С.Зориг агсны хөшөөг шөнөөр ачсан гурвал ба Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг өнгөрөгч зун Х.Баттулгын АН дахь фракцболох МоАХ-ны хашаа руу зөөсөн хэрэг явдал өрнөсөн. Хөшөө байрлаж буй газар нь "Бодь"-ийн Д.Баясгалангийнх нь агаад, утгачилбал банкны эзэн газраа чөлөөлсөн болж таарсан. Тийн чөлөөлөхдөө Д.Баясгалан Гашуун сухайт-Тавантолгойн чиглэлийн төмөр зам барихад нь Төрийн тэргүүн байсан Х.Баттулгын эзэмшил рүү ачуулсан нь тэр байв.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хавар Д.Баясгаланг Гашуун сухайт-Тавантолгойн чиглэлийн төмөр зам барихтай холбогдуулан, 110 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 391 тэрбум төгрөгийг улс төрийн хүрээний 10 хүрэхгүй хүнд авлига болгон өгснийг нь зарласан. Улмаар АТГ-т өгсөн мэдүүлэгтээ уг авлигыг авсан гэх улс төрчдийг толгой дараалан нэрлэж, баримтаар видео бичлэг өгсөн гэгдэв.
Үүн дээр Д.Баясгалангийн Гашуун сухайт-Тавантолгойн чиглэлийн төмөр замын төслийг удирдсан А.Амундра хуулийн хамгаалалт дор гэрчийн мэдүүлэг өгөхөөр эх орондоо ирэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн удаа ч бий.
Гэсэн ч АТГ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрлэсэн улс төрчдөөс мэдүүлэг авч хэргийг хөөсөн зүйл үгүй. А.Амундра ч монголд ирэх нь тодорхойгүй болж, хаврын улс төрөөр МАН-ын 30\35-ын бүлгүүд Засгийн газрын нэг танхимд дотоод хэрүүлээ арайхийн барьж, өнгөрөөцгөөв.
Д.Баясгалангийн тараасан гэх 110 сая ам.доллараас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ,
- Б.Энхбаярт А.Амундра $500 мянга, Д.Сумьяабазарт $800 мянгыг өгсөн, \нийт 1.3 сая ам.доллар буюу 4.6 тэрбум төгрөг\
- Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар 25 сая ам.доллар буюу төгрөгөөр 89 тэрбум төгрөгийг авсан гэдгийг ил тод зарласан нь бий.
Эхнээсээ ингээд хэн хэдийг авсныг шуудхан зарлаж, тэр нь түймэр шиг л нийгэмд гал ноцоохоор байсан өрнөлийг дарж авах, унтуулах шаардлага эрх мэдэл атгаж буй хэсэгт нь үүссэн харагддаг. Ингэснээр,
- "Би гарч бүхнийг ярина" гэх тулгалтыг хийсээр Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын суудлаа ЗГХЭГ-ын дарга болгон ахиулж,
- Уг асуудлаарх сонсголыг УИХ-ын түвшинд ахлах Н.Номтойбаяр Шадар сайд болж,
- Ерөнхийлөгчид хотын дарга асан Х.Нямбаатар "Би намын дарга болохгүй" гэх бичиг хийж өгч, гадагшаа "цөлөгдсөн",
- Д.Сумьяабазарын "Би Б.Энхбаярыг Д.Баясгалантай уулзуулсан нь үнэн" гэх постын хүрээнд Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүдийг эгүүлэн татаж шалгах асуудлыг царцаасан зэрэг үйл явцууд өрнөсөн.
Нэг ёсондоо МАН дотор хавар өрнөсөн дайнд одоогийн томчуудад хор хөнөөл учруулахуйц мэдээлэлтэй, шүгэл үлээж чадах тал нь алсуураа дийлж, хүчтэй тал нь мэхийсэн логик харагддаг. Эдгээр өрнөл дунд Ерөнхийлөгчийн институцын нөлөө орж чадаагүй, ганц чухал томилгоо өрнөсөн нь Ерөнхий шүүгчээр салбартаа шударга, зарчимтайгаараа алдартай Ц.Цогт томилогдсон явдал байв.
Хоёр талаасаа юу юугүй гал аваад, пижигнэж мэдэхээр байсан МАН-ын хэрүүл дунд АН-ын дарга асан, УИХ-ын дарга асан З.Энхболд ял авч, дараа нь суллагдсан нэг кэйс гарч ирсэн.
Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард "Хэвтээ тэнхлэгийн төмөр замаа дуусгахын тулд У.Хүрэлсүхийн ГУЙЛТААР "Бодь"-ийн төмөр замыг оруулсан гэж Х.Баттулга надад хэлж байсан" гэж ярьсныхаа дараа хэдэн жил шүүхээр явсан хэргээрээ 2 жилийн ял авсан. Харин суллагдахдаа Х.Баттулгаар дамжуулан төрийн тэргүүнтэй холбогдсон гэх яриа хөвөрсөн юм.
Энэ бүх үйл явц дунд нэг тодорхой зүйл байгаа нь, Д.Баясгалангийн 10 хүрэхгүй улс төрчдөд өгсөн гэх 110 сая ам.долларт өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүх ч, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга ч холбогдох нь тодорхой. Ерөөс тэд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн статусаас төмөр замын асуудлаар нам гар барьж, хэн хэндээ найр тавьсан он жилүүд бий.
У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын ингэж сүжирсэн цагт Д.Баясгалан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барингуутаа үргэлжлүүлээд Богдхан төмөр замын төслийг авч байв. Нэг ёсондоо Б.Дэлгэрсайханы автортой Зүүнбаян-Хангиас бусад томоохон төмөр замын төслийг Д.Баясгалан хамж байсан цагт У.Хүрэлсүх, Х.Баттулга төрийн өндөрлөгөөр ажиллаж байв.
Тэдний холбогдож болох сэжим Д.Баясгаланг У.Хүрэлсүхтэй нийлүүлж ярьснаар шоронд сууж, дараа нь Х.Баттулгаар яриулж суллагдсан гэх З.Энхболдын туулсан хоржоонтой замаар ч харагдана. З.Энхболд шоронгоос суллагдаад, тав хоногийн дотор С.Зориг агсны хөшөөг шөнөөр ачсан кэйс гарсан.
Энэ нь "Бид ер нь хүссэнээ хийчихнэ ээ, 110 сая ам.долларын сонсгол болно гэж бодож байна уу" гэж тохуутайгаар инээсэн манай томчуудын мессеж гэлтэй л өрнөсөн. Шөнөөр нүүлгэж одсон С.Зориг агсны хөшөөг хотын дарга, тэдний хүслээр томилогдсон шавилхан залуу буцааж авчраад сууринд нь тавьчхаж чадна. Гэхдээ өөрөөр Д.Баясгаланг, Х.Баттулгыг ч, У.Хүрэлсүхийг ч хөдөлгөж чадахгүй гэдгийг битүүдээ л нэг ойлгоцгоосон үйл явц өрнөсөн билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.