаснаа их тод санадаг. Тэгээд би өөрийнхөө аав, ээж хоёрт хэлэхэд их баярласан. Зулаа аав, ээждээ хэлж зүрхлэхгүй байв. Ядаж байхад тухайн үед надтай үерхдэгээ хэлээгүй байсан юм л даа. Гэнэт найз залуутай, тэгээд бүр жирэмсэн болсноо хэлэх Зулаад амаргүй байсан нь мэдээж. Тэгээд бид хоёр хамт гэрт нь очин, үнэнийг хэлэхээр болов. Яаж хэлэх учраа олохгүй, ёстой хэцүү байсан шүү. Зулаа над руу байсхийгээд л харна. Тэгэх бүрт нь нүүрээр халуу дүүгэн, хацарт улайгаад л. Тэгж байтал ашгүй Зулаа “Бид хоёр хүүхэдтэй болох гэж байгаа” гэв. Аавынх нь царай барайн, юу ч дуугараагүй. Харин ээж нь “За, арай үгүй байлгүй дээ. Дөнгөж нэгдүгээр дамжаанд сурч байж гэдсээ чирээд ирэхдээ яах вэ дээ. Сургуулиа яах вэ, чамайг ямар ирээдүй хүлээж байгаа гэж бодож байна вэ. Хүүхэд гаргаад, гэрийн мануухай бол гэж чамайг их сургуульд оруулаа юу, өдий болтол өсгөө юү” гээд дургүйцэв. Тэгснээ “Хүүхдээ авахуулсан нь дээр. Би лав зөвшөөрөхгүй” гэдэг байгаа.

Би тэндээс яаж гарснаа санадаггүй юм. Нэг мэдэх нь ээ гэртээ ирчихсэн байв. Зулаа руу чат бичтэл хариу ирээгүй. Маргааш нь хичээлдээ ирсэнгүй. Би санаа зовоод гэрт нь очтол аав, ээж хоёр нь уулзуулаагүй. Тэгж байтал “Хоёулаа яах вэ. Би яахаа мэдэхгүй байна” гэсэн мессэж ирсэн. Нөгөөдөр нь бид хоёр уулзахад “Би аав, ээж хоёроо гомдоомооргүй байна. Хоёулаа залуу байгаа юм чинь хэзээ ч хүүхэдтэй болж болно шүү дээ” гэсэн. Би гэнэт тэгж хэлсэнд нь их гайхсан. Үнэндээ тэгж хэлнэ гэж бодоогүй. Түүний ирээдүйг баллачих юм шиг санагдаад зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй.

Бид хоёрыг уулзсаныг Зулаагийн аав, ээж хоёр мэдсэн юм билээ. Ээж нь надтай уулзаад “Та хоёрыг дахиж уулзуулахгүй. Охиноо сайхан амьдраасай, боловсролтой хүн болоосой гэж хүсэж байна. Чи охиноос минь сал” гэсэн. Тэгээд бас Зулааг хүүхдээ авхуулахаар болсныг хэлсэн. Би хэчнээн хүсэж байсан ч Зулааг хүүхдээ авхуулахад нь эмнэлэг дээр нь очоогүй. Би өөрийгөө л буруутгаж байлаа. Хүүхдээ авхуулсны дараа Зулаа сэтгэлээр их унасан. Сургуулиасаа гарч, гадаад явсан. Бид хоёр дахиж уулзаагүй.

Үнэндээ тухайн үед бид хоёр хөндүүлсэн ургийг хэрхсэн талаар анхаарах сөхөө байгаагүй. Сүүлд сонсох нь ээ зарим хувийн эмнэлэг хог дээр хаячихдаг гэж дуулсан. Эцэг эхдээ гологдоно, хог дээр хаягдана, юу гэсэн үг вэ. Бүрэлдэж байсан хүүхдийг минь ч бас хог дээр хаясан байх вий гэж бодохоор надад аймар санагддаг. Битгий тэгсэн байгаасай. Тухайн үед эмнэлэг дээр очоод эхнэрээ болиулах минь яалаа, тэгж чадахгүй юм гэхэд ургаа аваад хүний ёсоор үдэх минь яалаа гэж үргэлж харамсдаг.

