"Утсан загас" брэндийг үүсгэсэн Б.Ганчимэг: Загас миний амьдралын нэг хэсэг. Хүн хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулах учиртай
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум орохын наана "Шаамар-6" гэх самбарын дэргэд 12 жилээ зогсож буй түүнийг Б.Ганчимэг гэнэ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон утсан загасыг анхлан Оросуудаас сурч нутагшуулжээ. Түүнд олон шавь нар бий. Шавийн шавь нар нь бүр тоогоо алджээ.
1990 онд оросууд түүнд загас хэрхэн утахыг заасан аж. Тэр цагаас хойш өдийг хүртэл загас утах ажлаа орхилгүй Сэлэнгэ аймгийн брэнд болгож чадсан байна. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Орос хүнээр загас утахыг заалгаж байсан. Одоо 30 гаруй жил болсон байна-

-Хамгийн анх загас утахыг сурсан хүн таныг гэлцэх юм. Олон шавьтай, Сэлэнгэ аймгийн брэндийг үүсгэн байгуулсан гэж сонслоо?
-1990 онд бид нар голоос загас бариад оросуудад зардаг байлаа. Олон ч айлын амьдралын залгуулж байсан даа. Тухайн үед надад нэг орос хүн "Чимэгээ загасыг чинь утах ёстой. Тэгвэл амттай болдог юм" гэж хэлсэн нь миний сонирхлыг их татсан. Улмаар гэрт нь дагаад очтол пошинк дотор загасаа хийгээд утаж байсан юм. Миний орос хэл муу учраас тухайн үед бага зэргийн л дохиогоор ойлголцож чадсан. Утсан загас 2020 оноос Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон доо.
-Тэгээд загас утаж сурсан байх нь?
-Загасыг утдаг гэдгийг мэдсэн хүн чинь хийж үзнэ биз дээ. Манайд пошинк байхгүй болохоор ширмэн тогоо нь дотор анх туршиж үзсэн. Нөгөө оросоосоо сурсан жороороо амтлаад л эхэлж байлаа.
-Та утсан загасыг Сэлэнгэ нутгийн брэнд болгосон хүн. Мөн олон ч хүнийг зааж сургасан. Танд ер нь хэдэн шавь байна вэ?
-Тоолоод байдаггүй юм. Наашаа гэсэн олон ч хүнд зааж өгсөн дөө. Тоолно гэж байхгүй биз. Шавь ч гэж ярих би дуртай биш. Сонин байдаг юм. Мэддэг зүйлээ л ойр саахалтын хүмүүстээ заасан хэрэг. Гэхдээ утсан загасыг одоо хаана ч хийдэг болсон. Эрдэнэт аймагт хүртэл хийж байгаа гэсэн сураг сонссон. Надаас сурсан хүмүүс цааш нь зааж явсаар тархчихдаг юм байх.
-Утах процесс хэр удаан үргэлжилдэг вэ. Амархан ажил гэж байхгүй. Загас утах хэр хүнд хөдөлмөр бол?
-Эхлээд загасчдаас загасаа худалдаж аваад л эхэлнэ шүү дээ. Усны амтыг нь арилгахын тулд давстай 10 литр усанд хийж нэг хонуулна. Дараагаар нь 1-2 цаг чанаж болгоод мөн усанд сойно. Улмаар амтлаад 1-2 цаг шараад л бэлэн болно доо. Амар хөдөлмөр гэж мэдээж байхгүй. Олон жил нэг ажлаа хийгээд байхаар гарт орчихдог юм байна. Одоо бол загаснаас өөр юм хийж чадахгүй. Загасыг чанаж, шарж, утаж, амталж чадна. Амьдралын минь нэг хэсэг болчихсон гэхэд хилсдэхгүй.
-Загасыг хүнсэнд хэрэглэхийн ач тус их үү?
-Маш их. Загасны тос чинь бүхэлдээ омега-3 витамин шүү дээ. Оросууд төрсөн хүнд загасны шөл хийж өгдөг юм билээ. Бид нар хонины махаар шөл хийдэгтэй адил. Ядарсан үед загасны шөл уухад сайхан болоод ирнэ шүү дээ. Дүрсийг нь хүртэл шараад иддэг.
-Үүсгэсэн брэндээ цааш нь томруулж, өргөжүүлэх зорилго байгаа байх?
-Намайг дэмжиж, хамтрах хүн байвал загасаар хуушуур, бууз зэрэг хоол хийвэл гэсэн бодол байдаг. Мах үнэтэй өнөө үед байж болох л санаа гэж боддог. Санаж явахад бүтэх байлгүй дээ.
-"Шаамар-6" гэх салбар дээр ирээд хэдэн жил болж байна. Таныг энд их удаж байгаа гэж сонссон?
-Хүмүүс хаа холоос таны загасыг л идье гээд ирээд байдаг юм. Бодвол амттай байдаг болоод тэр байх. Намайг "Шаамар-6"-ын эгч гэдэг. Миний нэрийг мэдэхгүй болохоор. Тэгээд "шаамар-6"-ын эгч дандаа инээдэг гэнэ. Яг үнэндээ би дандаа инээдэг биш дөрөв, таван сарын үед хөл даараад зогсож байгааг инээж байна гэж бодоод байдаг.
-Хавар эндээ байдаг юм уу?
-Дөрвөн сараас 10, 11 сар хүртэл байна. Хавар, намартаа жиндэж даарна шүү дээ. Хүн амьдралын төлөө хичээж, хөдөлмөрлөх л ёстой. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулж байж л амжилтад хүрнэ. Энд 12 жил болж байна. Шаамар сумын 90 жилээр байлаа, 100 жил нь боллоо бас л байж байна. Удахгүй мухлагаа улам өргөжүүлээд сайжруулна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадаас авчирдаг хүмүүс хаагуур зараад байдаг вэ?
Нутгийн улс хятад загас гээд огт авдаггуй , авахуулдаггуй юм бна лээ дээ