Ираны дайн хурцадсанаар дэлхийн эдийн засаг стагфляцад орох эрсдэл дахин яригдах боллоо
Ойрх Дорнод дахь мөргөлдөөн хурцдаж дэлхийн эдийн засаг стагфляцад орох уу гэх яриа дахин гарч ирэв. Стагфляц гэж эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орохын зэрэгцээ инфляц өсөхийг хэлдэг.
Зургаадугаар сард АНУ болон Иран нар дайныг дуусгах харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурсан нь дэлхийн эдийн засаг стагфляцын эрсдэлээс зайлсхийхэд тусална гэх хүлээлт үүсгээд байсан. Гэвч энэ сард Ойрх Дорнод дахь нөхцөл байдал дээрдэхийн оронд муудав. Газрын тосны үнэ буцаад 100 ам.доллар хүрч, Европын холбоонд байгалийн хийн үнэ гуравдугаар сараас хойших хамгийн том сарын өсөлтөө үзүүлэхэд ойрхон байна.
Дэлхий даяар инфляц өсөх эрсдэл нэмэгдсэн тул засгийн газрууд бонд гаргаж, зээл авах зардал сүүлийн хэдэн жил үзэгдээгүй өндөр түвшинд хүрчээ. Мөн АНУ-ын үүсгэсэн худалдааны маргаан хэрэглэгч, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна. АНУ баасан гарагт /2026.07.24/ дэлхийн улс орнуудад 10-12.5 хувийн гаалийн татвар шинээр ногдуулсан юм.
"Amundi Investment Institute"-ийн макро эдийн засгийн албаны дарга Алессиа Берарди "Гуравдугаар сараас хойш улс бүрийн эдийн засагт стагфляцын эрсдэл янз бүрийн хэлбэрээр байсаар ирсэн" гэжээ. Ираны дайн өргөжиж, Улаан тэнгисийн хөдөлгөөнд нөлөөлж эхэлсэн нь стагфляц үүсэх эрсдэлийг гарцаагүй нэмэгдүүлж байна гэж тэр нэмж хэлсэн байна.
Ойрын хугацаанд инфляц ямар байх нь газрын тос, байгалийн хийн үнээс шууд хамаарна. Вашингтон, Техран анхан шатны тохиролцоонд хүрсний үр дүнд долоодугаар сарын эхээр Брент маркийн газрын тосны үнэ 70 ам.доллар хүртэл буураад байсан юм. Брент нь дэлхийн газрын тосны жишиг үнэ болж өгдөг.
Гэвч Йемен дэх хуситууд өнгөрсөн долоо хоногоос Улаан тэнгист Саудын Арабын газрын тос тээвэрлэгч онгоцнууд руу халдаж эхлэв. Үүнээс болон газрын тосны үнэ дахин 100 ам.долларт хүрсэн юм. Одоо дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн хамгийн чухал хоёр цэг болох Ормузын хоолой, Улаан тэнгисийн хөдөлгөөн сааталд зэрэг ороод байна.

Газрын тосны үнэ энэ сард бараг 40 хувиар өссөн нь гуравдугаар сараас хойших хамгийн том сарын өсөлт болоход ойрхон байгаа юм. Европын байгалийн хийн фьючерс үнэ мөн адил өсөж, гуравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшиндээ хүрлээ.
Инфляцын хүлээлт ямар байна вэ?
Хоёр долоо хоногийн өмнө гарсан АНУ-ын зургаадугаар сарын инфляцын мэдээлэл хүлээлтээс доогуур байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний үнэ өссөн тул АНУ, Япон, Герман зэрэг орнуудын засгийн газрын бондын өгөөж огцом өслөө. Өгөөж өснө гэдэг нь бондын эрэлт буурч байна гэсэн үг.
Одоогийн байдлаар зах зээлийн инфляцын хүлээлт багахан өөрчлөгдөөд байгаа ч цаашид нөхцөл байдал дордож магадгүй юм. "Сiti" банкны шинжээч Кристиан Касиков хэлэхдээ, өнгөрсний туршлагаас харахад хөдөө аж ахуй болон эрчим хүчний түүхий эдийн үнийн хэлбэлзэл зах зээлд шууд тусгагдалгүй хоцрох тохиолдол байдаг гэжээ.
"Kpler" фирмийн тооцооллоор бол дэлхийн бордооны гуравны нэг нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг. Ормузын хоолойн хөдөлгөөн сааталтай байгаа учир хүнсний үнэ удаан хугацаанд өндөр байж, хөгжиж буй орнуудын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Үүнээс гадна энэ жилийн Эль Ниньо байгалийн үзэгдэл мөн үнийг өсгөж байгаа аж.
Иймээс төв банкнууд үнийн өсөлтийг дарахын тулд бодлогын хүүгээ дахин нэмнэ гэж арилжаачид таамаглах болжээ. Тухайлбал Европын Төв банк оны эцэс гэхэд бодлогын хүүгээ хоёр удаа нэмнэ гэж тэд таамаглаж байна. Тус банк өнгөрсөн долоо хоногт хүүгээ хэвээр үлдээсэн ч мөнгөний бодлогоо чангаруулж магадгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Хоёрхон долоо хоногийн өмнө АНУ бодлогын хүүгээ нэмнэ гэх хүлээлт буураад байсаан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдлөө. Ирэх жилийн нэгдүгээр сар гэхэд Холбооны нөөцийн сан хүүгээ хоёр удаа нэмнэ гэж шинжээчид таамаглаж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-ын инфляц ХНС-гийн 2 хувийн зорилтот түвшнээс дээгүүр хэмжээнд байлаа.
Европ шиг эрчим хүч импортолдог орнуудын гол асуудал нь бодлогын хүүг нэмэх үед эдийн засгийн өсөлт саардагт оршино. Эрчим хүчний хямрал эдийн засагт хохирол учруулж байхад хүүг нэмбэл нөхцөл байдал улам хүндэрнэ.
"Morgan Stanley"-гийн шинжээч Эндрю Шитс хэлэхдээ "Европын Төв банк газрын тосны үнийн өсөлтөөс үүсэлтэй инфляцын эсрэг хүүгээ нэмэхэд АНУ-ын Холбооны нөөцийн сангаас илүү бэлэн байгаа харагдаж байна" гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ "Энэ нь Европт давхар цохилт болж магадгүй. Учир нь нэг талаас эрчим хүчний үнэ өсөж, нөгөө талаас төв банк мөнгөний хатуу бодлого баримтлах нь санхүүгийн нөхцөл байдалд давхар дарамт авчирна" гэсэн юм.
Газрын тосныхоо ихэнхийг Персийн булангаас экспортолдог Азийн орнуудын нөхцөл байдал нэлээд эмзэг байна. Ялангуяа Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн орнууд газрын тос өндөр үнээр худалдан авахад маш хүнд байгаа аж.
Дэлхийн банкны ахлах эдийн засагч өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлагт хэлэхдээ дайны улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 2.9 хувь байсан бол энэ жил 1.3 хувь хүртэл буурч магадгүй гэжээ. Өөрөөр хэлбэл стагфляцын нэг хэсэг болох эдийн засгийн өсөлт саарах аль хэдийн үзэгдэж эхэлж байж магадгүй юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.