Б.БУЯНДАЛАЙ


ТАВ. ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ХӨНДСӨН УРГАА ЯАЖ ҮГҮЙ ХИЙДЭГ ВЭ

Хувийн гэх тодотголтой эмнэлгүүд үр хөндөлт хийсэн ургийн цогцосыг хаана хаядаг вэ, хэрхэн устгадаг вэ гэх асуултад хариулт хайж үзлээ. Энэ дагуу бид томоохон хувийн эмнэлгүүд болон эмэгтэйчүүдийн жижиг эмнэлгүүдтэй холбогдсон юм.

Хамгийн түрүүнд “Гурван гал” эмнэлэгтэй холбогдож тодруулахад, “Эмнэлгийн хог хаягдал авдаг компани бий. Манайх тэр компанитай гэрээлж, хамтран ажилладаг. Аюултай болон аюулгүй хог хаягдал гэдгээр нь ялган ангилж аюултай эмнэлгийн хэрэгслүүдийг “Элемент” ХХК-д өгч устгуулдаг юм” гэлээ.  

“Таны төлөө бид” эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг, “Байн байн шинэчлэгддэг сайдын тушаал бий. Манайх сайдын тушаалын халдвар хамгааллын тухай заалтад заасны дагуу бид эмнэлгээс хог хаягдлаа халдвартай болон халдваргүй хог хаягдал, эмгэг хог хаягдал гэж нарийвчлан ялгадаг. Энгийн хог хаягдал буюу цаас, сав баглаа боодол, гялгар уут зэргийг хар уутанд хийж хогийн функерт хаядаг. Тийм хогийг хот тохижилтынхон ирж ачдаг. Харин халдвартай хог хаягдал буюу аборт хийсэн ураг, цус цусан бүтээгдэхүүн, ихэс зэргийг шар уутанд хийнэ. “Эленмент” компанитай гэрээ байгуулан халдвартай хог хаягдлаа өгч устгалд оруулж, шатаалгадаг. Тус компани долоо хоногт хоёр удаа ирж ачдаг. Ачхаас өмнө журмын дагуу хөлдөөгчид хадгалж байдаг” хэмээсэн юм.

“Хатагтай” эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр “Тус эмнэлэгт ханддаг хүмүүсийн тодорхой хувийг аборт хийлгэх гэсэн эмэгтэйчүүд эзэлдэг. Тус эмнэлэг мөн эмнэлгийн хог хаядаг устгадаг байгууллагатай хамтран ажиллаж, устгуулдаг” тухай ярьж байв.  

Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг Содон хороололд байрлах “Цагаан-Уул” эмэгтэйчүүдийн эмнэлэг, “Жижиг эмнэлгүүд аборт хийх заалтгүй учир манайх хийдэггүй. Эмэгтэйчүүдэд үзлэг, шинжилгээ хийж үйлчилдэг. Зүү тариур, мазокын үзлэг хийсэн толь зэргээ аюулгүйн шар уутанд хийж устгалын компанид өгдөг. Эмнэлгийн тусгай хог хаягдал авдаг байгууллагатай гэрээ байгуулчихсан тул манайхаас долоо хоногт хоёр удаа ирж ачдаг юм. Даваа, пүрэв гарагт ирдэг. Сайдын ямар журам, тушаал байна, түүнийг нь баримталж ажилладаг” гэлээ.

Сүхбаатар дүүргийн 11-р хороололд байрлах “Саруул Буянзаяа” эмэгтэйчүүдийн эмнэлэг, “Манай эмнэлэг үр хөндөлт хийдэггүй. Үүдэн буюу жижигхэн эмнэлэг тул голдуу жирэмсэн эмэгтэйчүүд ирж үзлэг хийлгэдэг” гэсэн хариулт өгөөд утсаа салгасан юм.

