Оюутолгойн ил уурхай дээр Д.Гарамжав агсны хөшөөг сүндэрлүүллээ

Оюутолгойн ордыг нээлцэхэд гол үүрэг гүйцэтгэсэн геологич, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав агсны дурсгалыг мөнхлөн Оюутолгойн уурхайн цогцолборын ил уурхайг “Д.Гарамжавын нэрэмжит ил уурхай” хэмээн нэрлэж, ил уурхай дээр хүндэтгэлийн гэрэлт хөшөө сүндэрлүүллээ.

УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд хэлсэн үгэндээ “Дондогийн Гарамжав агсан зөвхөн Оюу толгойн ордыг нээхэд төдийгүй Эрдэнэтийн ордын хайгуулын ажилд оролцож явсан, эх орныхоо зэсийн нөөц боломжийг судлах, нээж илрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэр хүндтэй геологич байсан гэдгийг мэргэжил нэгт геологичид, уурхайчид дурсан санаж явдаг юм. Тэрээр Монголчуудаас анх удаа олон улсын хамгийн нэр хүндтэй “Тейер Линдсэйн нэрэмжит шагнал”-ыг Оюу толгойн ордыг нээлцсэний төлөө хүртэж байсныг хэн бүхэн санаж байгаа байхаа. Мөн тэрээр олон арван эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвиж байсан эрдэмтэн хүн байлаа.

Түүний геологи, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж Аж үйлдвэрийн гавъяат ажилтан хэмээх хүндтэй шагналаар шагнаж байсан. Дондогийн Гарамжав агсны замналын дагуу залуу геологичид, уурхайчид Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт гүн итгэлтэй байна.” гэлээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав нь 1967 онд МУИС-ийг зураглалын инженер, геологич мэргэжлээр дүүргээд Чойрын Геологийн удирдах газраас ажлын гараагаа эхлүүлснээс хойш хагас зууны турш эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, “зэсийн Гарамжав” хэмээн геологи, уул уурхайн салбартаа алдаршсан юм. Энэ насны амьдралаа эрдэс баялгийн эрэлд зориулсан тэрбээр Эрдэнэт, Цагаан суварга, Дорнод Монгол, Завханы Оюут толгой, Өмнөговийн Оюу толгойн бүлэг ордод хайгуул, судалгаа хийж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.