Баянгол дүүрэгт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн зүүн талд орших Монголмед эмнэлгийн дотор байрлах “Эмэгтэйчүүдийн эмнэлэг”-ээс тодруулахад, “Бид аборт хийдэггүй. Гурван гал, Хатагтай, Өргөө амаржих зэрэг томоохон хувийн эмнэлгүүд хийдэг” гэснээс өөр зүйл ярьсангүй.

Хувийн эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийн хариулт нэг иймэрхүү. Томоохон эмнэлгүүд нь “Элемент” ХХК-тай хамтран аюултай, халдвартай хог хаягдлаа өгч устгуулдаг гэж хариулж байна. Харин жижиг эмнэлгүүд нь “үр хөндөлт хийдэггүй” гэсэн хариулт хэлэхээс өөр зүйл хэлэхийг хүсэхгүй байгаа нь илт. Гэвч доорх жижиг гурван эмнлэгийн хоёр нь буюу “Саруул Буянзаяа”, “Эмэгтэйчүүдийн эмнэлэг” нь баттай эх сурвалжуудын мэдээллээр үр хөнддөг болох нь батлагдсан юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой эмнэлэг бүр үр хөндөлтийг нууцаар буюу хууль зөрчиж хийдэг нэгэнт тодорхой болсон. Жижиг эмнэлгүүд хөндсөн ургаа хаана хаядаг вэ гэдэг нь ихээхэн эргэлзээтэй байна.

П.УРНАА


ЗУРГАА: УЛСЫН ЖИШИГ БОЛСОН ЭМНЭЛЭГ ЭНЭ АСУУДАЛД ХЭРХЭН ХАНДДАГ ВЭ

Эрүүл Мэндийн Яамнаас баталсан тушаал, тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах учиртай ЭХЭМҮТ буюу иргэдийн нэрлэж заншсанаар “Эх нялхас”-ын Төрөх эмнэлгийн ажилтантай нэрийг нь нууцлан, тодруулга авав. Тэрбээр,

“Хэрэв эх жирэмсний 12 долоо хоног дотроо үр хөндүүлэх хүсэлт гаргавал хүлээн авдаг. Харин 12-с дээш долоо хоног өнгөрсөн эхийн хувьд, эмнэлгийн заалт байхгүй бол үр хөндөлт хийхгүй, буцаадаг. Өөрөөр хэлбэл 13-22 долоо хоног болсон, мэдэгдэхүйц “биетэй” болсон ургийг зөвхөн тодорхой эмнэлгийн заалтын дагуу л хөндөх зарчимтай.

Харин ЭМЯ-с 2017 онд гаргасан 7 тоот тушаалын дагуу жирэмсний эрт болон хожуу үед үр хөндүүлсэн, аль эсхүл дутуу төрсөн ургийн цогцосыг жинлэж үзээд, 500 граммаас доош байвал “ЭЛЕМЕНТ” ХХК гэх компани руу цогцосыг шилжүүлж устгалд оруулдаг. Нөгөөтэйгүүр, 500 граммаас дээш жин бүхий ургийн цогцосыг эцэг эхэд нь хүлээлгэн өгдөг” гэдэг зүйлийг бидэнд ярьсан юм.

Хууль, дүрмээ дагавал 12-с дээш долоо хоногтой эхэд өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийх боломжгүй. Энэ үед ургийн эрхтнүүд ялгаран хөгжиж, хүн дүрсэд орсон байдаг гэдгийг санууштай. Мөн ургийн цогцос 500 граммаас дээш тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө авдаг. Ингээд оршуулгын ёслол үйлдэх, аль эсвэл гудамжинд хаях нь тэдний сонголт болдог ажээ.

М.ТЭНГИС


ДОЛОО: “ЭЛЕМЕНТ” ХХК ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ВЭ-

500 граммаас доош жин бүхий ургийн цогцосыг албан ёсоор хүлээн авч, устгалд оруулдаг гэх “Элемент” ХХК-тай холбогдлоо. Энэ бол 2009 оноос эхлэн эрүүл мэндийн байгууллагуудын аюултай, эрсдэлтэй хог хаягдлыг тээвэрлэх, халдваргүйжүүлэх, устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, Монголд анхдагч гэж тооцогддог газар юм байна. Цаашлаад улсын болон хувийн хэвшлийн 1405 ЭМБ-тай тус чиглэлээр хамтран ажилладаг гэлээ.

Ургийн цогцос устгалын талаар тодруулахад, “Манайд ирж буй, 500 граммаас доош жинтэй гэж байгаа ургийн цогцос хүмүүсийн ойлгодог шиг том биш. Төрсөн нярай шиг цогцосыг шатааж, устгадаг гэх буруу ойлголт их явдаг. Бидэнд хөвөн, бинтэнд шингээсэн томхон улаан нөж л ирдэг. Түүнийг бид зориулалтын устгах төхөөрөмжинд хийж, холбогдох арга хэмжээг авдаг” хэмээн хариулсан юм.

М.ТЭНГИС


НАЙМ. МОНГОЛ УЛС ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИНД ХЭРХЭН ТУСГАВ

“Үр хөндөлт”-ийг Эрүүл мэндийн сайдын гаргасан журмаар зохицуулдаг. Эл журам дөрвөн жилдээ нэг удаа шинэчлэгдэн батлагддаг байна.  Хамгийн сүүлд Эрүүл мэндийн сайдын 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтаар үр хөндөлтийг зохицуулах журмыг шинэчлэн баталжээ.

Одоо мөрдөгдөж буй ЖУРАМД:

1.Үр хөндөлтийг жирэмсний хугацаагаар нь ЭРТ /эхний 12 долоо хоног дотор/, ХОЖУУ /13 долоо хоногоос 22 долоо хоногийн дотор/ гэж ангилна.

2. Эрт үеийн үр хөндөлтийг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн журам, зааврын шаардлагыг хангасан, гарч болох хүндрэлээс сэргийлэх, эмчлэх бэлтгэлийг бүрэн хангасан, хүндрэлээс сэргийлэх, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан, 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг, “Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах” тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг, клиник, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт үр хөндөхийг зөвшөөрнө.

3.Эрт үеийн үр хөндөлтийг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр төлбөртэйгээр зөвхөн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч гүйцэтгэнэ.

4.Хожуу үеийн үр хөндөлтийг мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амаржих газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээтэй эмч үр хөндөх ажилбарыг хийнэ.

Хожуу үед үр хөндүүлэх мэс ажилбарыг:

Тухайн жирэмслэлт нь эхийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон

Ургийн эмгэг нь амьдралд үл нийцэх гажиг болох нь тогтоогдсон

-18 хүртэлх насны охид өөрөө хүсвэл эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр

-40-өөс дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл

-Цусан төрөл ойртсон нь нотлогдсон

-Бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн тохиолдолд хуулийн дагуу хийлгэж болно.

Харин дээр дурдсан заалтуудаас бусад тохиолдолд жирэмснийг хожуу хугацаанд таслах нь хууль, журмаараа ХОРИОТОЙ юм.  

П.УРНАА


ЕС: ОЛОН УЛСАД – ҮР ХӨНДӨЛТИЙН 45 ХУВЬ НЬ ХУУЛЬ БУС-

Дэлхий даяар нэг жилд 56 сая үр хөндөлт хийгддэг гэсэн тоо баримт бий. Үүнээс 45 хувь нь аюултай буюу хууль бус хэлбэрээр үйлдэгддэг аж. Хэдийгээр улс орон бүр дотоод хуулийн заалтаараа уг асуудлыг зохицуулдаг боловч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс тогтоосон стандартыг баримтлах үүргийг хүлээдэг.

ДЭМБ үр хөндөлтийг хорьдоггүй. Харин аюулгүй, аюултай гэсэн хоёр ангилалд хуваадаг зохицуулалттай. Аюултай гэдэгт үр хөндөлт хийх хуулийн зөвшөөрөлгүй албан байгууллага, эсхүл хувь хүний гараар үйлдэгдэж буй тохиолдлуудыг хамруулна. Жишээлбэл, Африкийн буурай хөгжилтэй орнуудад охидыг жирэмсэлснээс хойш 13 долоо хоног өнгөрсний дараа буюу, ураг баригдахуйц хөгжсөний дараа гэрийн нөхцөлд үр хөндөлт хийж, механик аргаар амийг нь тасалж гаргаж авдаг явдал түгээмэл. Үүнийг ДЭМБ-аас аюултай буюу хууль бус үр хөндөлтөд хамруулж үздэг.

Нөгөө талаар, аюулгүй гэсэн ангилалд тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагад хандаж, тухайн улсынхаа хуулийн зохицуулалтын дагуу үр хөндүүлэх тухай ойлголт багтах юм. ДЭМБ-ын хувьд, эм, эмийн бэлдмэлээр ургийн эрт үед нь буюу 7-с бага долоо хоногтой байхад нь амьгүй болгох аргачлалыг нэгдүгээрт санал болгодог аж. Үүний дараа 15 хүртэлх долоо хоногтой ургийг мэс заслын буюу механик аргаар гаргаж авахыг зөвшөөрдөг. Харин 16-с дээш долоо хоног болсон тохиолдолд, заавал үр хөндүүлэх шаардлага бүхий эмнэлгийн дүгнэлт байгаа эсэхийг харгалзаж үздэг байна.

Үр хөндүүлсэн нярайн цогцосыг эмнэлгийн хог хаягдалд тооцдог бөгөөд, холбогдох устгах арга хэмжээг авах ёстой. Үүнд шатаах, бутлах, зориулалтын хийгээр утах, устгах төхөөрөмжинд хийх зэрэг багтана. Гэвч үр хөндөлтийг хуулиар, ямар ч тохиолдолд бүрмөсөн хориглодог Египт, Филиппин, Ирак, Ангол, Мадагаскар, Конго, Гондурас зэрэг 10 орчим улс байдаг аж.

М.ТЭНГИС


Дээрхээс харахад, Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид үр хөндөх тухай тусгай зөвшөөрлийг зааж өгсөн боловч шат шатандаа хянах хяналт муу буюу зарим хувийн эмнэлгүүд нууцаар үр хөндөлт хийх орчин таатай бүрджээ. Ийм төрлийн үйлчилгээ авч буй иргэдийн өөрсдийнх нь хяналт, шаардлага муу, хуулийн байгууллага ч бүрэн хяналт тавих боломж хомс байгаагаас хөндүүлсэн ураг гудамжинд хаягдах болж. Цөөн хүн амтай Монгол улс энэ асуудлыг гаарахаас өмнө чангалж чадвал, хуулийн зохицуулалтыг нарийвчилж, хувийн эмнэлгүүдэд хяналт шалгалт тогтмол хийдэг болвол иргэд бид хөндүүлсэн ургийн цогцостой хаяа дэрлэн амьдрахгүй…

Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Ehnii busgui huvia hicheesen sanagdlaa. Taalagdsangui. Emegteichuud l hohirch ulddeg ch gene u lol. Hairlad, huhdig chini hulej baisan nuhur, aav eejese nuutsar abort hiilgeched… Chi iim sonin yum chini medeej nuhur chini salsan l bh l daa. Daraa ni yasan?, gantsaardaad neg teneg yumtai uulzaad haygdsan uu?. Ehniiheesee uhaarahgui ahiad huuhedtei boloh?.
    Odoo tsug baigaa nuhriig ni uruvduv.
    Uneheer oilgon chadsangui ene huniig.p

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close